“ЗООС” БАНКНЫ ТОХИОЛДОЛ УЛС ТӨРИЙН НӨЛӨӨ БИЗНЕСТ ХЭРХЭН ТУСЧ БАЙГААГ ХАРУУЛСАН

2009 ОНЫ 11 САРЫН 30

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Саедтай ярилцлаа. 

-Дэлхийн банк Монголын уул уурхайн салбарт орж ирэх мөнгийг шохоорхож байгаа тухай мэдээллүүд гарах болсон шалтгаан юу вэ? Та ийм мэдээлэлд хэрхэн хандаж байна вэ?

-Зарим хэвлэл мэдээллээр өнгөрсөн хугацаанд гарсан зүйлсийг харж байхад өнөөгийн Дэлхийн банкны үүрэг роль ямар болох, бид танай улсад чухам ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэдэгтэй огт холбоогүй ташаа мэдээллүүд цацагджээ. Эн түрүүнд хэлэх зүйл маань Монгол улс нь Дэлхийн банкны нэг хувьцаа эзэмшигч. Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл 24 гишүүнтэй. Монгол улсын төлөөлөгч эдний нэг болон Захирлуудын зөвлөлд суудаг. Энэ энгийн тайлбараас манай байгууллага нь Монгол улсыг оролцуулаад, бусад хөгжлийн хамтын ажиллагааны түншүүдийг нэгтгэсэн байгууллага юм гэдгийг ойлгож болно. Тэгэхээр энэ бол нэгдүгээрт цэвэр гадны байгууллага биш. Хоёрдугаарт, нэгэнт Дэлхийн банк маань олон улс хамтран эзэмшдэг байгууллага учраас манай зорилго нь Монгол улсын Засгийн газрын хийж буй ажлыг дэмжихэд оршдог. Бид энэ дэмжих үйл ажиллагаагаа янз бүрийн эх үүсвэрийг ашиглан явуулдаг. Олон улсын хөгжлийн байгууллагын санхүүжилт гэдэг нь нэг ёсондоо хамгийн хямд өртөгтэй эх үүсвэр юм. Санхүүжилтээс гадна нэгэнт дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн байгууллагын хувьд олон улсын шилдэг туршлагыг түгээх үүргийг Дэлхийн банк хүлээдэг. Үйл ажиллагааны гуравдугаар чиглэл нь, улс орнууд бие даагаад Монгол улсад үйл ажиллагаа явуулах сонирхолтой, гэхдээ хүн хүчний хувьд боломжгүй тохиолдолд тэдгээр улсын Засгийн газрууд мөнгөө Дэлхийн банкинд байршуулаад, тус банкны төслийн сангаар дамжуулаад Монголтой хамтран ажиллах боломжтой болдог.

Дараагийн нэг онцолж хэлэх зарчим маань бид маш төвийг сахисан байгууллага. Хэн нэгний эрх ашгийг төлөөлөх, дэмжих биш, харин олон улсын түвшний сайн мэдлэг туршлагыг түгээх зорилготой. Дэлхийн хэмжээнд туршигдсан, амжилттай гэдэг нь нотлогдсон зөвлөгөө, сайн мэдлэгийг түгээдэг учраас бидний зөвлөгөөг тухайн улсын Засгийн газар нь дэмжсэн тохиолдол олон. Дэлхийн банкны зөвлөгөөг Засгийн газар нь хүлээж авахгүй тохиолдол ч байдаг. Монгол улсын Засгийн газартай хамтран ажилласан өнгөрсөн 19 жилд манай түншлэлийн харилцаанд аль аль тохиолдол нь байсан. Дэлхийн банк нь танай улстай хориод жилийн түншийн харилцаатай бол жишээ нь Япон, Франц, Герман гэх зэрэг олон улс оронтой бараг 50-60 жилийн түүхтэй хамтын ажиллагаа өрнүүлжээ.

