2009

“Зүрхнээс зүрхэнд хүрсэн сурвалжлагыг сэтгүүл зүйн хамгийн хүндтэй хөдөлмөр хэмээн үздэг”

Л. Болормаа

 

Тэр нуур хөлдөө болов уу

Тэвчээргүй зун шиг давлагаалж чадах уу,

Завгүй л явна даа би

Заримдаа тэр жаахан нуурыг өрөвдөх юм.

 

 

 

Тэр шийдвэрийг би өдөр сонсч билээ. Ингээд үд ихэд хэвийх цагт би ажил дээрээ ирээд, ёс болгож тэр хүмүүстэй хальт уулзаад гарсан юм. 2008 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн даваа гаригт тэндээс гарсан. Дараагийн бямба гаригт нь ирээд, хэдэн дэвтэр, бичиг цаасаа жижиг машиндаа хийгээд бүрмөсөн явж билээ. Дахин би тэр редакцаар огт шагайсангүй. Орох хүсэл төрөөгүй юм. Босгосон бүхэн минь тэнд хоцорсон. Арван хэдэн жил ажилласан редакцтай маань хүний ёсоор баяртай гэж хэлэх боломж олгоогүй тэр хүмүүст нэг их юм бодсонгүй. Энэ шийдвэрийг гаргуулах гэж нэг хоёр хүн их зүтгэснийг хожим дуулж билээ. Харин хэсэг хугацааны дараа энэ шийдвэр надад хязгааргүй эрх чөлөө өгснийг ойлгосон юм. “Эрх чөлөө” нэртэй зургийг надад Төгсөө эгч бэлэглэх мөчид жигүүр дэлгэн хөөрөх өдөр ирснийг би мэдэрсэн. “2008 оны гуравдугаар сарын 16” хэмээн С.Төгс-Оюун эгч зураг дээрээ бичжээ. Хоёр бяцхан тэнгэрийн дагина дүүлэн , харин ээж нь гэх даашинзтай тэнэгхэн бүсгүй эрх чөлөөт орон зайг гайхшран , үл итгэн алхах тэр юутай оносон дүрслэл байв аа. Амьдралын тойрог лугаа бор шар дулаахан өнгөт цагаригууд бид гурвыг хүрээлээд, би гэдэг бүсгүй хоёр хайртай охинтойгоо хорвоогоор нэг алхаж байх юм даа. Бидний замыг яасан ч урт дүрслээв дээ. Сонинд ажиллаж байх үед минь зураач Төгсөө ирээд, чамд эрх чөлөө хэрэгтэй байх шиг санагдах юм, чи богинохон даашинз өмсөөд дуртай зүгтээ алхмаар байвал хүссэнээ хийж бай, хамгийн чөлөөтэй тод өнгийг айлгүй сонгож байгаач гэж хэлсэнсэн. Сэтгэл дотроо зөрчилтэй явдгийг минь тэр ухаалаг эмэгтэй олж харсан байж. Төгсөө эгч тэр өдөр тод ногоон өнгөтэй , энгэр задгай дэгжин загвартай хантааз өмссөн байсан нь санаанаас үл гарна. “Өнөөдөр” сониноос намайг гарахад чин сэтгэлээсээ миний төлөө баярласан ганцхан хүн тэр эмэгтэй байсан байх. Дайчин, халуун сэтгэлтэй, зүрх зоригтой, бас дэгжин хүүхнүүдэд би их хайртай. Тийм хүмүүс амьдралын өнгийг тодорхойлдог.

 

 

Зүгээр л нэг дарс уух утгагүй

Зүрх булгилан түүнийг шимэх ямар гээч

Хайш яаш хундага дүүргэх үнэхээр дургүй

Чамин гоё урт иштэд үлгэр мэт асгаруулаач.

 

 

Нэг хүний төлөө зүтгэж байхыг нь хараад би нэг их юм боддоггүй байлаа. Ерөнхий эрхлэгч өрөөнд ороод ирвэл учиргүй бичиг цаас шагайн, урагшаа хойшоо ажил ярин алхаж эхэлдэг тэр хүмүүсийг хараад өрөвддөг байлаа. Эрхлэгчийн эзгүйд редакцид тоотой үзэгддэг жүжигчид эзний бараанаар харин амьтан болдог байж билээ. Энэ нь их инээдтэй харагддагсан. Инээд тохуугаа би нууж байсанчгүй. Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн төлөө би зүтгэж байсан юм. Өнөөдөр ч тэр зорилгынхоо өмнө үл шантран , оргил өөд мацаж байна. Би хэзээ ч хэн нэгэнд таалагдах гэж ажиллаж, бичиж байсангүй. Тийм болохоор Ерөнхий эрхлэгч маань “Өнөөдөр” сонины редакцид ороод ирэх мөчид ч, эзгүй олон сараар явах үед нь ч би хийх ёстой ажлаа чин сэтгэлээс гүйцэтгэдэг байлаа. Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар бичдэг байсан. Бичиж байна. Бичих болно. Надад хэзээ ч эзэн ноён байгаагүй. Өөрийнхөөрөө туулж яваа амьдралаараа би бахархдаг. Өөрийнхөөрөө байж чаддаг болохоор минь Эрхлэгч намайг өрөөндөө дууддаггүй, би өрөөгөөр нь орж гарч гүйдэггүй, харин эзэн маань миний дэргэд ирээд ажил төрлөө зөвлөдөг байсан. Тэр хүн надад итгэдэг, хүндэлдэг байсан. Болороо завгүй байгааг тэр мэддэг, тийм болохоор зүгээр л ороод ирдэгсэн. Үүнээс илүү итгэл гэж юу байх билээ. Завгүй, өөрийнхөөрөө зам минь өнөөдөр ч зах хязгааргүй үргэлжилсээр. “Завгүй нэртэй компаниа байгуулсан. Хичээж л явна даа.

 

Хүч алдран цөхрөх өглөө

Хүний нүдэнд нулимсаа би үзүүлдэггүй ээ

Товор товор алхан одохдоо

Тоохчгүй, шаналахчгүй яваа мэт бардам.

2009

 

Тэр давааны цаана цэцэг

Цэнхэр цагаан ягаан

Харахсан гэхээс яараад

Хачин адал явдалт миний амьдрал.

 

Бартаат даваа чулуу их

Бэсрэг жавар үлээх энүүхэнд

Хачин нь би даашинзтай

Хөнгөн өсгийтөөсөө салах ч биш.

 

Нар намайг дагаад явахаа амлалаа

Гэрэл миний охидоос үл холдоно.

Гагцхүү ээж минь энэ давааг гэтэл

Жалга хонхор миний амьдрал биш.