САЙН БАЙНА УУ, 2010

2009 оны 12 сарын 21

УИХ маш олон Ажлын хэсэг байгуулж эхэлснийг уншигч Та анзаарсан байх. Парламентын хаврын чуулганаар манай улсын ирээдүйд том өөрчлөлт авчрах олон хуулийн төсөл хэлэлцэнэ. Эдгээр төслийг бэлтгэх, судлах Ажлын хэсгүүд эмхлэн байгуулагдсаар байна.

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг өргөн тэмдэглэж байгаатай зэргэцэн Монгол орон шилжилтийн гэх эцэс төгсгөлгүй замдаа цэг хатгаж байна. 2010 он бол манай улсын эдийн засаг, улс төрийн амьдралд эргэлт авчрах учиртай цагийн эерэг тохироо мөн.

Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, эдийн засгийн харилцааг зохицуулж буй олон хуульд өөрчлөлт оруулах, цоо шинийг батлах их ажлын жил юм. Улс төрийн сонгуулиудын чимээ хэсэгтээ алсарсан таатай цаг үе билээ.

Юуны түрүүнд 2010 онд манай улсын төсвийн менежмент эрс шинэчлэгдэнэ. Ерөнхийлөгчийн УИХ-ын чуулган дээр хэлсэн төсвийн шинэтгэлийн тухай илтгэл бол энэхүү ажилд улс төрийн дэмжлэг өгсөн чухал алхам юм. Харин ийм үг хэлэхээс өмнө Сангийн яамны мэргэжилтнүүд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг аль хэдийнэ боловсруулчихаад байлаа. Уг хуулийн төсөлд УИХ-ын төсөвтэй хутгалдах үйл явцыг хязгаарлаж өгсөн юм. Парламентын гишүүдийн мөнгөтэй харьцах эрх мэдлийг хумьсан үзэл баримтлал бүхий хууль гэсэн үг. Төсөв хөрөнгө зарцуулах, төлөвлөх эрх нь Засгийн газартаа жинхэнэ утгаар очиж, харин хууль тогтоох эрх мэдлээ УИХ хэрэгжүүлэг ээ гэсэн улаан шугамуудыг уг хуулийн төсөлд шигтэгжээ. Парламентаас бодлогын түвшинд баталж өгсөн төсөл хөтөлбөрүүдийг ээлж дараалан эрэмбээр нь санхүүжүүлэх эрх Засгийн газарт шилжинэ гэсэн үг. Уг хуулийн төслийг Чилийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас жишээ аван боловсруулсан гэдэг ба Дэлхийн банкны судалгаа зөвлөгөөг бас харгалзсан гэж байна. Ямар ч байсан төслийг Парламентаар хэлэлцэх үед хий, шүүс нь шахагдан, чамбай болох байх. УИХ-ын гишүүд уг төслийг нэн уриалган хэлэлцэхгүй ч байж мэднэ. Гэхдээ улс орны эдийн засаг төсвийн тогтвортой төлөвлөлтийг шаардаж байна. Тун саяхан баталсан 2010 оны төсвийн тухай хууль задарч мэдэхээр болсон явдал бол төсвийн өнөөгийн менежмент явахаа больсныг харуулсан баримт билээ.

Дээрх төсөлтэй зэргэцээд Нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орно. Мөн Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хууль үндсээрээ өөрчлөгдөх учиртай болоод байна. Ч. Улаан гишүүний эх барьсан Удирдлага санхүүжилтийн хууль 2002 оноос хойш манай улсад босоо маркетингийг хэрэгжүүлжээ. Төвөөсөө санхүүжилт хүлээсээр байгаад орон нутагт санал санаачлага гээч зүйл алга болж, сүүлдээ Иргэдийн төлөөлөгчдийн хуралд мөнгөтэй л бол хэн ч хамаагүй, ер нь л бизнесийнхэн бөөнөөрөө сонгогддог болчихов. Тиймээс Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг өөрчлөх Ажлын хэсэг УИХ-д байгуулагдаад байна. 2011 оны төсөв ярих үед дээрх хуулиуд батлагдсан байх учиртай гэж Парламент үзжээ. Өнгөц харахад баахан уйтгартай нэртэй хуулийн төслүүд хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр санагдаж болох юм. Харин үнэхээр цогцоороо батлагдаж чадвал монголчуудын амьдралын 20 жилийн хэвшил эрс шинэчлэгдэнэ.