Бид ашиг хөөсөн арилжааны банк биш, эсвэл зүгээр нөхцөл байдал сайжрахаар орж ирээд салбараа нээгээд нөхцөл байдал муудахаар гараад явчихдаг хувийн бизнесийн байгууллага ч биш. Сүүлийн хориод жилд танай улсад сайн сайхан үед ч, хүнд бэрхшээлтэй цагт ч ялгаагүй Дэлхийн банк үйл ажиллагаагаа тогтвортой явуулсан. Монгол улстай Дэлхийн банк хамтран ажиллаж эхэлсэн 1991 онд Улаанбаатар хотын цахилгаан станцуудад гэмтэл гаран зогсдог, гэрэл цахилгаан их тасардаг байсан.Тийм учраас Дэлхийн банкнаас үзүүлсэн хамгийн анхны тусламж нь цахилгаан станцын найдвартай үйл ажиллагааг хангах туслалцаа байлаа. Энэхүү тусламжийн үр дүнд станцуудын тоног төхөөрөмжийг сайжруулснаар гэрэл цахилгаан байнга тасалдахаа больсон шүү дээ. Дэлхийн банкны мэргэжилтнүүд ажиллаж эхэлсэн 1991, 1992 онд Улаанбаатарт хоёрхон ресторантай байсан гэдэг юм. Тэр хүмүүс өөрсдөө хүнсний зүйлээ бэлдэж ирдэг байсан. Монгол оронд бэрхшээлтэй байсан тэр үед бид туслалцаа үзүүлэхээр орж ирсэн. Түүнээс хойш цаг сайхан, муу ч байсан ялгаагүй Монгол улстай үргэлж хамт байсан. Монгол улсын Засгийн газартай 1991 онд хамтран ажиллаж эхэлсэн халуун дулаан харилцаа өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна.

-Дэлхийн банкны үйл ажиллагааг, зарчмыг нь хүмүүс сайн мэдэхгүйтэй холбоотой янз бүрийн хардлага гарч байж болох юм. Нөгөө талаас, манай улсын уул уурхайн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалтын урсгал орж ирэхийн өмнө арилжааны банкуудад аудит хийн бодит нөхцөл байдлыг тодорхой болгох гэж байгаа. Энэ арга хэмжээний наана зориуд гаргаж буй шуугиан байж болох уу?

-Дэлхийн банк энэ оны аравдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Эдийн засгийн бодлогын чуулга уулзалтыг олон нийтэд нээлттэй зохион байгуулсан. Тэр чуулга уулзалтаараа банкны салбарт хуримтлагдаад байгаа асуудлыг хамгийн анх олон нийтэд ил тодоор хөндөж гаргасан. Чуулга уулзалтын уур амьсгалаас харахад банкны системийн өнөөгийн хүндрэл нь зөвхөн сая илэрч байгаа биш, нэлээн эртнээс үүдэлтэй бэрхшээл байна аа гэдэг нь харагдсан. Засгийн газрын, Их хурлын гишүүдийн түвшинд ч, Төв банкны түвшинд, олон нийтийн түвшинд ч ийм ойлголттой болсон байсан. Олон улсын хэмжээний хямралаас эхлэлтэйгээр Монгол улсын бодит салбар уналтад орж, улмаар банкны салбарт доголдол ажиглагдаж эхэлсэн гэдэгтэй бүгд санал нийлсэн.

-Иймэрхүү гадаад хүчин зүйлийн хажуугаар хамгийн гол нь дотоод учир шалтгаан байсан. Банкны салбарт нэгдүгээрт ил тод байдал дутагдсан. Банкуудын эзэн нь хэн юм бэ, өмчлөлийн асуудал үнэхээр ил тод биш байсан. Эрсдэл болон эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх тал дээр шилдэг туршлага хэрэгжүүлэх чадавх дутмаг байсан. Төв банкнаас явуулж байсан хяналт шалгалтын үйл явц үр ашиггүй, чадавх сул байдал ажиглагдсан. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс арилжааны банкуудыг аж ахуйн нэгжийн хувьд зохицуулах ажил доголдсон. Хамгийн сүүлд нэмж хэлэх ёстой зүйл бол цаг сайхан байх үед газар авсан ихээхэн хэмжээний зохисгүй үйл ажиллагаанаас үүдэлтэй үр дагавар маш их хуримтлагдсан байна. Тэрхүү бодлогын чуулга уулзалтын дүнд Засгийн газар болоод Төв банкны зүгээс гаргасан нэг шийдэл бол банкуудын үндсэн хөрөнгөнд яаралтай аудит үнэлгээ хийлгэх явдал юм гэж дүгнэсэн. Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газар, Төв банк бүгд адилхан ийм хүсэл бодолтой байсан. Нэгэнт ийм хүсэлт дахин давтагдаж ирсэн учраас Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг хамтран Засгийн газрын энэхүү хүсэлтийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг ярилцсан.

