ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛТАЙ БОЛНО

2012.6.4

“Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс” хэмээн Ардын нам шүлэглэсэн бол хариуд нь Ардчилсан нам “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэх дараагийн шад шүлгийг дуржигнуулав. Иргэний зориг, ногоон намынхан “Амьдрал…” хэмээн шууд дуусгаад, араас нь олон нийтийн сэтгэгдлийг догдлон хүлээв. 2012 оны УИХ-ын сонгуульд барьж орох уриагаа намууд ийн утга уянга төгс зарлаж эхэлсэн ба сонгогчдын чихэнд шууд очиж наалдах шад шүлэг, эсвэл ИЗНН шиг зүгээр л өвөрмөц байх ганц галзуу үгний эрэлд мордоцгоожээ. Нэр дэвшигчид намын уриагаа сэтгэл догдлуулан амандаа хэлж үзэцгээсэн бөгөөд бүгдээрээ тэрхэн мөчид нүдээ анин, амьсгалаа хэсэг түгжсэн болов уу. Ингээд сонгуулийн өмнөх сонирхолтой өдрүүд эхэллээ.

Одоо мөрийн хөтөлбөрт анхаарлаа хандуулна уу. “Ингэнэ тэгнэ” хэмээх шидэт үгсийн цуглуулга Таны өмнө байна. Хажууд нь бас нэр дэвшигчийн хэвлүүлсэн гялгар сэтгүүл харагдаж байгаа биз ээ. Яралзтал инээсэн манай тойргийн нэр дэвшигч мөн л өөрийн гэсэн уриатай байх вий. Бас ч үгүй мань хүний уриа толгой холбосон, чихэнд сонсголонтой…

Парламентын сонгуульд хамгийн олон суудал авах магадлалтай гурван намын мөрийн хөтөлбөрийг доор харьцуулан үзье. МАХН-ы “Шударга ёс” эвсэл мөрийн хөтөлбөрөө хараахан дэлгэх болоогүй, зургадугаар сарын 06-наас хойш үзэж болно гэсэн юм. Тус эвслийнхэн хүн болгонд шахуу ноцуулж ноолуулсаар байгаад хаширсан биз, юм юманд болгоомжлох болжээ. “Шударга ёс” эвслийн хувьд тулгын чулуу нь МАХН дээр тогтож буй учир энэ удаа Монгол үндэсний ардчилсан намын тухай онцолж яримааргүй байна. Ямар ч байсан МАХН-ын Парламентын сонгуульд барьж орох гол туг нь “Таван хувьсгал” нэртэй. Үүгээрээ бусад намын мөрийн хөтөлбөрөөс эрс, хурц байдлаараа ялгарч, сөрөг хүчин, гурав дахь хүчний орон зайд МАХН өөр өрсөлдөгчгүй гэдэг нь үнэн юм.

Ижил

Ардын нам, Ардчилсан нам, Иргэний зориг, ногоон намын мөрийн хөтөлбөрт ижил төстэй зүйл олон. Гурвуулаа иргэн хүний төлөө гэсэн мөрийн хөтөлбөртэй. Мөрийн хөтөлбөрүүдийн зүйл заалт бүр “Хүн” эсвэл “Иргэн” гэсэн гарчигтай. Гагцхүү мөнөөх ИРГЭН-д хандсан хандлагуудаараа хоорондоо бага зэрэг ялгарна.

Гурван гол намын сонгуульд орох хөтөлбөрт СУМ гэх үг хамгийн олон давтагджээ. Сумын иргэд ээ, сонсогтун. Та бүхэн ирэх дөрвөн жилд хүн шиг амьдардаг болно. Танай суманд маш олон байшин баригдана. Гэхдээ орон сууцных харьцангуй цөөн, та бүхнийг соёлжуулах төвүүд нь амьдрах сууцнаасаа олон болох төлөвтэй. Танай суманд хамгийн олон цогцолбор төвүүдийг Ардын нам барьж өгнө. Ардын намын 27 хуудас бүхий мөрийн хөтөлбөрт багтсан соёлжуулах байшингуудыг тоочвол:

-Сум бүрт жижиг, дунд үйлдвэр, хоршоо, өрхийн аж ахуй үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийг бий болгоно.

-Сум бүрт биеийн тамир, спортын ил задгай талбай, заал барьж, арга зүйч ажиллуулна. (Аймаг бүрийн төвд бассейн байгуулна)

-Сум бүрт нийтийн ахуй үйлчилгээний цогцолбор байгуулна.

