ОРОСЫН БАРУУНТНУУД

2012.1.11

УИХ-ын Сонгуулийн тухай хууль батлагдаж, ирэх зургадугаар сард холимог системээр санал авах болов. Бүтэн пропорциональ ба бүтэн мажоритар системийн аль алиныг Монголын улс төрд туршиж үзсэний эцэст ийнхүү дундын хувилбар дээр буужээ. Харин ОХУ-ын Парламентын Доод танхим буюу ДУМ-ийн сүүлийн сонгуулийн дараа оросууд мажоритар системд эргэн шилжихээ мэдэгдээд байна. Ерөнхийлөгч Д. Медведев арванхоёрдугаар сарын 22-ны өдөр сенатор, губернатор, ДУМ-ийн депутатуудтай уулздаг жил тутмын арга хэмжээнийхээ үеэр улс төрийн шинэчлэл хийх саналаа дэвшүүлэв.

Шинэ Оросын түүхийн амаргүй үед Ерөнхийлөгч Медведев ийм мэдэгдэл хийхэд хүрсэн юм. ДУМ-ийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал арванхоёрдугаар сарын 5-ны орой буюу сонгуулийн дүнг зарласан даруйд 7 мянган хүний эсэргүүцлээр Чистые Пруды талбайд эхэлжээ. Зүгээр нэг эсэргүүцэл бус, Оросын улс төрийн идэвхтэй бүх намын гишүүд төдийгүй нам бусчууд, гол нь Оросын дундаж давхаргынхан, оюуны элитүүд өргөнөөр жагсаалд оролцов. Тэр ч бүү хэл Европт олноороо тархан суурьшсан Орос иргэд энэхүү эсэргүүцлийн жагсаалд биечлэн оролцсон юм. Арванхоёрдугаар сарын 10-ны өдөр 50 мянган хүн Болотная талбайд гарч ирсний дараа Оросын удирдагчид улс төрийн нөхцөл нойрмог олонхи, эрх баригчдыг дэмжигч массын хүрээнээс халин, Оросын эдийн засаг-улс төрийн хамгийн идэвхтэй цөөнх нийгмийн үлдсэн хэсгээ сэрээж эхэлснийг ойлгов. Тиймээс Д. Медведев улс төрийн шинэчлэл хийхээ амлалаа. Тэрбээр дараахь тодорхой саналыг дэвшүүлсэн юм.

1. ОХУ-ын Парламентын Дээд танхим болох Холбооны зөвлөлд сонгогдох Губернаторуудыг тухайн муж бүрээс сонгогчдын шууд саналаар сонгох. 2004 оноос өмнө оросууд мужийн захирагчаа ингэж шууд сонгож байсан ба В. Путин Ерөнхийлөгч болсныхоо дараа Губернаторуудын толгой мэдсэн үйл ажиллагааг хязгаарлан, Кремлийн үгийг дагадаг болгох үүднээс ард иргэдийн шууд саналаар бус, мужийн хууль тогтоох байгууллагаас сонгох зарчимд шилжүүлсэн билээ. Тухайн цаг үед Губернаторуудын хаанчлалаас үүдэн Оросын мужуудад авилгал, гэмт хэрэг гаарсан гэж үздэг. Одоо Орос орон эргээд төвөөсөө зугтах, хязгаар мужуудыг бие даан хөгжүүлэх улс төрийн шинэчлэлийг санал болгож байна.

2. Улс төрийн шинэ нам бүртгэх ажиллагаа маш олон дамжлага, хүнд суртлын шаттайг өөрчлөх, хамгийн энгийн хялбар бүртгэлийн системийг Д. Медведев санал болгож байна. Оросын баруунтнуудын нам гэгдэх ПАРНАС (Партия Народной свободы)-ыг энэ зун бүртгэхгүй хэмээн олон дахин буцаасны эцэст ПАРНАС-ын удирдагчид Б. Немцов, М.Касьянов, В.Рыжков, В.Мылов нар Хууль зүйн яамыг шүүхэд өгөөд байна. Нэгэнт намыг нь бүртгэж аваагүй учир Оросын баруунтнууд ДУМ-ийн сонгуульд оролцож чадаагүй юм.