-Уул уурхайн салбар хөгжөөд, энэ салбартай холбоотой ихээхэн хэмжээний төлбөр мөнгө орж ирсэн үед Монгол улсын дотоодын банкууд үйл ажиллагаа явуулах чадавхтай байлгах гол зорилгыг энэхүү аудит агуулж байна. Монгол улс өмнө нь 1996, 1997 оны үед банкны салбарын хоёр ч удаагийн хүндрэл бэрхшээлийг туулсан шүү дээ. Тиймэрхүү үйл явдал хэдэн жил болоод л дахин давтагддаг байх ёсгүй юм. Хэрвээ банкны салбар дахь аудитыг өнөөдөр хийхгүй юм бол дараагийн удаа асуудал нь улам том болно, гарах алдагдлын хэмжээ бүр их болно гэсэн үг. Урьдчилан сэргийлэхийн тулд өнөөдөр энэ арга хэмжээг эхлүүлэх ёстой. Аудитын дараагийн зорилго нь, өнөөгийн эдийн засгийн бэрхшээлтэй байдалд улсын сан хөмрөг буюу төсвийн санхүүжилт хязгаарлагдмал байгааг бүх хүн ойлгож байгаа. Ийм үед үнэлгээ хийж, ямаршуухан санхүүгийн чадавхтай байгааг нь бодитой гаргаж олон нийтэд хэлэхгүй бол эцэс төгсгөлд нь банкуудын өнөөгийн ийм ил тод биш практик үргэлжлээд, нэг хүнд их хэмжээний зээл олгоод явбал эцсийн эцэст та бүхний буюу татвар төлөгчдийн мөнгөөр Засгийн газар гарсан бүх алдааг төлөх болно.

-Зүүн Азийн эдийн засгийн 1997 оны хямрал, Албани,Туркэд болсон банкны хямралуудын сургамжийг харж байхад хэрвээ та бүхэн банкны салбарт нь асуудал үүссэнийг мэдсээр байж шийдэхгүйгээр цааш алдааг үргэлжлүүлээд яваад байвал гарах алдагдлын хэмжээ үлэмж өсдөг гэдгийг дээрх орнуудын сургамж харуулсан. Яван явсаар сүүлдээ эдийн засгийн бусад салбартаа халдварлан, эцэст нь макро эдийн засгийн түвшинд хүртэл нөлөөлдөг. Ингэсэн тохиолдолд томоохон аж үйлдвэрийн газрууд аюулд өртөөд зогсохгүй, хэрэглээгээ хаахаар жаахан зээл авсан ард иргэд хүртэл өртдөг үр дагавар тухайн улсуудад гарч байсан. Асуудлаа шийдэхгүй явсаар хамгийн сүүлд бүхий л салбарын ажил доголдоход Засгийн газраас алдагдлыг нь төлсөн. Төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-ийнх нь 10-30 хувьтай тэнцэх хэмжээний тийм их мөнгийг Засгийн газар гаргах болсон. Алдааг засах шийдвэр гаргахгүй үргэлжлээд яваад байгаа тохиолдолд сүүлдээ ямар ч сайн хувилбар гарч ирэхээ больдог. Эцэст нь Засгийн газар маш хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Дээр дурдсан Эдийн засгийн бодлогын чуулга уулзалт дээр илтгэгчээр оролцсон Чили, Голланд улсын Засгийн газар, Сангийн яамны төлөөлөгчид болоод Дэлхийн банкны эдийн засагчид ийм л ганцхан зүйлийг хэлж байсан. Өнөөдөр та бүхэн асуудлаа шийдэхгүй бол айсуй бэрхшээл улам томроод, өвчин даамжраад явна аа гэдгийг нэг дуугаар сануулж байлаа.

-УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Банкны тухай хууль болон Төв банкны хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт хэрэгжсэн тохиолдолд банкны системд нааштай өөрчлөлт гарна гэж Та итгэж байна уу?

Маш зөв чиглэлд хийж байгаа өөрчлөлт гэж би үздэг. Гэхдээ ямар ч сайн хууль батлагдлаа гэсэн хэрэгжилт нь хамгийн чухал. Нэг ёсондоо хуулиа хэрэгжүүлэх Төв банкны чадавх сайн байх ёстой. Санхүүгийн зохицуулах хороо сайн ажиллах ёстой. Үнэт цаасны хорооны сайн хамтын ажиллагаа чухал. Хамгийн гол нь хуулийн зүйл заалтыг дагаж мөрдөхгүй байгаа тэр хүмүүст хуулийг сахиулах мөрдүүлэх тал дээр хүчтэй арга хэмжээ авах чадвар их чухал юм. Жирийн иргэн болоод баян чинээлэг нөлөө бүхий хүмүүст хуулийн зүйл заалт адил тэгш үйлчилдэг байх ёстой. Шинээр гарах хууль иймэрхүү тэгш шударга зарчмыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Ингэвэл хууль баталсны хэрэг гарна шүү дээ.

