2014.11.8
Өнөөдөр үдээс хойш дээрх бүрэлдэхүүнтэй уулзалт Бээжинд нээгдэх юм. Оройн зоогийг БНХАУ-ын дарга Си Жинпин хүндэтгэн барих ба Форумын үр дүнг тэнд нэгтгэн ярих биз ээ.
“Дэд бүтцээр харилцан холбогдож,түншлэлийг эрчимжүүлэх нь” сэдэвтэй уг Форумыг анх удаа зохион байгуулж байна. АПЕК буюу Ази, Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын өнгөрсөн 25 жилийн түүхэнд урьдчилсан уулзалт олонтаа зохион байгуулагдаж байсан хэдий ч энэ удаагийн тусгай Форум эхнийх нь. Товчдоо Хятад улсын амбицын нэг хэсэг. Оролцогч талуудын хувьд ч харилцан ашигтай хамтын ажиллагааны эхлэл.
Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж ба түүний энэ өдрийн “андуудыг” танилцуулъя. Мянмарын Ерөнхийлөгч Thein Sein, Бангладешийн Ерөнхийлөгч Abdul Hamid, Лаосын Ерөнхийлөгч Choummaly Sayasone, Тажикстаны Ерөнхийлөгч Emomalii Rahmon, Пакистаны Ерөнхий сайд Nawaz Sharif, Камбожийн Ерөнхий сайд Hun Sen ба Ц. Элбэгдорж. Эдгээр нь бүгд АПЕК-ийн гишүүн эдийн засаг болохоор өргөдлөө өгсөн улс орны удирдагчид юм.
Хятад улс энэ жил АПЕК-ийг даргалж байгаагийн хувьд, дэлхийн тэргүүлэх эдийн засаг болохоор юу юугүй тэмүүлж буй мөчид амбиц ихтэй олон төлөвлөгөөгөө АПЕК-ийн Дээд хэмжээний уулзалтын өдрүүдэд “зүтгүүлнэ”. Тэдгээрийн гол санааг Ази, Номхон далайн бүс нутгийг хамарсан эдийн засаг, худалдааны санаачлагыг гартаа авах хэмээн товч томъёолж болно. Өөрөөр хэлбэл ийм үүрэг гүйцэтгэхийн тулд Америктай өрсөлдөнө гэсэн үг.
Үүний хамт Хятад нь хил залгаа орнуудтайгаа “коннективити” хамтын ажиллагааг гурван түвшинд эрчимжүүлж байна. Дэд бүтцээр харилцан холбогдох, худалдааны журам, нэгдсэн стандартаар харилцан уялдах, бизнесүүд, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх гэсэн гурван түвшинд хамтрах бодлого баримтлаж байна. Уг бодлогын хүрээнд долоон орны төр, засгийн тэргүүнүүдтэй тусгай Форум хамтран зохион байгуулж буй нь энэ.
Энэ өдрүүдэд Бээжин хотноо АПЕК-ийн Сайд нарын нэгдсэн уулзалт ба Ахлах албан тушаалтнуудын уулзалт дараалан болж байна. Харин 10-11-ний Даваа, Мягмар гаригт АПЕК-ийн Дээд хэмжээний хуралдаан болно. Монгол улсын хувьд анх удаа АПЕК-ийн Зочин орны түвшинд уригдаад байгаа нь энэ. Даваа гаригийн үдшийн гала зоогт Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж уригджээ. Мөнөөх гала дээр хэнтэй эс уулзах боломж гарах билээ. В. Путин, Б. Обама, Си Жинпин, Ш. Абэ гээд дэлхийн топ удирдагчид хүрэлцэн ирнэ.
АПЕК-ийн гишүүн эдийн засаг эдүгээ 21 болсон ба тэд өөр зуураа худалдааны тарифын хөнгөлөлттэй харилцаж, гишүүн эдийн засаг дахь бизнесүүдээ дэмжих, мэдээлэл харилцан солилцох зэрэг бодит хамтын ажиллагаатай. 2011 оны байдлаар АПЕК-ийн гишүүн эдийн засгууд хоорондоо Чөлөөт худалдааны бүсийн 48 гэрээ зурсан нь тус байгууллагын хамтын ажиллагааны өгөөжийг илтгэнэ. Бизнес аяллын карт, Нэг цонхны стратеги, АПЕК-ийн цахим хуудас гэх зэрэг бодит түншлэл нь гишүүн эдийн засгууддаа өгөөж өгдөг.