3. Зөвхөн Губернаторуудыг сонгох асуудлаар төдийгүй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдөд өмнөхөөс хялбар нөхцөл өгөхөө Медведев амлалаа. Одоо мөрдөж буй хуулиар бол Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигч 2 сая 300 мянган хүний гарын үсэг цуглуулж гэмээнэ өрсөлдөөнд орох эрхтэй болдог. Түүнчлэн, ДУМ-ийн гаднах намаас нэр дэвшигч 100.000 хүний гарын үсэг цуглуулахад хангалттай болгон тоо хязгаарыг багасгана гэв.

4. Дараагийн ДУМ-ийн сонгуулийг одоогийнх шиг пропорционалиар бус, холимог системээр хийх саналыг дэвшүүлэв. Ингэснээр нийт 450 депутатын 225 нь нэг мандаттай тойрогт мажоритар системээр өрсөлдөж, үлдэх 225-ыг намын нэрээр авсан пропорциональ зарчмаар сонгох аж.

5. Одоогийн байгаа аль нэг телевизийн суваг дээр суурилан олон нийтийн телевизийг жинхэнэ утгаар нь байгуулах санаачлагыг Д. Медведев мөн дэвшүүлсэн юм.

6. Орон нутгийн сонгуулийн штабууд, тэр дундаа Сонгуулийн Ерөнхий хороог байгуулах журмыг шинэчилнэ хэмээн бас амлалаа. ДУМ-ийн арванхоёрдугаар сарын 04-ний сонгуулийн дараа Ерөнхийлөгч Медведев Сонгуулийн хорооны дарга В. Чуровт “Та ч яг илбэчин шиг сонгуулийн дүнг урьдчилан хэлсэн байна шүү” хэмээн тоглоом шоглоомын хооронд хэлчихсэн нь ноён В.Чуровын шударга үнэнчид эргэлздэг оросуудын элгийг хөшөөх дөхжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн улс төрийн шинэчлэлийн дээрх бодлого нь Оросын баруунтнуудын жагсаал цуглаан болгон дээрээ хэлдэг шаардлагад бараг дүүрэн хариулах шахаад байна. Өөрөөр хэлбэл, Д. Медведев баруунтнуудын өмнөөс амлалт өгснөөр Орос дахь эсэргүүцлийн галыг бүдгэрүүлжээ. Баруунтнуудын нэг удирдагч Б. Немцов “Ерөнхийлөгч маш зөв саналууд дэвшүүлснийг” хүлээн зөвшөөрснөөр Медведев одоо өөртөө Оросын сөрөг хүчний дэмжлэгийг цуглуулах дөхөв.

Эндээс дараагийн асуулт гарч ирнэ. Д. Медведев эсэргүүцлийн галыг унтраах гал сөнөөгчөөр тодорсон юм байж, харин улс төрийн шинэтгэлийг хэзээ, ямар хугацаанд хийх вэ? Гол нь гуравдугаар сарын 04-ний өдөр товлогдсон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ямар нэг зүйл хийж чадах уу? Медведев энэ бүх сайхан санаачлагуудаа зарлахын өмнө В.Путинтэй зөвшилцсөн үү? Явах хүний татсан ачлагыг Путин дахин шалгаж мэдэх юм. Эсвэл энэ бүх шинэтгэлийн амлалт “Нэгдсэн Оросын” сонгуулийн өмнөх зальжин тактик уу? Оросын иргэдийн, тэр дундаа баруунтнуудын анхны хүчтэй эсэргүүцэлд эхний ийм хариулт ирээд байна.

Тэд хэн бэ?