-“Зоос” банк дампуурсан шалтгаан юу вэ?

-Банкны салбарт оршиж байгаа дутагдалтай сул талуудыг нэг ёсондоо “Зоос” банк илрүүлж гаргалаа гэж бодож байна. Ганц “Зоос” дээр биш, Монгол улсын банкны системд ямар муу практикууд өрнөж байгаа вэ гэдгийг харуулсан явдал. Нөгөө талаар, улс төрийн нөлөө бизнест хэрхэн тусч байна вэ, энэ хоёрын зааг ялгаа ямаршуухан түвшинд байна вэ гэдгийг харуулж өглөө гэж бодож байна. Мөн арилжааны банкуудад байгаа нийтлэг дүр төрх болох эрсдэлээ бодитойгоор үнэлж цэгнэх, түүнийгээ үнэлээд хуулийн дагуу хэрэгжүүлэх чадвар дутмаг байгааг харуулсан. Төв банкны зүгээс энэ бүхнийг зохицуулах хяналт шалгалтын чадвар сул байгааг харууллаа.

Дээр нь Төв банкинд үзүүлж байгаа улс төрийн дарамт нөлөөлөл ямархуу байгааг харуулсан хэрэг гэж бодож байна. Улс төрийн нөлөөлөл Төв банк дээр маш их ирж байсан учраас шуурхай арга хэмжээ авах боломжгүй болгож байсан. Дээр нь, хуулийн зүйл ангиуд, болзошгүй эрсдэлийг хэрхэн удирдах вэ, хэрхэн үнэлэх вэ зэрэг заалт мөрдөгдөөгүй гэдгийг харууллаа. Товчдоо банкуудын менежмент ямархан сул байгааг илэрхийлсэн явдал гэж бодож байна.

-Уул уурхайгаас орж ирэх орлогуудыг яагаад Дэлхийн банктай ингэж холбож нийгэмд ойлгож байна вэ. Говийн бүсийн дэд бүтцийн судалгаа зэрэг манай Засгийн газрын хүсэлтээр хийж байгаа Дэлхийн банкны ажилтай шууд холбож хардаад байна уу?

-Юуны түрүүнд зөв ойлголт өгөхийг хүсч байна. Нэгдүгээрт Дэлхийн банк бие даасан хөрөнгө оруулалт хийдэг байгууллага биш ээ. Олон улсын санхүүгийн корпорац, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг нь хөрөнгө оруулалт хийдэг байгууллага. Дэлхийн банк бол бодлогын зөвлөгөө өгдөг газар. Жишээ нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад Монгол улсыг нэгдэн орохыг Дэлхийн банк эхлэн дэмжсэн. Уул уурхайн компаниуд орлогын тайлангаа олон нийтэд ил болгох, нөгөө талд Засгийн газар уул уурхайн компаниудаас хэдий хэмжээний орлого хурааж авснаа ил тод болгоод, түүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, вэб сайтаар дамжуулан хүргэж, хоёр талын уг тайланд төрийн бус байгууллагууд мониторинг хийдэг ийм санаачлагыг Дэлхийн банк дэмжсэн.

Бид яагаад уул уурхайн салбарын судалгааны ажилд оролцож, зөвлөгөө өгч байна вэ гэсэн асуултад хариулъя. Дэлхийн банктай хамтран ажилладаг, ашигт малтмалаар баялаг 78 орон байгаагийн тун цөөхөн хэд нь баялгаа ашиглан хөгжлийнхөө зөв чиглэл зам руу орж амжилт олсон. Африк тивийн ашигт малтмалаар баялаг 24 орноос зөвхөн ганц нь амжилттай хөгжсөн тохиолдол байна. Тийм учраас Монгол улсын эдийн засагт уул уурхайн салбараас үүдэлтэй ямар сөрөг нөлөө, аюул тусч болох вэ гэдгийг бусад улсын туршлагаас бэлээхэн харж болно. Уул уурхайн салбараа хэрхэн тогтвортой, ил тод, бүх хүнд ашиг тус нь хүрэхээр хөгжүүлэх вэ гэдэг нь Монгол улсын эдийн засагт гол шийдвэл зохих асуудал болоод байна. Олон улсын хэмжээний сайн, муу туршлагыг хуваалцаж явдаг байгууллагын хувьд өөр улс оронд хэрэгжүүлээд алдсан муу сургамжийг монголчууд бүү давтаач ээ гэдгийг хэлэхгүй юм бол Дэлхийн банк хөгжлийн байгууллагын хувьд өөрийн үүргээ биелүүлэхгүй байна аа гэсэнтэй утга нэг юм. Тийм учраас би Дэлхийн банк Монголын уул уурхайн салбарыг яагаад сонирхоод байна вэ гэсэн асуултад санаа зовохгүй байна. Харин хүмүүс Дэлхийн банк яагаад Монгол улсын уул уурхайн асуудалд санаа тавихгүй байгаа юм бэ гэвэл би илүү сэтгэл зовох болно.

