ТҮҮХЭН ШОГЛООМ

2008.08.04

Цас хаялах бүүдгэр тэнгэрийн дор наран авхайг харуулдсан хүн олон. Гуравдугаар сарын зэрвэгэр тэр өдөр нар бүтэн хиртэх содон үзэгдлийг харахаар Монгол нутагт жуулчин цөөнгүй ирж билээ. 1997 оны хавар цаг. Дархан – Уул аймгийн нутаг дэвсгэрт нарны бүтэн хиртэлт тод үзэгдсэн аж. Харин 2008 оны наймдугаар сарын эхний өдөр эл үзэгдэл эх нутагт маань давтан харагджээ. Ассошейтэд Пресс агентлагийн энэ өдрийн шинэ мэдээнд Монгол хэмээх нэр хэдэнтээ давтагдсан шалтгаан нь нарны бүтэн хиртэлттэй холбоотой.

Содон үйл явдлын хэлхээ хөвөрнө. Нар бүтэн хиртдэг жилийн намар манай парламент 25 хүнтэй сөрөг хүчинтэй байсныг үл мартана. Сөрөг хүчний 25 гишүүний толгойлогч нь Н. Энхбаяр байжээ. МАХН парламентын засаглалын түүхэнд анх удаа хамгийн цөөн буюу 25 суудал эзэлсэн үе. Мөн л Монголын парламентын түүхэнд сөрөг хүчин анх удаа Засгийн газрыг огцруулах шаардлага тавьсан тохиолдол. 1997 оны аравдугаар сарын улс төрийн халуун өдрүүдийг өнөөдөр эргэн санахад түүхэн шоглоом мэт өрнөл нь ижил. Ардчилсан холбоо эвслийн Засгийн газрыг МАХН унагахаар оролдсон эхний өдөлт тэр байлаа. 17 өдрийн турш Засгийн газрыг шүүн хэлэлцсэн юмдаг.

Наран давтан хиртсэн 08 оны наймдугаар сард манай парламент басл хүчтэй сөрөг хүчинтэй, тэр нь 25-ын босго давсан тооны гишүүнтэй Ардчилсан нам байх ажээ. МАХН-ын Засгийн газрыг огцруулах шаардлагууд ч үл тасрах янзтай. Тохиолдол уу, түүхэн тоглоом шоглоом уу. Их түүхийн хүрд эргэх авч урагшлах хүч нь нэг л сулхан. Унаж туссан, өнгөрснийг давтан буцсан будилуу араа нэг л эрч хүч муутай.

96 оны “Эрдэнэт”, 08 оны Оюутолгой

1994 оны долдугаар сард хамтарсан “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой нэгэн эргэлзээтэй тогтоолыг ОХУ-ын Төрийн өмчийн хороо гаргасан юм. Оросын тал “Эрдэнэт” үйлдвэр дэх өөрийн эзэмшил хэсгийг хувьчлахаар шийдвэрлэсэн билээ. Хэрэв гярхай уншигч мартаагүй бол 1992-1996 онд Орос улсад өмч хувьчлалын эхний давлагаа түрээд өнгөрсөн. Хожмын олон тэрбумтан тэрхүү хувьчлалын тулаанд ялалт байгуулж, улсын дансанд байсан өмч хөрөнгийг “ваучердан” авч байлаа. Мөнхүү давлагааны хаялга “Эрдэнэт”-ийг “норгож”, эрхэм Тюряков яаравчлан адгаж байсан санагдана. “Зарубежцветмет”нэгтгэлийн Ерөнхий захирал асан А. Тюряковын алдрыг монголчууд мартаагүй биз ээ.