Одоо Оросын баруунтнуудын шинж төрхийг харъя. Юуны түрүүнд, Орост хамгийн нэр хүндтэйд тооцогддог либерал удирдагч хүртэл ард олноосоо 1 хувиас илүү санал авч чаддаггүй. Олон сонгуулийн дараа ийм хандлага батлагдсан ба тиймээс барууны үзэл баримтлалтай удирдагчид хоорондоо нэгдэн нийлэхээр саяхнаас шийдсэн нь мөнөөх ПАРНАС билээ. Оросын баруунтнуудын энэхүү шинж төрх нь зарим талаараа Монголын ардчилагчдаас тэдний сул болохыг харуулдаг. Одоо ПАРНАС хэмээх шинэ намыг Хууль зүйн яам бүртгэж авах юм бол тэнд “Солидарность” хөдөлгөөний нэг удирдагч Б.Немцов, Оросын Ардын ардчилсан холбооны лидер М. Касьянов нар нийлнэ. Ингэж гэмээнэ сонгогчид нь арай том туг дор нэгдэх биз.

Гэвч “Нэгдсэн Орос” намын ДУМ дэх хамгийн хүчтэй сөрөг хүчин бол баруунтнууд биш, харин “Шударга Орос” нам юм. Сергей Миронов хэмээх эрийг монголчууд сайн мэднэ. Монголд элэгтэй, эндэх ажил амьдралын гараагаа ямагт хүндэтгэлтэйгээр дурсдаг С. Миронов Оросын улс төрийн өндөрлөгт гуравдугаар хүн байлаа. Арван жилийн турш тэрбээр Холбооны Зөвлөлийг тэргүүлсэн. Харин “Нэгдсэн Орос”-ын шийдвэрүүдийг хүчтэй шүүмжилдгийнхээ хариуд энэ оны тавдугаар сард албан тушаалаа өгсөн юм. Гэвч Сергей Миронов саяын сонгуулиар “Нэгдсэн Орос”-ын эсрэг ДУМ дэх хамгийн хүчтэй фракц болох “Шударга Орос” намынхаа суудлыг даруй хоёр дахин нэмж чадсан. Одоо “Шударга Орос”-ууд ДУМ-д 64-үүлээ. Тэд 8.7 сая сонгогчийн саналыг авсан. “Шударга Орос” нам нь ард иргэдийн дунд “Эсерүүд” (Справедливая Россия) нэрээрээ алдаршжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сараас хүчтэй зохион байгуулалтад орсон “Цагаан туузтан”-ы хөдөлгөөн ч бас ямар нэг утгаараа цагаан Эсерүүдийг бэлгэдэх мэт санагддаг. Ямар ч байсан уудам Оросын том хотуудад эсэргүүцлийн жагсаал цагаан өнгө дор нэгдэн, Европ, төв Азийн цөөнгүй улсад бужигнасан хурц өнгөт хувьсгалуудаас элит байдлаараа ялгарсаар байна. Арванхоёрдугаар сарын 24-нд Академич Сахаровын талбайд эхэлсэн ээлжит эсэргүүцлийн цуглаан тайван уур амьсгал дунд болж өнгөрөхдөө Оросын залуус, сэхээтнүүдийн өргөн давхарга нь Европын гэр бүлд нэгдэхийг хүсч байгааг, залхуу ууртай баавгайн амьдралаас залхаж буйг, шинэ үе ирээдүйгээ шал өөр имижээр бүрдүүлэхийг хүсч буйг тод илэрхийлсэн юм.