Австрали улсын санаачлагаар анх 1989 онд Номхон далайд гарцтай Ази, Америк тивийн 12 эдийн засаг нэгдэж тус байгууллагыг үүсгэжээ. Өдгөө 21 гишүүн эдийн засагтай. 1998 онд Вьетнам, ОХУ, Перу улсыг элсүүлснээсээ хойш шинэ гишүүнтэй болоогүй. Юуны түрүүнд гишүүн эдийн засгуудынхаа үр дүнтэй хамтын ажиллагааны механизм бүрдүүлж байж “шинэ” –үүдийн тухай хожим авч хэлэлцэнэ гэсэн бодлоготой.
Тэгэхээр Монгол улсын гишүүнчлэлийн тухай өнөөдөр ярих нь эрт байна. Ямар ч гэсэн АПЕК-ийн Хороодын үйл ажиллагаанд ирэх жилээс идэвхтэй оролцоно гэсэн байрь сууриа Гадаад яам нотолж байна. АПЕК-ийн Ажлын таван хэсэгт нь орлоцох чиглэл ч гарчээ. Монгол улсын гишүүн болохоор чармайж буй олон улсын хамтын ажиллагааны ганц байгууллага нь АПЕК юм. Эдийн засаг, худалдааны бүс нутгийн энэхүү чухал бүтцэд хамрагдах нь манай улсын эдийн засгийг бэхжүүлэх сайн гарц юм.
Дээр өгүүлсэн АПЕК-ийн гишүүн бус долоон орны төр, засгийн тэргүүнүүдийн тусгай Форумд мөн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хорооны ( ESCAP ) Ерөнхий нарийн бичгийн дарга, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцох гэнэ. ШХАБ-ын хувьд Америкийн тус бүс нутаг дахь нөлөөг багасгах зорилготой байгуулагдсан цэрэг улс төрийн шинжтэй эвсэл тул Монгол улс ажиглагчийн статустайгаа үлдэх нь тодорхой.
АПЕК буюу Дэлхийн худалдааны байгууллагын дараа эрэмбэлэх хэмжээний Ази, Номхон далайн эдийн засгуудын хамтын ажиллагааны хамгийн том Саммит ийнхүү эхэлж байна. Бээжингийн зүүн чанад дахь Яньци нуурын эрэг, үзэсгэлэнт амгалан орчинд Саммит хуралдана. Бээжин хотын агаарын бохирдлыг арай бага байлгах гэж удирдлагууд нь чармайжээ. Сар гаруйн өмнөөс ойролцоо мужууд дахь үйлдвэрийн ажлыг зогсоож, түр зуур “аргалсан” байх юм. Сүүлийн хоёр удаагийн АПЕК-ийн Дээд хэмжээний хуралдаанд морилон саатаагүй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Яньци нуурын эрэгт урин залах нь Бээжингийн том зорилго байсан бололтой. Бүр цаашилбал эдийн засгийн хориг арга хэмжээ чангарснаас хойш учраагүй яваа В. Путин, Б. Обама нарын хоёр талын уулзалт зохион байгуулчих санаа ч Си Жинпинд байгаа биз ээ.
АПЕК-ийн хуралдааны талаар амгалан, найрсаг дүрсүүдийг уншигч олон телевизийн дэлгэцнээс тольдох биз ээ. Харин тэдгээрийн цаана Хятад ба Америкийн хүчтэй өрсөлдөөн үргэлжлэх юм. Ази, Номхон далайн бүс нутгийн худалдаанд давамгай байдлаа тогтоох гэсэн хоёр их гүрний тэмцэл чимээгүй өрнөж байна.
TPP (Trans Pacific Partnership) буюу Америкийн зүтгүүлж буй худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны загвар ба RCEP (Regional Comprehensive Economic Partnership) буюу Хятадын санал болгодог бүтцийн аль нь давамгайлах вэ, эсвэл нэгдэх үү гэсэн өрсөлдөөн энд үргэлжилж байна.