“Эрдэнэт”-ийн Оросын талын хувьцааг төлөөлөх байгууллагыг өөрчлөхдөө түншүүд манай талаас зөвшөөрсөн албан бичиг хүлээлгүйгээр асуудлыг өөрсдөө шийдчихсэн тухай дуулиан 1996 оноос эхлэн монголчуудын сонорт хүрсэн юм. Ардчилсан холбоо эвсэл засгийн эрхэнд гарч, Н. Энхбаяр тэргүүтэй 25 хүний бүрэлдэхүүн бүхий МАХН-ын сөрөг хүчин парламентад байх үеийн явдал. ОХУ-ын Төрийн өмчийн хорооны дээрх шийдвэр нь хамтарсан үйлдвэрийн гэрээг зөрчсөн байна аа гэсэн асуудлыг Ардчилсан холбоо эвслийнхэн босгон тавьжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийн эрхийг хэрэгжүүлэгч “Зарубежцветмет” нэгтгэлийн тэргүүн ноён Тюряков Монголын Засгийн газрын байр суурьтай санал нийлэхгүй, ширүүхэн үзэлцэж байлаа. Хэрэг явдал сүүлдээ хэрхэн даамжирсныг түүхийн хуудаснаас үзэж болно. Асуудал ОХУ-ын Арбитрын шүүхэд хүрсэн. Хамтарсан үйлдвэрийн гэрээг зөрчсөн шийдвэр гаргасан, хувьцааны үнийг хэт доогуур тогтоосон хэмээх гол үндэслэлүүдээр маргаан үүсгэсэн юм. Энэ бүх ээдрээтэй явдлын дүнд “Эрдэнэт” үйлдвэрийн даргыг өөрчилж, үйлдвэрт онц байдал тогтоожээ.

Монгол Улсын төсвийн 40 хувийг тухайн үед өгч байсан “Эрдэнэт”-ийн удирдлагыг сольсон явдал улс төр дэх ужиг хямралын эхлэл болсныг өнөөгийн өндөрлөгөөс төвөггүй харж болно. Ардчилсан холбоо эвслийн Засгийн газруудын хувь заяаг чухам “Эрдэнэт”-ийн “өнцгөөр” үзэмжлэн харж, дараалан дэгээдэж байлаа. Ийм тоглолт хийх боломжийг парламентын 51 гишүүнээр ирц бүрдүүлэх учиртай хуулийн заалт болоод санал хураалтыг нууцаар явуулах эрх дарх олгожээ. Тэр үеийн сөрөг хүчний 25, эрх баригч 50, гурав дахь намын ганц гишүүний төлөөлөл нь өнөөдрийн парламентад бүрдээд байгаа хүн хүчний харьцаатай тун ч ойролцоо харагдаж байна.

1996-2000 оны УИХ-д “Эрдэнэт”-ийн асуудал ийнхүү гол гацаа болон босч ирсэн бол өдгөө мөн л хувь заяаны шоглоомоор оросууд тус үйлдвэр дэх 49 хувийн эзэмшлээ саявтархан хуулийн өөр этгээдэд шилжүүллээ. “Ростехнологи” нэртэй төрийн мэдлийн консорциумд “Эрдэнэт” болоод “Монголросцветмет” нэгтгэлийн Оросын талын хувийг шилжүүлэх тухай В. Путиний захирамжийг Д. Медведев баталгаажуулжээ. Энэ удаа хамтарсан үйлдвэрийн хувьцаа эзэмшигчийн асуудал тэртээ жилүүдийнх шиг шүүх цуухдаа хүрэхгүй нь. Хамтарсан үйлдвэрийн гэрээнд заасан ёсоор манай Засгийн газартай урьдчилан зөвшилцөж тохиролцсон хэмээн Оросын хэвлэлүүд бичиж байна. Басхүү “Эрдэнэт” өдгөө “моодноос” гарч эхэлсэн. Оюутолгойн орд газрын нэр цуу Монголын шинэ Засгийн газрыг алдрын оргилд ч, уналтын ирмэгт ч авчирч болзошгүй цаг ирээд байна.

Оюутолгой нь улс төр дэх шатрын хөлөг дээр бэрсний энтэй ач холбогдолтой. Тус ордыг ашиглахад хамтран оролцох хүсэлтэйгээ Оросын Норильский никель, Русаль, Зарубежгеология болон Полиметалл компани илэрхийлжээ. Тэгвэл үндэстэн дамнасан компани Рио Тинто, уул уурхайн салбартаа нэр нь дундаж түвшинд сонсогддог Айвенхоу майнз компаниуд Оюутолгойн хувьцааг одоогоор бодитой эзэмшигчид. Рио Тинтогийн ард Хятадын Засгийн газар балиашиглаж байгааг ч анзаарах учиртай. Оюутолгойн ордын хувьцааны хуваарилалт ямар байх вэ гэдэг нь шинэ Засгийн газрын ахин дахин бүдэрч мэдэх асуудал байх нь дамжиггүй.