-Шинэ сумын төв, Ажилсаг сум, Ахуйн үйлчилгээний шинэ төв, Хоршооллын аян төслүүд хэрэгжүүлнэ.

-Сэргээн заслын төв байгуулна гэжээ.

Харин Ардчилсан нам сум болгонд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, анхан шатны боловсруулалт хийх, зах зээлд нийлүүлэх бараа, түүхий эдийн биржийн салбар байгуулна. Тэгвэл ИЗНН эхчүүдийг сумынхаа эмнэлэгт төрөх нөхцөлийг бүрдүүлж өгнө.

Гурван нам сумын хөгжилд онцгой анхаарахаа зарласан бол мөн л гурвуулаа байгалийн баялгийн орлогыг орон нутагт нь түлхүү хуваарилах бодлого томъёолжээ. Ер нь сумын иргэн Та ирэх дөрвөн жилд эрх мэдэл, хөрөнгө мөнгө, үсчин, гоо сайхан, халуун ус, хажуухан аймгийн төвдөө бассейн, тамирын заал, жижиг бизнесээ хийх өрөө тасалгаа гэх мэт юм юмтай болох янзтай. Зарим нам уул уурхайн орлогын (нөөц ашигласны төлбөрийн) 40 хувийг орон нутагт үлдээсүгэй гэснийг нь анхааралдаа авна биз ээ. Бас нэг нам аймаг, сумын Засаг даргыг нутгийн иргэд шууд сонгоно гэсэн. Яг ОХУ шиг болно гэсэн бөгөөд Оросын Губернаторуудыг иргэд нь шууд сонгодог шинэ тогтолцоонд тус улс энэ зургадугаар сарын 01-нд шилжсэн билээ. Ингээд сумын иргэн улс төрийн том эрх эдлэхээр боллоо, одоо Таныг хөдөөний энэ тэр гэж хэн ч хэлж зүрхлэхгүй.

Ардын нам, Ардчилсан нам, ИЗНН гурвуулаа уул уурхайн баялагтаа эзэн суух ойролцоо томъёоллыг мөрийн хөтөлбөртөө тусгасан юм. Зүүний ба барууны баримжаатай хамгийн том хоёр нам яг ижилхэн “Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож хэрэгжүүлнэ” гэжээ. 51 гэсэн тоон дээр Ардын нам, Ардчилсан нам хоёр ижил байр суурьтай байгаа бол зүүн төвт нам нь төр түүнийг мэднэ гэж, харин либерал чигийн нам нь 51 хувиа Монголын бизнесийнхэн мэднэ гэсэн зарчмын ялгааг цааш нь тодотгож өгсөн юм. Мөрийн хөтөлбөрүүд дэх ялгаатай үзэл баримтлалыг дараагийн хэсэгт үргэлжлүүлэн тодруулна.

Гурван нам гурвуулаа бараг үг үсэгний зөрүүгүй томъёолсон зүйл бол Тэтгэврийн ба Эрүүл мэндийн даатгалын сангаар төр бизнес хийдэг, давхар компани байгуулж, иргэдийнхээ мөнгөөр тааруухан бизнес хийдэг туршлагыг таслан зогсооно. Өөрөөр яах ч билээ, монголчууд одоо боловсролтой болсон, заавал нийгмийн даатгал гэгч төрийн байгууллагад хамаг цалингаа хураалгаж байх албагүй, тэтгэврийн даатгалын соёлжсон, гол нь тухайн хүндээ ашигтай өөр олон хувилбарын сонголт олон улсад байдгийг нэгэнт олоод мэдчихсэн шүү дээ. Эрүүл мэндийн даатгал гэгч өвдөж зовох үед ямар ч хэрэггүй хуримтлал хаа нэгтээ байх ёсгүй, харин иргэн бүр даатгалд өгсөн мөнгөнийхөө хэмжээг мэддэг, аль аль даатгалаа тэр бүү хэл үр хүүхдэдээ өвлүүлэх эрхтэй гэдгийг гурван намын мөрийн хөтөлбөрт эрхбиш тусгаж өгсөн байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын төдийгүй, хувийн эмнэлгүүдийг санхүүжүүлнэ гэсэн заалт бас байна. Хувийн эмнэлэгт хөдөлбөл хөлс байдаг хэтэрхий үнэтэй тогтолцоо зөөлөрнө гэсэн үг. Бас хавдартай хүмүүсийн зарим эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ гэсэн нь чухал заалт юм.