-Монголбанкны шийдвэрт улс төр нөлөөлж байгаа нь Танд хэрхэн мэдрэгддэг вэ?

-Төв банк УИХ-ын харъяа байгууллага учраас аливаа шийдвэр гаргахдаа асуудлаа Их хуралд оруулдаг. Дээр нь Засгийн газарт асуудлаа оруулдаг. Хараат бус Төв банкны хувьд статусын зарим нэг зохицуулалт байх хэрэгтэй болов уу. Гэхдээ энэ нь Монголбанкны үйл ажиллагаанд алдаа дутагдал байхгүй гэсэн үг биш.

-Менежмент муу байсан учраас “Зоос” банк төрийн өмчлөлд очлоо. Энэ нь зайлшгүй үйл явц байсан гэдэгтэй санал нийлж байна уу. Араас нь сулхан банкуудын уналт үргэлжилбэл нийт банкны системд ямар сөрөг байдал авчрах вэ?

-Санал нэг байна. Зах зээл өөрөө төгс зүйл биш. Зах зээлд хамгийн сайн ажиллах боломжтой хуулийн зохицуулалтыг л хийж өгөх хэрэгтэй. Харин зах зээл ямар нэг шалтгаанаар доголдох юм бол хэн нэг нь үүнийг зохицуулах үүрэг хүлээх ёстой. “Зоос” банкны өнөөгийн нөхцөл юуг харуулж байна вэ гэвэл зах зээлд учруулах алдагдлыг бага байлгаж, хүмүүсийг бага хохироохын тулд Монголбанк ийм арга хэмжээ авсан. Зах зээл энд өөрийн үүргийг гүйцэтгэх боловч банкны уналтаас гарч буй эрсдэл зардлыг хамгийн бага түвшинд байлгах нь Төв банкны үүрэг юм.

Банкны салбарт сүүлийн хэдэн жилд хуримтлагдсан сөрөг зүйлсийг өнөөдөр ингэж гадна, дотны хүчин зүйлээр илрүүлж гаргаж байгаа явдал гэж үзэж байна. Дэлхийн баян хүмүүсийн нэг Уоррен Баффетын “Цаг сайхан байхад хүн бүхэн л тэр сайхан цагаас ашиг хүртэж хангалуун явдаг, цаг муудаад эхлэх үед бүгд нүцгэрч өвчин зовлон нь олны нүднээ ил гараад ирдэг” гэсэн үг байдаг даа. Эдийн засгийн хямралаар энэ салбарын сул тал буюу нүцгэн бие дээрх өө сэв бүгд нүдэнд ил гараад ирж байгаа юм. Банкны салбарт өнөөдөр яг ийм үйл явдал тохиолдож байна. Цаг сайхан байхад банк юу болоод байна гэж хэн ч ярьж байсангүй, элдэв асуудал нь бүгд далд байсан шүү дээ.

-Нүцгэн бие дээрээ шинэ хувцас өмсөхийн тулд банкны салбар эхлээд эрүүлжих, аудит хийлгэх хэрэгтэй болж байна. Энэ зорилтоосоо яг одоо Дэлхийн банк шантарч байна уу?

-Үгүй ээ. Бид зорилтоосоо ухраагүй.

Баярлалаа.