Путиний нөөц буудал

Одоо “залхуу бүдүүн баавгайн” эзэн Путин юу хийхийг таамаглая. В.Путин ухаалаг улстөрчийнхөө хувьд алсын хараатай алхмуудыг хийдэг. “Нэгдсэн Орос” намын нэр хүнд унаж буйг тэрбээр эртнээс мэдэрсэн. Одоо тэр намаа аврах бус, өөртөө цоо шинэ орон зай гаргахаар ажиллаж байна. “Бүх Оросын Ардын фронт”-ыг В.Путин (Общероссийский народный фронт) байгуулсан юм. “Нэгдсэн Орос” намд нэгдэхийг хүсэхгүй байгаа боловч зорилго ойролцоо жижиг нам, хөдөлгөөн, төрийн бус байгууллагынхныг энд хүрээд ир хэмээн уриалсан билээ. Улмаар ДУМ-ийн сонгуульд өрсөлдөх боломжийг уг фронтод нэгдсэнээр нээж өгнө гэсэн юм. Олон хөдөлгөөний удирдагчид, идэвхтнүүд тэрхүү фронтод нэгдсэн байдаг. Харин тэглээ гээд ДУМ-ийн сонгуулийн үеэр тэднийг дээш нь татаж гаргаагүй, түр зуур “мартчихсан”. В.Путиний ийм алхам нь зарим талаар одоогийн Монгол Ардын намын шинэ гишүүнчлэлийн бодлогыг санагдуулдаг. Иргэний хөдөлгөөний хүчтэй удирдагчдыг Ерөнхий сайдын Зөвлөхөөр татаж авч, Төрийн ордонд хэсэг суулгадаг, тэгсгээд өнөөх Зөвлөхөө мартчихдаг арга барил нь “Нэгдсэн Орос”-той нэг технологи юм уу даа.

Путиний Ардын фронтыг түүний “нөөц буудал” хэмээн Оросын хэвлэлүүд бичиж байна. Баруунтнууд гудамжинд гарч, иргэдийн дэмжлэгийг цуглуулж байгаа бол Путин дэргэдээ иргэний хөдөлгөөнүүдээс арай амбицтайг нь, илүү дулаан тохьтой орчинд дуртайг нь цуглуулж эхэллээ

Баруунтнууд удирдагчтай юу?

Оросын баруунтнуудын өвчин хууч яг энэ асуултаар илэрдэг. Бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй олон “ухаантай” удирдагчтай явсаар либерал талынхан нэгмөсөн задарч бутарсан юм. Олон ч сонгуульд нам тавиулж, иргэдээс дэмжлэг авахаа бараг больсон билээ. Оросын баруунтнуудад Ю.Тимошенко шиг эр зоригтой, М.Саакашвили шиг яахаас ч буцахгүй лидер үгүй. Харин саянаас ямар ч байсан ПАРНАС дор нэгдмэр болж ирлээ. Гэвч хажуу дахь “Шударга Орос” нь иргэдээс хамаагүй өргөн дэмжлэг авах төлөвтэй. Өөрөөр хэлбэл, ардчилагчдадаа санал өгсөн иргэдийн сонголт тал талд тарамдаад байна. Яг Ардчилсан намд санал өгсөн монголчууд “Иргэний Зориг”-ийг ч давхар дэмждэг шиг санал хуваагддаг.

Сүүлийн нэг жилд Оросын шинэчлэгчдэд горьдлого төрүүлсэн бас нэг хүн гарч ирсэн нь тэрбумтан Михаил Прохоров. Өдгөө 46 настай Прохоровыг монголчууд ОНЭКСИМ группээр нь сайн мэднэ. Түүний бизнесийн чансааг Forbes-ийн жагсаалтаас харж болно. Forbes-ийн алтан зуу дотор тогтмол багтдаг долларын тэрбумтан М.Прохоров Оросын удирдагчдыг “Кремлийн улс төрийн хүүхэлдэйнүүд” хэмээн нэрлэдэг. Путин хариуд нь Прохоровыг “Олонд танигдаагүй хүн” хэмээн тодорхойлов.

Орос, Монгол шиг оронд бизнесээ амжилттай явуулъя гэвэл төр, засгийн удирдагчидтай ойрхон нөхөрлөж, төрийн дэмжлэгийг байнга авах хэрэгцээ гардаг. Харин “Онэксим”-ийн эзэн өдгөө ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путинтэй өрсөлдөнө гэдгээ хэлээд, Кремлийн эзэдтэй дайн зарлаад байна. “Онэксим” өөрийн мэдлийн Polyus Gold компанийнхаа хувьцааг Лондонгийн бирж дээр энэ онд гаргахаар зэхэж байгаа бөгөөд Орост мөрддөг дүрэм журмын дагуу Гадаадын хөрөнгө оруулалтыг хянах Засгийн газрын Комиссын зөвшөөрлийг Прохоров авч гэмээнэ санхүүгийн ийм арилжаа эхлэх эрхтэй болно. Их улс төрд сөрөг хүчний үүрэгтэй орж ирснээр тэр бизнесээ яах аргагүй эрсдэлд оруулжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг надад ятгасан юм гэж Прохоров хэдийгээр ярьдаг боловч тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн хэвлэл мэдээллийн редакцуудыг, тэр дундаа телевиз худалдан авах ажлууд цөөнгүй хийсэн нь сонгуульд бэлтгэсний дохио биз ээ.