96 оны “Эрдэнэт”-ийг тойрсон халуухан үйл явдлыг 08 оны Оюутолгойтой адилтган харах шалтгаан мундахгүй байна. 2008 оны парламентын сонгуулийн явцад Орос болоод хятадууд МАХН-ыг дэмжсэн, Ардчилсан намыг Америк тэргүүтэй өрнөдийнхөн балиашигласан гэдэг дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Тэр тусмаа Монголд саяхан өнгийн хувьсгал гарах шахсан гэдэг яриа нь дэндүү өнгөц дүгнэсэн, ард иргэдийнхээ бухимдлыг элдэв өнгөнд уусган хялбарчилж ойлгуулах гэсэн явцуу санаархал юм.

Ашигт малтмалын олз омгийн хойноос хамгийн ихээр улайран зүтгэж буй субъект нь компаниуд. Тэд Засгийн газруудаа янз бүрээр лообийдож байна. Оросын олигополиуд төр, засгаа маш хүчтэй лообийдон, Монголын ашигт малтмалын салбарт хүч түрэн орж ирэхээр хатуу шийдсэн. Харин Хятадын бодлого ямар болохыг сонгуулийн өмнөхөн тус улсын Дэд дарга Си Жиньпин ил тод илэрхийлээд одсон билээ. Ху Жинтаo даргынхаа суудлыг 2013 оноос Си Жинпинь эзэлнэ гэсэн таамгийг ажиглагчид хэдийнэ хийснийг сануулъя. Энэ эрхэм Хятадын эдийн засгийг түүхий эдээр тэтгэх ирээдүйн хамтрагч улсууддаа ээлжлэн айлчилж байгаа. Чухам Саудын Араб, Катар, Йемен улсууд их Хятадын эрчим хүчний ирээдүйн гол найдвар гэнэ. Айлчлалынхаа сүүлээр, харих замдаа Монголд морилон саатаж, ашигт малтмалын салбарт хамтарна шүү гэдгээ хэлээд авлаа. Оросуудад давхар сануулга өгөх гэсэн айлчлал ч юм болов уу гэж бодогдож байлаа.

Их хөршүүдийн завсар чөлөөгөөр Америкийн ноёд Улаанбаатарт үзэгдээд байх болсныг анзаарахгүй өнгөрч чадахгүй нь. Америкчууд Ардчилсан намыг сонгуульд дэмжсэн гэх хардлага ганц өнцгөөс хүчтэй цуурч байгаа. Тэгвэл Азийн сан хэмээх байгууллага Хойд Америкийн бизнес эрхлэгчдийн эрх ашгийг Монголд хатуу хамгаалахаар хил даван орж ирээд байгааг манай хэвлэлийнхэн яагаад олж харж чадахгүй байна вэ. Тэдний хувьд Ардчилсан нам байна уу, МАХН гэнэ үү ялгаагүй, гагцхүү Хойд Америкийн бизнесийнхний эрх ашгийг тохиролцож чадах улс төрийн хүчин гэвэл чөтгөртэй ч хамаагүй нөхөрлөхөд бэлэн байна. “Өнгөрсөн таван жилд Азийн сан Монгол дахь ажилтныхаа тоог 90 хувиар нэмж, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа” хэмээн тус сангийн захирал Ерөнхийлөгч Н. Энхбаяртай уулзахдаа онцолжээ. Түүнчлэн Азийн сан “сайн дурын” санаачлагаараа Монголын парламентын сонгуулийн явцад мониторинг хийсэн гэх. Мониторингийнхоо дүнг Азийн сангийн суурин төлөөлөгч Билл Инфанте зарлахдаа “Сонгуулийн үйл ажиллагааны үр дүнд итгэл төгс байна” хэмээн илэрхий сүржигнэсэн юм. Тэрхүү бэлтгэсэн эх бичвэрээ төвийн хэвлэлүүдэд тавиулахдаа нэг дугаарт давхар нийтлүүлж будилсныг нь ажихул одоогийн ба ирээдүйн эрх баригчдад дэндүү зусардах гээд доозыг нь хэтрүүлж дээ гэж санагдсан.

