2013.4.9.
“Хообий сургуульд сурах дургүй юм бол энд ор” хэмээн аав нь охиныг зандраад, 25 дугаар тусгай сургуулийн зүг авч явах гэв. 2-3 дугаар ангийнх болов уу гэмээр булцгар охин уйлж, аавынхаа гараас чангаах аж. Айлын эрх бяцхан охин бодвол энүүхэн хажуугийн “Хообий” сургуулийн сурагч, хичээл номондоо жаахан залхуурсан биз ээ. Аав нь охиныг хашраах санаатай, 25 дугаар сургууль руу зааж байна…
25 дугаар сургууль хэмээх нь тийм хүүхэд аймаар газар гэж үү?
Бүүдгэр хонгилоор орж, нэгдүгээр давхрын шар модон шалны халцархай ханзархайд эвгүйцэн дээшээ гарлаа. Шатны хажууханд долоо, найман тэргэнцэр байна. Тэргэнцэртэй хүүхдүүд зөвхөн доод давхартаа, нэг танхимд хичээллэдэг болов уу, ямар ч гэсэн шатаар тэргэнцэртэй гарах боломжгүй юм.
Ангийн хаалга онгойж, хүү гэрийнхнээ хүлээж буй бололтой, булталзаад буцаж ороод л байна. Тусгай сургуулийн хүүхдийн эцэг эх гэдэг үнэхээр “тусгай хувь зохиолтой”хүмүүс. Бие даан олны дунд орох чадваргүй хүүхдээ хаа ч явсан хөтөлж дагуулж, аргадаж, ам хамрыг нь арчиж, амьдралын наад захын зүйлд сургах гэж энгийн зүйлийг ч хэдэн зуу давтаж заасан хүмүүс. Хүүг ангийн хаалгаар булталзах үед хажуугаар нь багш явж таарав. “Битгий маамаа гэж яриад байгаарай…хүүхэд гэж хэл…” хэмээн мөнөөх багш хүүд санууллаа. Бие өсгөлүүн авч оюуны хөгжил тааруу тус сургуулийнханд алхам тутамд нь амьдрах ухаан суулгах гэж багш нар уйгагүй ажилладаг.
“Энэ бол ёстой жинхэнэ атамануудын анги” гээд тэргэнцэр үүдэнд нь эгнүүлсэн ангийн зүг багш заалаа. Атаман гэдэг нь орилж хашгирдаг, хүнд оноштой хүүхдүүдийг хэлж буй бололтой. Голдуу тэргэнцэртэй, нас бие харилцан адилгүй жаалуудыг хаалганы завсраар цухас харав. Өдөр өнжүүлэх маягаар эцэг эх нь ийм хүүхдээ үлдээдэг болов уу.
Зорьж ирсэн анги маань хоёрдугаар давхарт. Даунтай хүүхдүүд мөн л нас, бие адилгүй, гэхдээ ганц жижиг өрөөндөө бөөгнөж, голдуу үүдээ түгжих аж. Хүүхдүүд гараад явчих, эсвэл сониуч жаалууд хаалга онголзуулаад ч байдаг биз. Генетикийн өөрчлөлттэй хүүхдүүд буюу 47 хромсомтой төрсөн алдрай үрс байна. Бүгд царай, төрх ижил. Хүн 46 хромсомтой төрдөг бол даунтай хүүхдүүд илүү хромсомтой. Ингэсгээд нарийн тайлбарыг орхиё. Сайн ойлгохгүй юм, ойлгох ч хэрэг надад байхгүй. Гол нь даунтай хүүхдүүд Монголд олон бий. Яг тоог нь хэн ч мэдэхгүй. Монгол улс ховор өвчинтэй хүүхдээ бүртгэх нь байтугай, хамгийн энгийн эмнэлгийн тусламжийг ч бяцхан үрсдээ хүртээж дийлэхгүй байна. 2008 онд Монголын Дауны холбоо байгуулагдсанаас хойш 129 хүүхэд бүртгүүлжээ. Хөдөөд, хүүхдээ дауны оноштойг нь үл мэдэх, зүгээр л оюуны хомсдолтой гэж ойлгоод, бусдаас нуугаад, гэртээ байлгадаг айлууд хэчнээн олон бол? Даун гэдэг удамшлын өвчин биш, эцэг эхийн хэн нь ч энд буруугүй. Мянгад нэг тохиолддог ховор өвчлөл. Гэхдээ ийм хүүхэдтэй хүмүүс ямар нэг зүйлд өөрсдөө буруутай мэт амьдарсаар сурчихсан харагддаг. Орчин, нийгэм маань хатуу учир хүний бяцхан үрийн, эцэг эхийн зовлонг ойлгодог нь ховор.