Михаил Прохоров олон сайн бизнестэй. Шинэ технологи цөөнгүй туршиж, Оросын автомашины үйлдвэрлэлд нэг ёсны IQ нэмэхээр асар их хөрөнгө зарцуулж байгаа. Гэвч тэрбээр улс төрд шинэ хүн. В. Путин ба түүний төрийн машин, улс төрийн бүхэл бүтэн системтэй ганцаараа үзэлцээд барахгүй нь тодорхой юм. Прохоров тэрбумтан хэдий ч “Нэгдсэн Орос”-ын хаанчлалын үед тус намаас дэмжлэг аван өндийсөн олон бизнес Орост бий. Путин ба Медведевийн засаглалын үед долларын тэрбумтны эгнээ хорь гаруй шинэ хүнээр хүрээгээ тэлснийг Forbes-ийн жагсаалтаас харж болно. Тэд өөрсдийн бизнесээ босгосон улс төрийн энэхүү тэжээгч системийг задлахыг юунд хүсэх вэ. Тэд бол “Нэгдсэн Орос”-ын мөнгөтэй авдар юм.

Оросын улс төрд өрнөж буй олон үйл явц Монголынхтой төстэй харагддаг. Мэдээж хэмжээ далайцын хувьд харьцуулах аргагүй. Гэхдээ технологид нь аргагүй төс бий. Төрийн ДУМ-ийн сонгуулийн өмнөхөн, аравдугаар сарын 1-нээс Засгийн газрын тэргүүн В. Путин төрийн албан хаагчдын цалинг 6.5 хувиар нэмсэн. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн наана ээлжит бэлгээ Засгийн газар задалж эхлээд байгаа. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлийн хураамж 34 хувь байсныг 30 болгон багасгалаа. Мөн л нэгдүгээр сарын эхний өдөр цахилгаан, дулааны үнийн индексийг шинэчлэх байсныг түр азнаж, долдугаар сарын 01 хүртэл аливаа үнийн өсөлтийг барьтугай гэв. Хүүхэдтэй эхчүүдэд олгодог тэтгэлгийг оны эхний өдрөөс 6 хувиар нэмжээ. Оюутнуудын стипендийг нэмж, цэргийн алба хаагчид, дотоодыг хамгаалахын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх олон арга хэмжээг нэгдүгээр сарын эхний өдрөөс хэрэгжүүлэх тушаалыг Ерөнхий сайд буулгасан билээ. Хоёрдугаар 1-нээс тэтгэврийг 7 хувиар, дөрөвдүгээр сард дахин 2.4 хувь, мөн сараас тэтгэмжийн хэмжээг даруй 14.1 хувиар өсгөнө гэсэн мэдээллийг ОХУ-ын Засгийн газрын вэб хуудаснаас харж болно. Манай цалин, тэтгэврийн нэмэлтүүдтэй ихэр сонсогдож байгаа биз ээ.

Оросын баруунтнуудын тухай онцлон тэмдэглэхийн учир нь 2012 оны гуравдугаар сарын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн хэний ч талд гарсан бай их гүрэнд улс төрийн шинэчлэл өрнөх нь тодорхой болчихоод байна. Эдийн засгийн хямралтай зэрэгцсэн улс төрийн шинэтгэл ямархан үр дагавар авчирдгийг дэлхийн түүх мэднэ. Баруунтан шиг баруунтан нийгэмд байраа эзэлж чадаагүй цагт орон зайд нь хэт даврагсад, националист үзэлтнүүд үүрээ засах гэж оролддог эх дэлхийн гашуун түүх байна.