2008.02.07
Шинжлэх ухааны профессор цолтой энэ эр өдгөө 50 нас шүргэж яваа. Хятадын коммунист намын Төв хорооны орлогч гишүүн. Маш гүйлгээ ухаантай.
Хятад улсын коммунист эдийн засагт капиталист арилжааны сүйхээ сүлбэж яваа хүн.Төрийн хяналтад байдаг Chinalco компанийн захирал Сияо Яацин хэмээх энэ эр өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Хятадын түүхэнд эхний гэж болох дуулиант арилжаа хийснээ дэлхий дахинд зарлав. Хөнгөн цагааны аварга үйлдвэр Chinalco нь Америкийн томоохон үйлдвэртэй хавсарч байгаад Рио Тинтогийн хувьцааг худалдаж авлаа. Одоохондоо 12 хувийн хувьцааг нь авчихаад байна. Мөдхөн Рио Тинтогийн 19 хувийн хувьцааг халаасандаа хийх төлөвлөгөөтэй гэж биржийн шинжээчид Сияо захирлыг хардав.
Дэлхийн уул уурхайн салбарынхан төдийгүй эдийн засагчид, шинжээчид хоёрдугаар сарын 2-ны өдрийн дээрх наймааны тухай мэдээг амьсгаа даран хүлээж авлаа. Хятадын Засгийн газар зах зээл дээр анх удаа том тоглолт хийж буй нь энэ ээ. Цаашид ийм арилжаа улам идэвхжих хандлагатай.
Сияогийн нойр хулжсан нь
Ноён Сияо Яацин 2004 оноос хойш гадаадын уул уурхайн компаниудын хувьцаа худалдан авах ажилд гаршаад байгаа нэгэн. Хятадын коммунист намын шилдэг боловсон хүчин, найдвартай залуу халаа. Зах зээлийн харилцаанд тус улсын эдийн засгийг аажим зохицуулах араа хүрдний эд эс. Эрхэм инженерийн лут санаануудын ард Хятадын нам засгийн мөнгөн бороо нөмөр түшиг болж байгаа.
Өмнө нь Хятадын Хөгжлийн банк Рио Тинто компанийн хувьцааны нэг хувийг худалдаж авсан хэмээн дэлхийн хэвлэлүүд хардсан удаатай. Рио энэ мэдээнд яаран залруулга хийсэн билээ. Өнгөрсөн бямба гаригийн наймааны дараа ч хятадууд хувьцаа нэмж авах сонирхолтойгоо илэрхий санааширсан бол Рио Тинто энэ талаар ам нээсэнгүй. Ер нь Рио Тинтогийн лого 2007 оны турш Bloomberg болоод Financial Times сонины хуудсуудаас салаагүйг анхаарахад илүүдэхгүй. Тэд өнгөрсөн намар Канадын цагаан тугалганы Алкан компанийг худалдаж авсан.
Төд удалгүй Би Эйч Пи Биллитон компани Риог өөрийг нь залгина гэсэн яриа гараад ирэв. Би Эйч Пи бол уул уурхайн салбарт урдуураа улаан хөлт одоохондоо гишгүүлээгүй компани. Удаа нь мань Рио жагсдаг. Дэлхийн хоёр том нэгдчих магадлал маш өндөр байлаа. Арваннэгдүгээр сард ийм сэдвээр тодорхой яриа гарч, хэвлэлүүд шуугисан юм.
Чухам энэ үеэс Рио, Би Эйч Пи хоёрыг наалдчих вий гэсэн аймшигт бодол ноён Сияогийн нойрыг хулжаажээ. Улмаар Хятадын коммунист нам хувьцааны капиталист арилжаагаа идэвхжүүлэхийг шилдэг боловсон хүчиндээ шуурхайлан даалгасан. Хэрэв Би Эйч Пи болоод Рио Тинто нэгдвэл тэр нь төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагааны дэлхийн монополь, үнэ ханш тогтоогч нь болно. Эдгээр болон нүүрс, цайр, очир алмаазын дийлдэшгүй үйлдвэрлэгч болж таарна. Түүхий эд монополь гарт төвлөрнө.