“Үр хүүхэдтэй хүн болгонд” цувралын эхний хэсэг нэгдүгээр сарын 22-нд цацагдсаны дараа маш олон захидал уншигчдаас хүлээн авсан. Манай улсад хүнд ховор өвчинтэй хүүхэд ямар олон байгааг, тэдний гэр бүлийнхэн чадах ядахаараа хатуу хувь заяаг сөрөн үр хүүхдээ чирсээр явааг тэдгээр захидлаас мэдэрсэн билээ. Зөвхөн 25 дугаар тусгай сургуулийн жишээн дээр харахад мэдрэлийн гаралтай олон төрлийн өвчнийг Монголд оношилж чаддаггүй, тэдгээр хүүхдийг нэг сургуульд бөөгнүүлээд “Тусгай дунд сургууль” гэсэн хаяг зүүчихдгийг харж болно. Сэтгэцийн хүнд оноштой хүүхэдтэй зэрэгцээд, нөхөн сэргээх зөв эмчилгээ хийвэл дороо үр дүн гарахуйц хөнгөн өвчлөлтэй багачууд хамт сурч байна.
Нийслэлийн төвийн 4 дүүрэгт тус бүр нэг Тусгай сургууль бий. Тус бүртээ ачаалал өндөр. Багш цөөн. Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай сургууль гэхэд 500 хүүхэдтэй, 50 багштай. 25 дугаар сургууль 200 орчим сурагчтай гэсэн. Японы тусгай сургалттай сургуулиудад нэг хүүхдэд гурван багш хичээл заадаг гэнэ. Хэл заслын, нөхөн сэргээх эмчилгээний, ерөнхий эрдмийн гэхчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй харилцдаг тусгай мэргэжилтнүүд байх аж. Хөгжлийн бэрхшээлтэй болон оюуны хомсдолтой хүүхдэд хамгийн үр дүнтэй сургалт болох нөхөн сэргээх эмчилгээ хийдэг газар Монголд байхгүй. Онош нь тодорхойгүй олон олон хүүхдийг “Тусгай” сургуулиудын бүүдгэр саарал байшинд чихсээр, он жил улирсаар иржээ.
Нийслэл дэх хэд хэдэн Тусгай сургуулиар орж, багш, захирлуудтай, эцэг эхтэй, хүүхдүүдтэй ярилцаж байхад тэдний хүсэл их энгийн. “Сургуулиа ваакум цонхтой болгочих юмсан”, “Гаднаа тоглоомын талбай байгуулмаар байдаг”, “Хэл заслын багш олон байгаасай, хүүхдэд багш хүрэлцэхгүй юм”, “Манайхыг эсвэл Эрүүл мэндийн яам, үгүй бол Боловсролын яам нь хариуцаасай”, “Модон шалаа сольчихвол…”, “Тэргэнцэртэй хүүхдийн ариун цэврийн өрөөтэй болох юмсан” “Өдөр өнжүүлэх хүрэлцэхгүй юм”, “Сэтгэл зүйч багш хэрэгтэй байгаа”, “Орчин үеийн сайн сурах бичиг хэрэгтэй”, “Хөдөлмөр сургалтын танхимаа шинэчлэхсэн” гэх мэт маш энгийн, сэтгэл байвал аль ч Засгийн үед хялбархан шийдчихүйц зүйл ярьдаг.
