Би хэдийнэ сэтгүүлч биш болсон байлаа. Бизнес эрхэлж эхэлсэн. Бас намайг сэтгүүлч Болормаа гэхээсээ нийтлэлч, шинжээч хэмээн тодотгохыг олонтаа сонсох болжээ.
Миний цонх гэрэлтэй
Шөнө дөлөөр ганцхан миний цонх гэрэлтэй байх шиг санагддаг. Нойр хугаслан бичих, төлөвлөх, редакторлох, захидлууд явуулах гээд ажил дуусахгүй. Тэр өдөрт төлөвлөсөн ажлуудыг маргаашд үлдээвэл овоорсон бантан болж орхино. Цаг хугацаа гэдэг энэ дэлхий дээрх хамгийн үнэ цэнт ойлголт мөн. Алисиа унтаж байна…Заримдаа охин маань пэд пад гээд яваад ирдэг юм. Нүд нь анилдсан, үс нь сэгсийсэн жижигхэн бамбарууш нойрон дундаа яваа атал инээсээр миний өрөөнд ороод ирдэг. Охиноо унтуулж, хажууд нь жаахан сууж байгаад дахиад л бичдэг. Компьютерийн товчлуур их чимээтэй эд гэдгийг шөнийн аниргүйд л мэдэрдэг. Охин минь дахин сэрэх вий дээ.
Нойр хугасалсан шөнүүдийн тухай хэнд ч ярьж байсангүй. Чив чимээгүйн дунд бодлууд үсчин, санаа хөврөх торгон агшин. Тэр шөнүүддээ би их хайртай.