Бизнесийнхнийг дэмжсэн санаа гурван намын мөрийн хөтөлбөрт өөр өөр өгүүлбэрээр боловч нэг утгаар оржээ. Энэ бол жижиг, дунд бизнесийг дэмжих тухай юм. “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 1 хувийн аж ахуйн орлогын татвар бий болгоно” гэж Ардын нам амлаж байна. Мөн, НӨАТ-ын босго 200 сая болох гэнэ. Тэгвэл Ардчилсан нам “Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжүүдэд төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг өөрт нь буцааж олгоно” гэжээ. Ер нь хоёр нам хоёулаа том бизнесүүдээ дэмжих тухай нэг ч өгүүлбэрийг мөрийн хөтөлбөртөө тухайлж оруулаагүй юм. Олигархи гэж хэлүүлэхээсээ айсан байх л даа. Уг нь энэ бол утгагүй айдас, Монголын төр том компаниудаа бодлогоор дэмжиж байж, Монгол орон өөрөө том улс болож чадах юм.

Ялгаа

Ардын ба Ардчилсан нам, ИЗНН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт зарчмын ялгаатай заалт маш олон. Томоос нь хэлбэл, Ардын нам ойрын дөрвөн жилд “Сансар судлалыг хөгжүүлж, үндэсний хиймэл дагуултай болно” гэжээ. Ардчилсан нам, ИЗНН хоёр арай ч ингэж пуужин хөөргөх санаа сэдээгүй ба гурвуулаа зэрэг ийм зүйл бодож олсон бол улсын төсөв хүрэхгүй, мөн тийм олон сансрын нисэгч, мэргэжилтэнгүй улс шүү дээ, бид.

Ардын намын мөрийн хөтөлбөр нийгмийн чиглэлийн арга хэмжээнүүдээр эхэлжээ. Нийт багтаамжийн гуравны хоёрыг эзэлсэн хэсэгт тэрхүү Хүн төвтэй мөрийн хөтөлбөрийн амлалтууд үргэлжилжээ. Үлдэх хэсэгт нь эдийн засгийн бодлогоо тус нам томъёолсон байна. Ах нам хөтөлбөрөө “империк судалгаа, математик загварчлалаар хийсэн, ард түмнээ сонсож гаргасан, маш их судалгаанд үндэслэсэн” гэжээ. Үнэхээр ч тус намын хөтөлбөр нийгмийн бүх харилцааг хамарч чадсан, үлдээсэн зүйл гэж үгүй. Ингэж нарийвчлахдаа нийгмийн харилцаа болгоныг зохицуулахаар шамдсан нь илэрхий харагдав. Төрийн зохицуулалт асар нэмэгдэх нь гэсэн эхний сэтгэгдэл ямар ч сонгогчид төрөхүйц аж.

Ардчилсан намын хувьд амлалтын бороо нь эдийн засгийн бодлогын хэсгээс эхэлж, төгсгөл рүүгээ иргэнд хандсан ажлуудаа жагсаажээ. Том намын мөрийн хөтөлбөр гэхэд эмх цэгц логик санаа муутай, зарим хэсэгтээ зүгээр л наад захын хэл найруулгын алдаатай болсныг нь сонгогчид анзаарах нь дамжиггүй. Ардчилсан намын төрөлхийн эмх цэгцгүй, зохион байгуулалт тааруу, задгай арга барилаар мөрийн хөтөлбөрөө цаасан дээр буулгасан боловч яалт ч үгүй ардчилсан нийгмийн үнэт зүйл болох хувийн өмчийг хамгаалсан зарчмын байр сууриараа олон сонгогчийг энэ хөтөлбөрийн агуулга татаж чадна.

Тухайлбал, Ардын нам мөрийн хөтөлбөртөө нийт 33 удаа ямар нэг “хөтөлбөр” хэрэгжүүлэх талаар өгүүлсэн бол Ардчилсан нам нь Зээлийн сан, Технологийн төв гэсэн үгсийг хамгийн их оруулжээ. Ардын намын мөрийн хөтөлбөрт “зохицуулна” гэсэн үг хамгийн олон орсон бол Ардчилсан намын хөтөлбөрт “дэмжинэ” хэмээх үгийг их хэрэглэсэн байна.