Шинэчлэлийн гараанд хэлэлцэх бас баахан хууль багцаараа байна. Тэр нь Банкны тухай хууль, Төв банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хадгаламжид баталгаа гаргах хуулийн төсөл, Хадгаламжийн даатгалын корпорац байгуулах ажлууд юм. Арилжааны банкууд эзнээ, хөрөнгө оруулагчаа зарладаг болно гэсэн үг. Тэд харилцагчийнхаа нууцыг л хамгаалдаг болно. Одоогийнх шиг арилжааны банкны хувь нийлүүлэгчид  өөрсдийнхөө үйл ажиллагааг далдалдаг халхавч үгүй болно. Дээр нь дампуурсан банкны алдагдлыг төр үүрдэг явдлыг эцэс болгох санаатай хуулийн төслүүд Парламентад хэлэлцэгдэхээр орж ирнэ. Хадгаламжийн даатгалын корпорацтай болчихвол арилжааны банкуудын хадгаламжаас шимтгэл авах маягаар сан бүрдүүлдэг байгууллагатай болно гэсэн үг. Аль нэг банк дампуурсан нөхцөлд уг сангаас хадгаламжийг эрсдэлгүй болгоно. Хэрэгждэг бол сайхан сайхан хуулийн төслүүд ийнхүү хаврын чуулганаар яригдах гэж байна.

Арилжааны банкуудын ажил ба улсын төсвийн менежментийг шинэчлэхээс гадна урт хугацаанд тогтвортой хөгжих баталгаа гэлтэй нэлээн хэдэн хуулийн төсөл мөн УИХ-д орох юм. Юуны түрүүнд Тогтворжилтийн сангийн тухай хуулийн төслийг нэрлэе. Засгийн газар энэ төсөл дээр ажиллах даалгавар аваад байгаа. Зэсийн үнийг олон жилийн дунджаар авч тухайн жилийн төсөвт суулгана, харин үнэ ханш дээшээ гарсан тохиолдолд илүү гарсан орлого нь Тогтворжилтийн санд орно. Зэсийн үнэ унасан үед хуримтлал хэрэг болно. Ерөнхийдөө мөн л Чилийн Зэсийн сангийн туршлагаас хуулбарласан санаа. Гэхдээ манай улс шиг зэсийн үнээс хамаарч амьдардаг газарт тун чухал хууль юм. 2010 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх явцад С. Оюун, О. Чулуунбат, Н. Батбаяр зэрэг гишүүн ийм сан зайлшгүй хэрэгтэй гэж дуугарч байсан. Тэдний үг монголчуудын амьдралд агаар шиг чухал зүйл. Энэ бол уг нь Хүний хөгжлийн сан гэгчээс түрүүлж бий болох учиртай хуримтлал юм. Гэвч манай Парламентад хууль хэлэлцэх дараалал алс ирээдүйгээ харах цараагаар бус, харин ойрын зайны баримжаагаар шийдэгдэж байна. 2010 он гишүүдийн энэхүү зузаан линзтэй нүдний шилийг халах болтугай.

Саяын хямралаас сургамж авсных уу ямарч байсан Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл Монгол улсад байгуулагдана. Банкны тухай хуулийн төсөлд ингэж бичжээ. Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга гурав хамтран уялдаатай ажиллах механизм юм болов уу даа. Энд тэмдэглэхэд илүүдэхгүй нэг санаа бол эдийн засгийн хямрал манай санхүү, мөнгөний бодлогод хуримтлагдсан өвчин хуучийг бүгдийг ил болгосон юм. Өөрчлөхөөс өөр аргагүй нөхцөл  бий болоод байна. Тиймээс 2010 оны Парламентын чуулган шинэтгэлийн чуулган болно. Хаврын чуулганаар хэлэлцэж болзошгүй бас нэг төсөл нь Хөгжлийн төлөвлөлтийн тухай хууль. Одоогийнх шиг дур дураараа том төсөл бодож олдог явдлыг халах санаатай ийм зохицуулалт бэлтгэжээ.

Дээр өгүүлсэн жагсаалтууд нь шинэ онд манай шийдвэр гаргагчдын хийх ажлын нэгээхэн хэсэг. Эдийн засгийн утга агуулсан хэсэг нь. Үүний зэргэцээ сонгууль хийдэг зарчмаа улстөрчид өөрчлөх санаа бодолтой байгаа байх. Улс оронд маань тогтолцооны хямрал нүүрлээд байгааг хүлээн зөвшөөрөгчид олширч байна. Томоохон шинэчлэлүүд хийхийг цаг үе бидэнд тулгав. Монгол орон олон улсын эдийн засаг, наймаа худалдаанд нэг оролцогч болсныг дагаад нийгмийн амьдралын салаа мөчир болгонд тэрхүү дэлхийн жишгээр явах шаардлага гарч эхэллээ. Энэ бол эрүүл, сайн ирээдүй юм.