Тэр цагт хамгийн том хэрэглэгч Хятад улсын зах зээл үнийн хараат байдалд орох магадлалтай. Яг ийм айдаст хөөгдсөн Хятадын удирдлага Би Эйч Пи компаниас өрсөн байж Рио Тинтогийн Лондоны бирж дэх хувьцаанаас 12 хувийг нь авлаа. 13 тэрбум ам. долларыг үүнд зарцуулна гэдэг юу ч биш ээ. Хятадын эдийн засагт хөнгөн цагааны хэрэгцээ тийм их билүү хэмээн уншигч та эргэлзэх хэрэггүй юм. Тус улс хэдийгээр өнөөдөртөө хөнгөн цагаан экспортлох түвшинд яваа боловч өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа машин, онгоцны, барилгын материал, цахилгааны үйлдвэрлэл нь түүхий эдийг мангас лугаа залгиж эхэлнэ.
Цаашлаад нүүрс олборлолтоор Би Эйч Пи компанийн хараат болчихвол, зэсийн үнэ ханшаар дарамтлуулаад эхэлбэл яах вэ гэсэн цуврал айдас Хятад ноёдын нойрыг хулжаасаар байна.
Том авгад хэлэх сэтгэлийн үг
Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Том Албаниз өнгөрсөн жил Монголд морилон саатаж, Оюутолгойн ордын хувьцааны 20 орчим хувийг худалдан авснаа зарлан, дахин 20 хувийг авах эсэх нь Монголын Засгийн газартай хэр ойлголцож ажиллахаас шалтгаална гэсэн санаа илэрхийлсэн билээ.
Цагаан сарын битүүний энэ өдөр мөн л Рио Тинтогийн удирдлагууд Монголд ирчихсэн Ерөнхий сайд С.Баяртай уулзах цаг товложээ. Үдэш хамт битүүлэх гэж биднийг зориогүй нь лав. Намрын чуулганаар ярьж чадаагүй Хөрөнгө оруулалтын гэрээний талаар гомдлын үг унагаж, Оюутолгойгоос монголчууд 34 хувь хүртэх үү, 50 хувь гэж нэмж дуугарах нь зөв үү, энэ хэмжээндээ таарсан санхүүжилтийг Риогоос, Айвенхоу майнз компаниас зээлэх үү, зээлбэл ямар нөхцөлтэй байх вэ гэхчлэн нарийн ширийн зүйлс хэлэлцэх бололтой.
Том авгын шадар хүмүүсийн хувьд энэ удаагийн бараалхалт нь их өөр нөхцөлд болж буйг онцолъё. 2008 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийг дэлхийн хэвлэлүүд байн байн дурдаад байгаа. Яг энэ өдөр Би Эйч Пи компани Рио Тинтог худалдаж авъя гэсэн санаагаа эцэслэн тодруулах учиртай байв. Дэлхийн хэвлэлд өчигдөр нийтлэгдсэн тоймуудыг сонжвол хятадуудыг өмнүүрээ гүйлгээд алдчихсан Би Эйч Пи компани энэ удаа Риод арай өндөр үнийн санал хэлэхээр шийдэж байх шиг.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-ий өдөр Би Эйч Пи нь Риог 64 тэрбум фунт стерлинг буюу 140 орчим тэрбум ам. доллараар үнэлж, авъя аа гэсэн юм. Харин ноён Том Албаниз энэ үнийн саналд жаахан гомдоод, манай боломж, ирээдүйг дутуу үнэллээ гэсэн. Арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Том авга ийм мэдэгдэл хийхдээ Би Эйч Пи компанийн шинжээчдэд гэвч нэг их юм санаагүй өнгө аясаар ярьж билээ.
Би Эйч Пи компанийн санхүүгийн шинжээч зөвлөхөөр нь Голдман Сакс, Сити групп хэмээх аваргууд ажиллаж буйг онцолъё. Ингээд Рио Тинто “биеэ үнэлэх” өдрүүд ирлээ. Дараагийн удаа үнийн саналаа Би Эйч Пи нь хоёрдугаар сарын 6-ны өдөр буюу өчигдөр зарлахаар тов тогтоод байсан юм. Үйл явдал ингэж өрнөж байна. Өнөөдөр Ерөнхий сайд Риогийн удирдлагуудтай уулзахдаа нөхцөл байдлын дээрх өөрчлөлтийг илүүтэй мэдрэх биз ээ.