Сүүлийн хагас сарын турш МАХН-ын зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй, захиалгатай цацуулж байгаа “дэмжигчдийн” яриа, бичлэг ил цагаандаа гарсан болохоор тэрхүү болхи ухуулгыг ердийн мэдээллээс ялгаж салгахад төвөггүй болжээ. Энэ мэтээр ирэх өдрүүдийн улс төрийн амьдралд оролцон тоглогч хилийн чанадаас олноороо тодрох нь.

95 оны Доодамба, 08 оны бууны явдал

1995 онд Монголын багш нар түүхэндээ анх удаа улс төрийн хүчтэй тэмцэл хийжээ. 4-9 дүгээр сар хүртэл бүтэн таван сар жагссан. Зарим статистик мэдээгээр уг тэмцэлд 6000 орчим багш идэвхтэй оролцсон гэдэг. Цалин нэмэгдүүлэх, нийгмийн асуудалдаа анхаарал хандуулахыг төр, засгаас уйгагүй шаардаж зунжин жагссан багш нарыг Монголын хүчний байгууллагынхан тагнаж чагнасан дуулиан өдгөө мартагдаагүй байна. Багш нарын хөдөлгөөнийг зохицуулах түр хорооныхны өрөөнд цагдаагийн ажилтан Д. Доодамба хүрмээ “мартсан” удаатай. Мань хошуучийн хүрэмний заханд сонсох төхөөрөмж суулгачихсан байж. Тэр цагаас хойш Монголын цагдаа хэний эрх ашгийн төлөө ажилладаг юм бэ гэсэн асуулт иргэдийн тархи толгойд амь бөх үлджээ.

Доодамбын хүрэм хэмээх хэлц үг Монголын улс төрд орж ирэв. УИХ-аас Ажлын хэсэг гарч “хүрэмний асуудлыг” нягтлан шалгав. Эцэст нь “Цагдаагийн Ерөнхий газрын удирдлага албан тушаалдаа байх ёс суртахууны эрхгүй” гэсэн Ажлын хэсгийн дүгнэлт гарав. Хариуд нь цагдаагийн нэр хүндийг унагаж хэлмэгдүүллээ хэмээн цагдаагийн удирдлагууд гомдоллосон билээ. “Доодамбын хүрэмнээс” өнөөдөр ч ард иргэд жийрхсэн хэвээрээ. Эмх замбараагүй байдлын хэмжээнд хүрч буй жагсаал цуглааныг тараах зохицуулахаасаа илүү оролцогчдын дүрс зургийг сэмхэн бичиж авах ажиллагаа “онцсайн” биелэлттэй болдогт иргэд эмзэглэн сэрэмжилж байна. Яг ийм иргэнийхээ эрх ашгаас төсөөрсөн ажиллагаа л цагдаа, олон түмний хооронд үл ойлголцол бий болгож байгаа.

Байгалийн жамаар наран хиртэж, мянга мянган жилээр тэрхүү ховор содон үзэгдэл давтагдсаар байх бөлгөө. Харин амьдарч буй нийгмийн маань амьдралд ахиц дэвшил үл олшрон, ухрах буцах араандаа ахин дахин бүү тээглээсэй. 1996-2000 онд Ардчилсан холбоо эвслийн дөрвөн Засгийн газрыг огцруулж, засаглалын хямралыг даамжруулсны дараа Монгол Улсад үндэсний удирдагч төрөн гарч билээ. Бухимдсан ард түмэн нэг хүний хүчтэй буулгыг санагалзаж хүсэмжилж эхэлсэн юм. Тэр өдрүүдийн тусгал гэлтэй хүсэмжлэлийг уншигч эрхэм халаагаа өгсөн парламентын хаалтын чуулганы явцад саяхан сонсоо байлгүй. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн засаглалтай болоорой гэсэн “ерөөлийн” үг хэлээд улстөрч эрхэм танхимын хаалгыг хаагаад одсон юм. Нийгэм бухимдаж, улс төр хямрах тусам дарангуйлагчийг хүсэмжлэх зөн совин дэлгэрдэг. Дарангуйлагчийг өөгшүүлдэг гадаад, дотоод хүчин хангалттай хөрс суурийг нь бэлдэж өгөөд байна.