ИЗНН-ын хөтөлбөрт эдийн засаг ба иргэн гэж асуудлыг тусад нь ангилж ялгаагүй, харин уялдаатай авч үзсэнээрээ эрх барьдаг хоёр намын дэргэд шинэлэг баримт бичиг юм. Ерөөс, ИЗНН энэ удаагийн хөтөлбөрөө “Өнгөрсөн хорин жилийн бодлогын алдааг засах” зориулалтаар гаргасан гэдгээ ил тод хэлээд байгаа юм. Өнгөрсөн хорин жилийн төрийн бодлогыг ИЗНН “хөгжлийн төөрөгдөл” хэмээн нэрлэжээ. Тэгээд хөтөлбөрөө “цоо шинэ агуулгатай” гэж тодруулсан байна. Ямар ч байсан ИЗНН Монгол орны хөгжлийг 2020 он хүртэл томъёолсон, басхүү өвөрмөц санаанууд түүнд туссан. Чамирхсан, этгээд үгс мэдээж шингэсэн, гэхдээ НОГООН ЭДИЙН ЗАСАГ Монголын аврал шүү гэдгийг өгүүлбэр болгондоо тодруулсан юм.

Гурван нам инфляцийг өөр өөрийнхөөрөө ингэж томъёолжээ. Ардчилсан нам хуучинсаг арга барилаар инфляцид хандаж, түүнийг нэг оронтой тоонд баринахэмээн одоо утга учир бага болсон зүйл амласан байх юм. Харин инфляц дээр Ардын нам арай алсын тооцоо хийж, үндэслэлтэй дуугарсан ба “Инфляцийн өсөлтийг бүрэн нөхөх хэмжээнд” гэсэн амлалт өгсөн байна. Өөрөөр хэлбэл, Ардын намын эдийн засагчид инфляцийг нэг оронтой тоонд барьдаг үе моодноос гарч, хөрөнгө оруулалт урсан орж ирэх тусам түүнийг хоёр оронд тогтоон барих ч арга үгүй болно гэдгийг тооцож чаджээ. Тиймээс Ардын нам төрийн албаныхан, тэтгэврийнхний цалин, тэтгэврийг инфляцийн өсөлтийг нөхөх хэмжээнд нэмж байхуйц шинэ гэмээр итгэлцүүр бий болгосон байх юм. Инфляцид бууж өгсөн үг гэхээсээ илүүтэй бодит байдлыг харсан байр суурь гэлтэй. Харин ИЗНН ерөөсөө инфляц хэд байхыг УИХ тогтоож өгдөг, Монголбанкны бодлогын хүү хэд байхыг Парламент зааварладаг арга барилаасаа татгалз хэмээн ундууцаад, түүнийхээ оронд үнэ ханшийг тогтворжуулах үр дүнтэй ийм ийм арга хэмжээг авъя гэж Мөрийн хөтөлбөртөө тоочсон байна.

Гурван намын мөрийн хөтөлбөрт өөр өөрсдийнх нь үзэр баримтлалын ялгаа ийнхүү тодорч буйг сайн явдал гэж харж байна. Ардын нам нийгмийн хамгааллын арга хэмжээг түлхүү төлөвлөж, төрийн оролцоог одоогийнх шиг өндөр байлгах дүр зураг харагдаж байгаа бол Ардчилсан нам нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, улмаар ажилтай орлоготой хүн орон сууц авах боломж нээх гэх зэргээр нэг асуудалд намууд өөр өөрийн өнцгөөс ханджээ. ИЗНН –ын хувьд нийт бизнесийн орчныг эрүүл, ногоон байлгах санаа цухалзуулж байгаа бол Ардчилсан нам хэдий либерал үзэлтэй боловч “спиртийн бизнест төрийн монополь тогтоо”, “уул уурхай, үүрэн холбоо, архи тамхины үйлдвэрлэлээс бусад бизнесийг орлогын албан татвараас чөлөөл” гэх мэт авангард санааг үе үе цухуйлгажээ.

Намуудын мөрийн хөтөлбөр дэх уул уурхайтай хэсэг нь бүр ч сонирхолтой. Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн уурхайнуудаас Ардын нам нөхөн төлбөр авна. Түүнчлэн, уул уурхайн баялгийг хэрхэн хуваарилах тухайд ард нийтийн санал асуулга явуулна. Ашигт малтмалын хуулийг өөрчлөхдөө ч бас иргэдийн санал асуулгаар шийднэ гэсэн байна. Магадгүй, нийгмийн хамгийн их маргаантай сэдвийг ингэж хагалъя гэсэн болгоомжлол байгаа биз. Түүнчлэн, төмөр замын бүтээн байгуулалт дээр дахин маргаантай байдал үүсч болзошгүй нь. Эдүгээ Ардын намын Засгийн газрын шийдвэрээр төмөр замын зүүн ба урагшаа чиглэлүүдийн ажил зэрэг хийгдэхэээр тушаал шийдвэр нь гарсан бол Ардчилсан нам хэрвээ Засгийн эрхэнд гарвал зүүн чиглэлээ байгуулж байж, урагшаа чиглэлүүдийг хоёрдугаар ээлжинд зөвшөөрөхөөр Мөрийн хөтөлбөртөө тов тодорхой тусгажээ.