Би Эйч Пид үнэрхсэнээсээ хойш Том авга Бээжин рүү гүймхий болоод байсан агаад Сияо ноёнтонтой наймаа хийснийх нь дараа Рио Тинтогийн хувьцааны ханш өсч байгааг тэмдэглэе.
Зах зээлийн залруулга
Дээр өгүүлсэн болгон нь дэлхийн зах зээл дээр өрнөсөн сүүлийн үеийн сенсаацууд. Биднийг буузаа чимхэж байх зуур гялсхийтэл өрнөсөн үйл явдлууд. Битүүлээд, шинэлээд, ажилдаа эргээд цуглах үест бол ач холбогдол нь хямдарчихаж мэдэх мэдээлэл.
Монгол Улсын Их хурал намрын чуулганаараа хэлэлцэж амжаагүй, нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын эргэн тойронд нөхцөл байдал ийнхүү өдөр өдрөөр өөрчлөгдсөөр байна. Өнгөрсөн намрын тухайд Би Эйч Пи, Рио Тинто хоёр нэгдэх бололцоо өндөр байлаа.
Ийм нөхцөл Монголын хувьд маш ашигтай байсныг тэмдэглэмээр байна. Тавантолгой, Оюутолгой төслүүдийн хувь заяанд дэлхийн нэгдүгээр компани Би Эйч Пи голлох үүрэг гүйцэтгэх, дэд бүтцийн асуудлыг хамтад нь шийдэх боломж харагдаж байлаа. Тэр өдрүүдэд нэг тонн зэсийн үнэ 8000 ам. доллараас буухгүй байсан юм. Тэгвэл биржийн нэгдүгээр сарын хямралын явцад зэсийн ханш 6000 ам. доллар хүртэл унасан удаатай.
Голлох биржийн индексийн үзүүлэлтүүд 2001 оны есдүгээр сарын 11-ний дараах өдрүүдийнхээс ч доош орсон билээ. Энэ бол зах зээлийн араншин.
Хувьцаа эзэмшигчид урвах магадлалтай
Хятадууд ийм үйл явцаас их айж байгаа. Би Эйч Пи болон Рио Тинтогийн уурхайнууд голдуу ижил бүс нутагт олборлолт явуулдаг. Өмнөд Африк, Чили, Канад, Австралид тэд мөр зэрэгцэн ажилладаг. Хэрэв хоёр аварга нэгдвэл зардлаа хэмнэнэ гэсэн үг. Түүнчлэн хоёр компанийн хувьцааг давхар эзэмшигч үй олон. Нийт хувьцаа эзэмшигчдийн гуравны хоёр нь Би Эйч Пи болоод Рио Тинтогийн үнэт цаасны эзэд. Энэ хоёр бие биенээ аваад залгичихад хялбархан нөхцөл харагдаж байгаа биз?
Хятадын эдийн засагчдын болгоомжилж буй асуудал нь энэ юм. Тус улсын засаг захиргаа уул уурхайн компаниудын хувьцааг цуглуулах, жижиг уурхайнуудыг худалдаж авах ажлыг ялангуяа сүүлийн дөрвөн жил маш эрчимтэй хийлээ. Харин манайханд энэ талаар судалгаа байдаг болов уу?
Дэлхийн зах зээл дээр моод болчихоод байгаа нэгдэх, нэгнээ худалдан авах, хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох үйл явцын хаялга Монголын өмнөдөд гэрэл, сүүдрээ тусгах өдрүүд айлсаж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын сонгуулийн кампанитай зэрэгцэн хэлэлцэнэ. Эрүүл саруул хэлэлцүүлэг болно гэдэг итгэл үнэхээр бага байна аа.
Хаяанд Хятадын санаархал урагшилсаар байна. Зайдуу дэлхийн эдийн засагт үнэ ханшийн өөрчлөлт савласаар. Энүүхэнд тулгаа тойроод бид хэд гэрээний төслийг булаалдаж явна. Оюутолгой, Тавантолгойн эргэн тойронд Сияо ноёнтны толгой шоволзож эхэллээ.