ХАДНЫ МАНГАА

zoosШуурхай ажиллаж чадсан Монголбанкинд талархал илэрхийлье. Арилжааны “Зоос” банк корпорацийн муу менежмент хийж байсан учир дампуурлаа. Эдийн засгийн хямралын Монгол улсад үзүүлж буй нөлөө дандаа муу байгаагүй. Хэн нь амьдрах чадвартай вэ гэсэн асуултын хариуг чухамдаа хямрал хэлж өгч байна. “Зоос” банк халуурч байгааг зарлаж, шууд эмчилгээ хийж эхэлсэн Монгол улсын Төв банкны бодлого зөв юм. Яг нэг жилийн өмнө “Анод”-ын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар доголдож эхлэхэд Монголбанк харин өнөөдрийнх шиг шуурхай ажиллаагүй. Засгийн газрын шууд оролцоогоор “Анод”-д бүрэн эрхэт төлөөлөгч оруулж, захирлуудыг нь Ганц худагт хорьсон. “Анод”-ын тохиолдолд Монголбанк эрх мэдэлгүй байж, улс төрийн шийдвэрийг дагалдаж байсан нь тэр.

Өнөөдөр “Зоос”-ын дампуурлыг сүржигнүүлэн, хаа нэгтээгээс хадны мангаа босгох кампанит ажил хэтэрхий эрээгүй өрнөж байна. Монголын банк санхүүгийн салбар дахь өвчин хууч, уранхай ноорхой хямралын салхинд сөхөгдөн ил гарч байгаагийн бурууг нэг нэгэндээ тохон, цохон, нийгэмд ойлгомжгүй түгшүүр төрүүлж эхэлсэнд харамсч байна. Төв банк “Зоос”-ын дампуурлыг ил гаргах шийдвэрээ тийм хялбар гаргаагүй. Яагаад гэвэл Монголбанк бие даан үйл ажиллагаа явуулах бололцоогүй байна. Энэ нь УИХ-ын хяналт дор ажилладаг байгууллага боловч үнэн хэрэгтээ улс төртэй хамаатай бүх талын хараат, буулган дор нь дальдчиж явдаг газар. Ерээд онд ч ийм байсан. Өдгөө ч өөрчлөгдсөн зүйлгүй. Эднийх инфляцийг онилох мөнгөний бодлогоо зарлаж л байдаг. Нөгөө талд нь Засгийн газар зардлаа нэмээд инээж л суудаг. Эцэст нь мөнгөний бодлого дампуураад ирэхээр Төв банкны хэдэн захирал загнуулаад, “хөөе чи дуугараач” гэж хэлүүлэн барин Их хурлын чуулган дээр ямар нэгэн хөшөө болоод сууж л байдаг юм. Монголбанкны хяналтын үйл ажиллагааны муугаас хадны мангаа босгож ирэх хялбархан боловч одоо энэ системд мөрдөж буй хуулиа дагах юм бол бараг бүх зүйл банкны нууцын зэрэглэлд орчихоод байна. Том хувьцаа эзэмшигчээ, эзэн ноёноо зарлаж болдоггүй, банкны Гүйцэтгэх захирал ажлаа хэнд ч тайлагнадаггүй, ТУЗ-ийн дарга, том хувьцаа эзэмшигч гэж хэний ч өмнө хариуцлага хүлээдэггүй, хүссэн хүндээ зээл олгох тушаал буулгадаг зэрлэг менежмент арилжааны банкуудад үүрлэсэн. Энэ бол корпорацийн менежмент биш. Харин дампууруулах менежмент. “Зоос” жам ёсоороо унасан. Үүнийг зарлах гэж Монголбанк хэрдээ тэвдсэн ба тэд улстөрчдөөс зөвшөөрөл хүлээж хэд хоносон билээ. Уг нь банкны тухай хууль тогтоомж төгөлдөржсөн улсад бол Төв банк эрх мэдлийн хүрээнд авах арга хэмжээгээ даруй хэрэгжүүлэх бололцоотой байдаг. Манайд тийм бололцоо бүрдээгүй байна.