Учир шалтгааны торгон үзүүрт эргэцүүлэх, зөөлрөх, эвлэрлийн гар сунгах чадвар улстөрч хүнд заяагдмал байх учиртай. Тэгэх тусмаа ялалт байгуулж, олонх болсон хүчин нийгмийн дийлэнх хэсгийн санаа бодлыг үл тоомсорлоно гэдэг төрийн албаны хүний эс үйлдэлтэй агаар нэг юм. Хэрэв 2008 оны УИХ-ын сонгуульд иргэдийн санал өгсөн хувь хэмжээг харах юм бол Ардчилсан нам, Их нам, Иргэний зориг, бие даагчид, бусад намын нэр дэвшигчдэд өгсөн санал дотроо хуваагдаж байвч нийт дүнгээрээ МАХН-д хаягласан саналаас тасархай хол байгааг эрх баригч хүчин үл ойшоож яавч таарахгүй. Зандалчин хэмээн цоллуулан Ганц худагт сууж байгаа Ж. Батзандангийн төлөө Баянзүрх, Налайх дүүргийнхэн 35.373 санал өгсөн юм. Энэ тоо бол С. Баярт, Ц. Элбэгдоржид өгсөн саналаас ч хамаагүй илүү гарсан үзүүлэлт. Сонгинохайрханчууд О. Магнайд 19.689 санал өгснийг өдгөө Их хурлын гишүүн болох гээд догдолж яваа олон хүний авсан саналын тоотой харьцуулбал ойролцоо дэмжлэг авсныг харж болно. Бие даагч Б. Лхагважав Сүхбаатарт дүүрэгт яагаад 10.169 санал авч чадсан юм бэ. Түүний нэр саналын хуудасны хамгийн сүүлд шахуу “зүүлттэй” байсан боловч сонгогч “олж” дугуйлсныг харж байна уу. Баянгол дүүрэгт Иргэний зориг намаас нэр дэвшсэн Г. Ганхүү 11.769 саналын эзэн болсон нь амжилт биш гэж үү. Сэтгүүлч Г. Уянгад ард иргэдийн өгсөн итгэл улстөрч М. Энхсайханд хаягласан саналаас гурав дахин өндөр байгааг анзаарах л учиртай. Дорнодод Ц. Шинэбаярын авсан 13.782 ширхэг саналыг нийслэл хотод нэр дэвшсэн маш олон нэр дэвшигч авч чадсан шүүдээ. Гэтэл 13.000 саналтай хүн хөдөөний тойргоос парламентын гишүүний мандат авчихдаг, хотод үүнээс хоёр дахин өндөр тооны саналаар гишүүний эрх авч байна. Сонгуулийн дүнг мөн чанараар нь ийнхүү хэмжвэл эрэмдэг үзүүлэлттэй гэж хэлж болно.

Энэ бүх баримтыг дурдахдаа, 2008 оны сонгуулийн чанарын ялалт парламентад тоон тусгалаа олоогүйг онцолж байна. 76 ялагчийн тухай эцэс төгсгөлгүй маргааны цаана хувийн рейтингээрээ нийгмээс хангалттай дэмжлэг хүлээсэн нэр дэвшигчдийн амжилтыг тэмдэглэхийг хүсч байна. Өнөөдөр улс төрд үүсээд байгаа гацааг тайлахыг хүсэхгүй байгаа хүмүүс нийгмийн олонх нийт дүнгээрээ ямар хэсгийг нь таашаасныг ойшоож үзэх учиртай.