Тусгай сургуулиудаас харьцангуй тохитой нь 29 дүгээр сургууль юм гэж санагдсан. Хэл, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг. Тохитой гэдэг нь орчин үеийн тохижилттой гэсэн үг биш. Нөгөө л хорь, гучин жилийн өмнөх ширээ сандал, анги танхимтай хэвээрээ. Гол нь сэтгэл гаргаж, эв донжийг нь олж будаж засч сэлбэсэн, хуучин ч гэсэн цэвэрхэн л гэсэн үг. Гаднаа ганц аятайхан сандал сүүдрэвч үгүй, харваас хөрөнгө санхүү байнга дутагддаг дүр зураг Тусгай сургуулиудын нэрийн хуудас болжээ. 29 дүгээр сургууль руу ордог ганц нарийхан гарц бий. Нэг машин багтах тэр нарийн замаар зөвхөн 29 дүгээр сургуулийнхан төдийгүй, өөр хоёр сургууль, нэг цэцэрлэгийн хүүхдүүд өглөө хичээлдээ явдаг. Зам талбайг өргөтгөх боломж мэдээж байгаа. Гарцыг нь зүгээр л 100 айлын барилгын материалын хэдэн дэлгүүрийн наймаачид замбараагүй өрсөн чингэлгээрээ хааж орхисон байна. Ер нь 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдийг хотын зах руу нүүлгэж, энд байрладаг Хүүхдийн нэгдсэн 2-р эмнэлэг, олон сургууль, цэцэрлэгийг амар тайван, цэвэр орчинтой болгох цаг болсон. Хотын дарга шийдвэр гаргаж, далайцтай ажил өрнөх хүртэл нь сэтгүүлчид шахаж шаардаж ажиллаасай хэмээн уриалмаар байна.
Тусгай сургуулийн багш бэлтгэх ажил мөн л хаягдсан. Гэтэл нийгэмд хэрэгцээ нь маш их. Хүн амын хэт төвлөрөл, экологийн сүйрлийн үр дагаварт орчин үеийн хүүхдүүдийн хэл ярианы хөгжил хоцрох эмгэг олонтаа тохиолдож байгаа гэнэ. Тиймээс Багшийн сургуулийн 300 төгсөгчөөс судалгаа авахад 120 нь хэл ярианы гажиг заслын багш болох сонирхолтой хэмээн хариулжээ. Тусгай сургуулийн багш нар 30 хувийн нэмэгдэл цалинтай. Гэхдээ асар тэвчээр шаардсан ажил болох нь тодорхой. Хэл ярианы гажиг заслын багшийн нэг ангийг дөрвөн жил тутамд төгсгөхөөр шийдвэрлэж буй сураг саяхан гарсан.
Хөгжлийн болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төрийн бодлого үгүйгээс үүдэн Тусгай сургуулийн хаалга сахисан “сургуульгүй” багачуудын тоо жил ирэх тусам олширсоор байна. Өндөр хөгжилтэй орнуудад ийм хүүхдийг аль болох энгийн сургуульд, хэвийн хөгжилтэй хүүхдийн орчинд оруулж, ерөнхий эрдмийг нь тусгай хөтөлбөрөөр, харин дуу хөгжим, зураг урлал, биеийн тамирын хичээлд ердийн багачуудтай хамт сургадаг. Олны дунд байгааг нь мэдрүүлж, “чи бусдаас өөр” хэмээх хар тамгыг бяцхан зүрхэнд нь үлдээхгүйг нийгмээрээ хичээдэг гэсэн үг. Даунтай хүүхдийн хүүхэлдэйг Америкт үйлдвэрлэж, өөртэйгээ яг адилхан тоглоом барьсан охины зураг сайтуудаар саяхан цацагдсаныг уншигчид санаж буй биз ээ.
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан төв жишээ нь БНСУ-д 21 орчим бий. Сурах, нөхөн сэргээх эмчилгээ хийх, өдөр өнжүүлэх гэсэн цогц тусламжийг тэдгээрт олгодог аж.
Хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хомсдолтой хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, сургууль, эмнэлэг, нөхөн сэргээх төв Монголд байхгүй учир энд тэнд хүүхдээ чирсэн ээж аав нар бие биесээсээ сургалт сураглана. Тэнд очсон авахгүй, энд очихоор нас нь хэтэрсэн гэж байна, энийгээ одоо хаана сургана аа гэцгээсэн улсууд байх аж. Манай улсад тусгай сургууль хүрэлцдэггүй, хүүхдийн мэдрэлийн төрөлжсөн эмнэлэг байхгүй. Гэтэл тархины төрөлхийн болон механик гэмтэлтэй хүүхдийн тоо олширсоор байна.