Өнгөрсөн оны аравдугаар сараас банкуудын харилцах, хадгаламж гадагшилж эхлэх үеэс энэхүү нууцлагдмал системд эрүүл салхи оруулах шаардлага тулгарсан. Төв банкны тухай хуулийг шинэчлэн найруулах болон Банкны тухай хууль батлуулах хүсэлтээ Монголбанк намрын чуулганаар хэрэгжүүлчихнэ гэж найдсан юм. Гэвч банкны салбар дахь бүтээлэг хучлагыг нээж онгойлгох учиртай эрх зүйн зохицуулалтууд хаврын чуулган хүртэл хойшилжээ. Хэдийгээр хууль эрх зүйн хувьд онгорхой цоорхойтой хэвээрээ байгаа боловч эгзэгтэй энэ үед Монголын төр улс төрийн шийдвэр гаргасан билээ. Арваннэгдүгээр сарын17-ны өдөр Төрийн ордонд гурван өндөрлөг, УИХ-ын бүтцийн удирдлагууд, сайд нарын түвшинд “Зоос”-ыг хэрхэх болон арилжааны банкуудын нөхцөл байдлыг хэлэлцжээ. Уг улс төрийн шийдвэр Төв банкинд итгэлтэй ажиллах бололцоо тавьж өгсөн. Монгол улсыг Хөгжүүлэх сангийн ёроолд үлдсэн 65 тэрбум төгрөгийг арилжааны гурван банкинд байршуулан, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нь дээшлүүлэх арга чарга хайж байсныг татвар төлөгч та мартаагүй биз. Өнгөрсөн хаврын үйл явдал шүү дээ. Тэр гурвын нэг нь “Зоос”. “Зоос”-ыг торгоох гэж нийтдээ гурван удаагийн дэмжлэгийг Монголбанк үзүүлсэн. Бараг зуун тэрбум дөхөх тэр их хөрөнгө энэ банкны том хувьцааг эзэмшигч ноёд, гүйцэтгэх удирдлагын ажлын алдааны төлөөс болон салхинд хийссэн юм. Хэрэв “Зоос”-ыг унагасан хадны мангаа хайж байгаа бол тэр нь хувь нийлүүлэгчид өөрсдөө. Арилжааны банкуудыг дараалан дампууралд түлхэж байгаа том зээлдэгчид дүрээрээ. Энэ хүмүүст төр хуулийн дагуу хариуцлага хүлээлгэг.

Эдүгээ банкны салбарт хөдөлгөөн орох тусам гайхалтай уран сэтгэмжүүд хүчээ авч байна. 2009 оны гуравдугаар улирлаас буюу өдийд арилжааны банкуудын зээлийн багцад аудит хийлгэх ажил эхлэх ёстой байлаа. Ийм арга хэмжээний талаар Монголбанкны Ерөнхийлөгч наймдугаар сарын 19-нд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд анх танилцуулсан юм. Аудит одоогоор эхлээгүй. Шалтгаан нь техникийн чанартай байж мэднэ. Ямар ч байсан ийм шалгалт хийлгэх хүсэлтээ манай төр, засаг Дэлхийн банкинд тавьжээ. Шалгалт орсны дараа, арилжааны банкуудын гол үзүүлэлтүүд эрүүл хэвийн хэмээн баталгаажсаны хойно Хөрөнгө оруулалтын олон улсын банкууд тэдэнд санхүүжилт хийх юм. Хөрөнгө оруулах газрууд нь Олон улсын санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк. Банкны эрүүлжсэн системд хөрөнгөө оруулах гэж хүлээж байгаа газрууд. Монголд хэрэгжих маш олон төслийг санхүүжүүлэх байгууллагууд. Гэтэл эднийг ээлжит хадны мангаа болгон зарлаж эхэллээ. Уул уурхайн салбарт орж ирэх их хөрөнгийг замаас нь хурааж аваад, мөнгө угаах гэж байгаа юм гэсэн айдас ард олонд төрүүлэв. Ямар нэг аймшигтай зүйл болох гээд байгаа бололтой. Тэр нь гадна талаас л ирнэ шүү хэмээн битүү хатуу сүржигнэцгээж байна. Тэгвэл жинхэнэ аюул биднийг дотроос нь хагалж хэмлэсэн, Монголынхоо төрийн байгууллагуудыг хүний санаанд оромгүйгээр хардаж гүтгэсэн, манай улсад хямралтай цаг үед гар сунгасан олон улсын хөгжлийн байгууллагуудыг гутаан харлуулсан энэ их хар хэрүүл толхилцооноос гарч байна. Өвчнөө эмчлээгүй цагт манайд олон улсын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Хувь нийлүүлэгч нь тодорхойгүй банкинд хэн итгэж мөнгөө байршуулах вэ. Зээлийн багц сайн байгаа гэсэн тайланд өнөөдөр итгэх хүн байгаа юм уу. Өнгөрсөн нэг жилийн дотор дийлэнх банк зээлийн хугацаагаа сунгасан. Тэгээгүй бол муу зээлийн хэмжээ үлэмж өсөх байсан юм. Одоо хугацаа сунгасан зээлүүд муу ангилал руу гулсан орсоор байгаа. Оросын арилжааны банкуудад яг ийм үйл явц өдгөө өрнөж байна. Манай Төв банкны захирал зайлуул, ойрд нойр муу яваагаа амандаа бувтнангаа банкуудад эмчилгээ хийхгүй бол их мөнгө манайхыг тойрно шүү гээд хэлчихсэн чинь уул уурхайн санхүүжилт хаашаа орох нь вэ гэсэн эрэн сурвалжлах хийрхэлд хүч нэмчихжээ.