Уул уурхайн лиценз олголтыг сонгон шалгаруулалтаар хийнэ гэж Ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа нь олон улсын түгээмэл зөв жишиг юм. Харин Ардчилсан нам лицензийг орон нутгийнхны зөвшөөрлөөр өгнө гэх маягтай бүрхэг агуулга хийжээ. Магадгүй энэ санаа нь нутгийн олны санал авахад хэрэгтэй өгүүлбэр байх, гэхдээ ирээдүйтэй алхам лав биш.

Хүний хөгжлийн санг Ардын нам “Үндэсний баялгийн хуримтлалын сан” хэмээн нэрлэх гэж буй юм байна. Оросын сан гэдэг шиг. Үүний зэрэгцээ уул уурхайн орлогоос Тэтгэврийн сан үүсгэнэ гэсэн. Тэгвэл Ардчилсан нам нь уул уурхайн орлогын дийлэнхийг шууд ирээдүйн Тэтгэврийн сан болгож түүнд төвлөрүүлнэ гэнэ. Норвегийн сангийн жишгээр баялгаа хуримтлуулна гэсэн үг. Боломжийн хувилбар мэдээж мөн. Одоогийн Хүний хөгжлийн сан нь Аляскийн сангийн загвар байсан гэвэл ирээдүйд бидэнд Норвегийн ба Оросын сангийн тус тусдаа хувилбар мэдээж хэрэгтэй. Аляскийн сан нь 2008 оны хямралаар хоосорсон түүхтэй шүү дээ.

Намуудын мөрийн хөтөлбөрт ижил ба ялгаатай үзэл баримтлал цөөнгүй бий. Харьцуулах тусам олон содон жишээ гарна. Тухайлбал, нам болгон мөрийн хөтөлбөртөө шинэ Яам байгуулах санал дэвшүүлсэн. Хөдөлмөрийн яам хэрэгтэй гэж АН үзэж, ИЗНН Залуучуудын яам чухал гэсэн бол Ардын нам “Ач санах хууль” батлуулна гэжээ. Ахмадуудад зориулсан халамжийн хууль юм. Ялангуяа Ардын намын мөрийн хөтөлбөрт анализ хийхэд сонирхолтой. Тэнд багтсан нийт 33 хөтөлбөрийн нэрийг жагсаагаад, дээр нь шинээр байгуулахаар төлөвлөсөн олон төвийг нэмбэл ирэх дөрвөн жилд сар тутам ямар нэг шинэ зүйл байгуулсаар, эхлүүлсээр, шав тавьсаар байх нигуур харагддаг. Ардчилсан намын хөтөлбөрт туссан бас нэг сонирхолтой санаа нь “Үйлчилгээний салбарыг” онцлон хөгжүүлэх тухай заалт. Шинэ татварууд ч нэжгээд мэндлэх бололтой.

Намуудын мөрийн хөтөлбөр 2008 оны УИХ-ын сонгуулийн үеийнхээсээ хэрсүүжжээ. Дөрвөн жилийн өмнө намууд “Үдийн цайг үдийн хоол болгоно, багш болгонд нөүтбүүк өгнө, тойргийн сонгогчдодоо имэйл хаяг нээж өгнө, сумын төвд халуун усны газар нээнэ” хэмээн амлаж байсан бол өнөөдөр ямар ч байсан бодлого гэхэд ичих зүйлгүй, зангарагтай, басхүү өөр хоорондоо ялгарсан үзэл баримтлал дэвшүүлж байна. Тоон амлалт харьцангуй бага өгч, хишиг тараана гэчихвэл өөрийгөө буудсантай ялгаагүй гэдгийг одоо мэддэг болжээ.

Сумын иргэн Та өөрт хамаатай заалтуудаа тэдгээр хөтөлбөрөөс тэмдэглээд аваарай. Гол нь Танд бэлэн мөнгө бараг өгөхгүй, гэхдээ жижиг бизнесээ хийж суух өрөө тасалгаа бол нээх бололтой. Загасаа өөрөө барь, Засгийн газар загасчилж суух гох дэгээгүй болсон гэж цаадуул чинь хэлэх гээд дүлэгнээд яваа юм шүү.