Улсын хэмжээнд Эх нялхсын төвд Хүүхдийн мэдрэлийн тасаг ажилладаг. Гэхдээ тэнд наад захын оношлогоо хийлгээд гарах төдий. Учир нь байнгын их ачаалалтай. Ганц тасаг нь менингит зэрэг халдварт өвчинтэй хүүхдүүдийг давхар хүлээн авч байна.
Мэдрэлийн гаралтай янз бүрийн өвчин бий. Тархины саажилт, эпилепс, отизм гэхчлэн олон төрлийн өвчний чухам аль нь болох, ямар эмчилгээ шаардлагатай гэдгийг ялгаж салгах эрүүл мэндийн үйлчилгээ Монголд байхгүй. Зөвхөн отизм гэхэд дэлхий дахинд сүүлийн аравхан жилийн дотор тархалт нь арав дахин нэмэгдсэн гэдэг. 150 төрөлт тутам нэг отизм оношлогдож байна гэсэн үг. Эдгэнэ. Гол нь эрт оношлох ёстой. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан уг судалгаа, хандлага Монголд ч бас хамаатай байж таарна. Хотжилтын үр урхаг болсон мэдрэлийн гаралтай өвчлөлүүд залуужиж байна. Гэтэл бодисын солилцооны нарийн шинжилгээ, тархины 24 цагийн цахилгаан бичлэг, хромсомын шинжилгээг Монголд хийдэггүй. Боломжтой нэг нь их хэмжээний зардал гарган Хятад, БНСУ, Япон зэрэг улсад хүүхдээ үзүүлдэг. Эрт зөв оношилж, төгс эдгээх боломжтой олон өвчнийг ужигруулах, улмаар хүүхдээ “Тусгай”сургууль бараадуулах нь манай улсад ердийн үзэгдэл болжээ. Тархины даралттай, хүчилтөрөгчийн дутагдалтай төрж буй нярайн статистикийг одоогоор хаана ч гаргаагүй байна. Яг ийм хүндрэлтэй төрсөн хүүхдүүд хожим мэдрэлийн гаралтай эмгэг тээгч болсоор байгаа билээ.
Насанд хүрэгсэд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжээ авах гэж ямар ч байсан Халамжийн байгууллагад бүртгүүлээд явдаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй болон оюуны хомсдолтой хүүхдүүдийг бүртгэх газар, санаа тавих хүн эцэг эхээс нь өөр үнэндээ алга. Сүүлийн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хувийн цэцэрлэг, сургууль нээх санаачлага цөөнгүй гарч буй гэнэ. Хэрэгцээ их байгааг мэдэрсэн бизнес. Бүр Буриад улсаас хэдэн багш ирж, отизмтой хүүхдийн цэцэрлэг байгуулж буй сургийг ч сурвалжлагынхаа явцад сонслоо. ОХУ-д отизм буюу ганцаардах гаж хэвшилтэй хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд огцом өсчээ.
“Гурвуулаа яаж уулзлаа…” хэмээн аав нь хүүгээсээ асууж байна. Тэр хоёр төөрсөн түүхээ ярьж өгсөн юм. Эрдэнэбилэг хүү даунтай. Төөрөөд, хүйтэн бороотой шөнө гадаа хоножээ. Хэл ярианы бэрхшээлтэй болохоор аав ээж нь хүүгээ яажшуухан яваа бол гэхээс маш их айж сандарсан биз ээ. Төөрч явахдаа “Номин” супермаркет ороод, тэрэг дүүрэн идэх юм, тоглоом цуглуулж аваад, кассан дээр “бичүүлэхээр ирсэн” гэнэ. Эрдэнэбилэг хүү хөгжилтэй, бусдын яриаг сайн ойлгодог бололтой. Хэдийгээр даунтай хүүхдүүд хоорондоо адилхан гэх боловч Оюуны хомсдолтой хүүхдийн нөхөн сэргээлтийн төвд цугласан багачууд тус бүрдээ онцгой. Энхжин охин сайхан зурдаг. Ирсэн хүн болгонтой эелдгээр мэндчилдэг. Энэ төвийг Монголын Дауны холбооныхон санаачлан тун саяхан байгуулсан юм. Хэл заслын сургалт явагдаж байгаа. Удахгүй зураг, бүжгийн хичээл орох гэнэ. Бүжгийн хичээлийг нь манай нэртэй балетчдын нэг бүсгүй заах аж. “Хурд” хорооллын 28 дугаар байрны гурван өрөө байранд ийнхүү Оюуны бэрхшээлтэй хэмээн нэрлэгддэг хэдий ч бидний үр хүүхдээс онцын ялгаагүй алдрай жаалууд жижигхэн хамт олон болчихсон, амьдралын ухаанд бага багаар суралцсаар байна. Тэднийг нааш ир гээд авах сургууль байхгүй. “Аль сургуульд өгнө дөө” гэсэн ижилхэн зовлонт бодол ээж аав нарынх нь толгойд эргэлдээстэй. Монголын төр одоогоор ийм хүүхдүүдийг хайхраагүй байна. Гэхдээ төрийн анхаарлыг энэ асуудалд зайлшгүй хандуулах ёстой.