Дайсан тагнуул илрүүлэх кампанит ажил улмаар хүрээгээ тэлж, үндэснийхээ компаниудыг онилж эхлээд байна. Монгол улс хөгжлийн олон гарцтай байж гэмээнэ дэлхий ертөнцтэй ойртохыг эрүүл саруул ухаантай монгол хүн бүр ойлгоно. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд Монгол улсын төмөр замын гурван гарцыг санал нэгтэй дэмжсэн юм. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг баяжуулсан, боловсруулсан бүхий л хэлбэрээр зах зээлд хүргэх гарц хойшоо, урагшаа, эдгээрээр дамжаад гурав дахь хөршүүдийг чиглэх ёстой. Гэтэл яагаад ч юм Тавантолгойгоос Зүүнбаян-Сайншандыг чиглэсэн ганц төмөр зам байж гэмээнэ Монгол улс хөгжинө гэсэн хатуу тулгалт сүүлийн өдрүүдэд хүчтэй сонсогдов. Тавантолгойгоос Сайншанд, цаашлаад Находка хүртэл довтолгох галт тэрэгний зам тавиад өгвөл монголчууд баярлана. 1000 километр төмөр зам гэдэг Лүнгийн зам биш, асар өндөр өртөгтэй. Ийм бүтээн байгуулалт хийж өгөх гэж байгаа Оросын төмөр замчдад баярлалаа. Та бүхэн замаа нэн даруй тавина уу. Гэхдээ энэ чиглэлийн замын техник эдийн засгийн үндэслэл гараагүй, санхүүжилт тодорхойгүй зэргийг бодолцвол, басхүү Монгол улс бие даасан олон тулгуурт гадаад бодлоготойн учир нүүрсний дэлхийн хамгийн том зах зээл рүү тавих төмөр замын үлдэх хоёр маршрутаа зайлшгүй татах ёстой. Нэг төслийг нөгөөгөөр нь цохих хүсэл монголчуудад байхгүй. Ганц улс манай төмөр замын бодлогыг тодорхойлсон чигээрээ дараагийн зуун дамжин хойч үе маань довтолгоно гэвэл эндүүрэл. Тэр тусмаа Монголын үндэсний компани бие даан хэрэгжүүлж, дэлхийн зах зээл дээр Австрали улстай өрсөлдөх өдөр хаяанд ирээд байхад ийм төслийг эсэргүүцэх монгол хүн байхгүй. Австралийн баяжуулсан нүүрс экспортлогчид Монголын өрсөлдөөнөөс эмээж байхад энд бид нар нэгнийхээ хөлнөөс чангааж, чи надаас түрүүлж ашиг олох гэлээ хэмээн зүтгэж байна. Жинхэнэ хадны мангаа бол монгол хүн нэг нь нөгөөгөө доош чангааж буй хэмлэлдээн юм. Бизнесийн салбарт түүчээ нь болж явдаг том компаниуд үндэсний бусад аж ахуйгаа, дотоодын боловсон хүчний бодлогоо, орон нутгийн хөгжлийг, том яривал дэлхийд Монголын гэсэн нэрийг өргөж ямагт манлайлдаг. Тиймээс үндэсний том компаниудаа чин сэтгэлээс дэмжиж байна. Тэд уул уурхайн салбарт дэлхийн зах зээл дээр өрсөлдөж чадахаар болж, өөрсдөө олон улсын түвшний менежмент хийж байгааг харлуулан гутаах биш, харин баяр хүргэн дэмжих ёстой юм.

Уул уурхайн салбар Монгол оронд маань асар их боломжийг хайрлана. Гео эдийн засгийн хувьд олон орноос хамаарсан таатай орчин манай гадаад орчинд бүрдэх өдөр ойрхон байна. Геополитикийн түгжигдмэл байдлаасаа гарах мөрөөдөл бидний сэтгэл зүрхэнд үе дамжин амьдарсан билээ. Мөрөөдөл биелэх цаг ирсэн. Монголын банк санхүүгийн систем өвчнөө зоригтой эмчилж, гашуун эм ууж эхэлсэнд уурлаж буй хүмүүс их цөөхөн байх аа. Ээдрээтэй цаг үед эрүүл сэтгэж байгаа олон олон монгол хүний саруул ухаанд итгэж байна.