2013.2.1.
Хүүхдүүдээ хөнжилд боож ороосон аавууд, хоолны халуун сав, цүнх уутаа тэвэрсэн ээжүүд санд мэнд түргэний машинд суув. Яаралтай тусламжийн дөрвөн машинд хүүхдээ тэвэрсэн эцэг, эх хуваагдан сууцгааж, хөнжил гудсыг нь эмнэлгийн ажилтнууд бөөгнүүлэн тэврээд хөдөллөө.
Түргэний машин дохио юугаа хангинуулаад сүртэй. Гэмтэл согогийг сэргээн засах үндэсний төвийн хашаанаас гарч, ойрхон байрлах “Мөнгөн гүүр” нэртэй хувийн эмнэлэг рүү эргэн орлоо. Гэмтлийн Түлэнхийн тасгийг ийнхүү хувийн эмнэлгийн шинэ тохилог давхруудад нүүлгэн оруулж байна. “Мөнгөн гүүр” нь аравдугаар хорооллын тойргоос холгүй орших, тод шаргал өнгийн том байшинд байрладаг аж. Гэмтэл согогийн хувийн эмнэлэг юм.
Гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн тасагт өвчтөний ор хүрэлцэхгүй, тохь тухгүй орчинд нярай, хөгшин хөвөөгүй чихэлдэн эмчлүүлж буй талаар сүүлийн арваад хоногт цөөнгүй мэдээлэл цацагджээ. “Тааламжгүй орчинд шарх хүртэл эдгэхдээ удаан” хэмээн Түлэнхийн тасагт хүүхдээ эмчлүүлж буй ээжүүд ярьж байсан билээ. Тэгвэл Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, Түлэнхийн тасгийн өвчтөнүүд эмнэлэг үйлчилгээний шаардлага хангасан саруул орчинд ийнхүү шилжив.
Өнөөдрийн байдлаар Түлэнхийн тасагт хэвтэж байсан 24 хүүхэд сахиуруудын хамт “Мөнгөн гүүр” эмнэлгийн гуравдугаар давхарт орлоо. Зарим ээж “Бид энд төлбөр төлөхгүй биз дээ” хэмээн “Мөнгөн гүүр”-ийн эмчээс асууж байна.
-Ямар ч төлбөр байхгүй. Бүх зардлыг улсаас гаргаж байгаа хэмээн залуу эмч хариуллаа.
Тасагтаа ариун цэврийн өрөөтэй, хөргөгчтэй. 3-4 өвчтөн нэг тасагт байрлах бололтой. Том цэлгэр цонхтой, халуу дүүгсэн сайхан орчинд багачууд иржээ.
-Түлэнхийд шаардлагатай бүр төрлийн эмчилгээ хийгдэнэ хэмээн залуу эмч үргэлжлүүлэн ярьсан юм. Өдөр 12.30 цагийн үед хүүхдүүдийн түрүүч ирсэн бөгөөд хөнжил гудсаа засч хараахан амжаагүй, шарх нь зовиурласан ганц нэг хүүхэд уйлж харагдсан боловч ээж аав нар сэтгэл амсхийсэн царайтай. “Мөнгөн гүүр”-ийнхэн тэдэнд үйлчлэн, Гэмтлийн түлэнхийн тасгийн сувилагч нар энд ирэх ёстой өвчтөнүүдээ бүртгээд ажил их.
Тус эмнэлгийн хоёрдугаар давхарт насанд хүрэгсэд тусдаа байрлах гэнэ. Тэднийг маргааш хүлээн авах бололтой. Түлэнхийн тасагт эмчлүүлж буй 50 орчим өвчтөн ийнхүү шаардлага хангасан орчинд тусламж үйлчилгээ авах боллоо. Тэдний дунд дөрвөн настай Б. Эрдэнэцэцэг охин ээжийн хамт байгаа. Дөрөв дэх удаагийн хагалгаанд арваад хоногийн өмнө орсон. Арьс нь жаахан удаан төлжиж байгаа, гэхдээ эмч нарын хяналт анхааралд байнга байгаа гэж ээж нь ярилаа.
Түлэнхийн тасгийнхан нүүж буй тухай гэрэл зургийн сурвалжлагыг “Гамма” агентлагийн зурагчин Б. Рэнцэндорж хийжээ. Хүүхдийн сэдвээр Б. Рэнцэндоржийн хийх цуврал фото сурвалжлага уншигч Танд цаашид ч хүрсээр байх юм. Бодит байдлын тухай ам дамжин ярихаас илүүтэй баримтат фото цувралаар харах нь илүү ихийг өгүүлэх нь дамжиггүй.
Монголчууд бяцхан үрсийнхээ эрүүл мэндийн талаар нэгдэн дуугарч, бодитой зүйл хийхээр сэтгэл ойрхон байгааг мэдрэх таатай байна. Түлэнхийн тасгийн эмчилгээ үйлчилгээг сайжруулахаар шуурхай шийдвэр гаргаж, ажил хэрэг болгосон Н. Удвал Сайдад талархал илэрхийлье. Эрүүл мэндийн салбартаа тогтолцооны шинэчлэл хийхээр эхний алхмууд хийж эхэлсэн Ерөнхий сайдад ч бас талархъя. Салбарын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх шийдвэрийг УИХ-аас удахгүй гаргана хэмээн нийгмээрээ хүлээж байгаа билээ. Асрагч, сувилагч, эмч, ээж аав, ахмад настан бүгдэд хэрэгцээтэй эмнэлгийн санхүүжилтийн, даатгалын, эмчилгээний шатлалын, урьдчилан сэргийлэх ажлын, боловсон хүчний, техник тоноглолын гээд бүх шатны шинэчлэлд их хэмжээний хөрөнгө гаргах цаг боллоо, УИХ-ын Гишүүд ээ.
Хуучин тасаг
Хуучин тасаг
Нүүдэл суудал
Шинэ тасаг