Тусгай сургуулиудад капитал засвар хийж, нөхөн сэргээх төв болгон физик эмчилгээтэй нь цогцоор өргөжүүлэх учиртай. Ийм зүйлд хөрөнгө гаргахгүй юм бол “Эрүүл монгол хүн” гэж ярихын хэрэг юунд байна. Бурхан Халдун руу нисдэг тэргээр нэг удаа бууж суух зардлаар маш сайхан тоглоомын талбай байгуулчихна шүү.
Улсын хэмжээний тавхан тусгай сургууль маань Олон улсын байгууллагын тусламж царайчилж, анги танхимаа хагас дутуу будаж торддог. Тусгай сургуулиуд Эрүүл мэндийн яам, Боловсролын яамны алинд ч үл харъяалагдан, өдөр хоногийг арайхийн өнгөрөөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай сүүлийн үед овоо ярьцгаадаг болжээ. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн маань хэдхэн жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй бяцхан хүүхэд байсныг хэн ч санадаггүй. Эцэг эхээсээ өөр хэнд ч хэрэггүй мэт бяцхан үрс бидний дунд хэчнээн олон байна вэ.
“Үр хүүхэдтэй хүн болгонд” цувралын эхний хэсэг www.baabar.mn-ээр цацагдсаны дараа Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, Гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн тасгийг “Мөнгөн гүүр” хувийн эмнэлэгт түр шилжүүлсэн билээ. Сүүлийн хэдхэн сард болсон галын аймшигт хэрэг явдлуудын дараа хохирогчид мөнөөх “Мөнгөн гүүр”-т эмчлүүлж, анхны тусламж авч байлаа. Уг нь Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарынхантай цуврал уулзалт хийн, далайцтай шинэчлэлт хийх хүлээлт бий болгосон юмсан. Гэсэн ч өдийг хүртэл шийдсэн зүйлгүй. Нийтийн эрүүл мэнд, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд зориулж ямар их хөрөнгө оруулалт дутагдаж байгааг монголчууд сайн мэднэ. Иргэд өөр зуураа, бие биедээ тусалж, зовсон нэгэндээ сэтгэлийн дэм өгсөөр байна. Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан Эрдэнэцэцэг охинд боломжоороо тусалсан хүн цөөнгүй. Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Мөнхсоёл тэдний нэг бөгөөд Америкт байдаг найздаа хандан Эрдэнэцэцэгийн эмчилгээг тэнд үргэжлүүлэх боломжтой эсэхийг лавлаж өгсөн юм.
Төр, засгийн дэмжлэггүйгээр эрүүл мэндийн салбар эрүүлжих боломжгүй. Орос улсад отизм оноштой нэг хүүхдэд сар тутам 30-70 мянган рублийн төсөв баталбал бүрэн дүүрэн эмчилгээ хийлгэж чадна гэсэн судалгаа гарсан байдаг. Харин Монголын бяцхан үрсэд эмчилгээний зардал авах байтугай оношоо гүйцэд мэдэх боломж хаалттай байна. Эцэг эхээсээ өөр хүнд хэрэггүй, хүнд өвчтэй хүүхдүүд гэр зуураа өдрийг өнгөрөөсөөр байх уу?