BLOOMBERG

2011 оны 4 сарын 5

 

Хаслинда эфирт гарахаар бэлтгэж байлаа. 13.05 цагт түүний нэрийг хөтөлбөрт “зоожээ”. Блүүмбергийн Сингапур дахь салбараас өдөр тутам шуурхай мэдээлэл дамжуулдаг Хаслинда Аминыг дэлхийн сая сая үзэгч сайн мэднэ. Харин энэ өдөр цацах шинэ мэдээллийнх нь талаар хэн ч урьдчилан хэлж чадахгүй. Учир нь Блүүмбергийн мэдээлэл 20 секунд тутам шинэ үйл явдлаар баяжиж байна.  Өдөртөө 50 мянган мэдээ энэхүү санд нэмэгдэн орох жишээтэй.
“Angkor” гэсэн бичигтэй жижиг өрөөндөө Хаслинда ороод даруухан толины өмнө хэсэг саатна. Блүүмбергийн мэдээний хэсэг туйлын энгийн бүтэцтэй. Сингапурын  салбар нь бол бүр хялбар шийдлээр мэдээллээ цацдаг. Телевизийн хэсэгт нь “үндсэн ажилтан” ердөө гурав бий  гэвэл үзэгч Та гайхах нь лавтай. Дэлхийн санхүүгийн нэг томоохон төв болох Сингапураас 24 цагийн шинэ мэдээллийг дамжуулах шийдлийг шилдэг техник ба агуулгын хязгааргүй боломжоор дамжуулан зохион байгуулжээ. Эфирын хэсэгт зураглаач үгүй. Жижигхэн энэ студиэс дэлхийг татсан гайхамшигт мэдээллүүд цацагддаг. Зураглаачид нь студийн гурван камер. Студидэд хөтлөгчөөс гадна зочин оролцох зай талбай бий. Нэг буланд нь жижиг дэлгэцнээс зах зээлийн өөрчлөлтийг тайлбарлах  хөтлөгчийн ширээ, сандлыг байрлуулсан харагдана. Сэтгүүлчийн ард Блүүмбергийн том танхим тэр чигтээ үзэгдэнэ. Зүгээр л жижигхэн студийн шилэн хана байгаа нь тэр ээ. Гурван камер дүрсээ татаж, харин түүний эвлүүлэг найруулгыг Блүүмбергийн Лондон дахь төвд шууд хийж байна. Европ, Азийн мэдээллийг хариуцдаг Блүүмбергийн Лондон дахь төвд ч ялгаагүй телевиийн техникийн хэсэг нь нүсэр биш. Ердөө гурван монтажчин найруулагч ажилладаг гэж бидэнд тайлбарлалаа. Тэгэхээр Блүүмберг хэмээх дэлхийн санхүү, зах зээлийн мэдээллийн халууны шилийг атгагч мангасын үндсэн ажлыг шинжээчид гүйцэтгэж байна. Зөвхөн Сингапурын салбарт нь 400 хүн ажилладаг ба эдний 25-26 нь сэтгүүлч, ахлах редакторууд, Үлдэх хэсэг нь зах зээлийн судлаачид, санхүүгийн мэргэжлийн хүмүүс. Тэд өмнөх дэлгэцнээсээ хараа үл салган ажиллана. Хоёр, зарим нь өмнөө 4 дэлгэц “сунгаад” тавьчихсан жирэлзэн урсах тоо цифрүүдийн учрыг олон, хандлагыг илэрхийлэн, өөр зуураа вэбкамераар ярилцах аж. Блүүмбергийн мэдээллийн санд нийт 15 сая нийтлэл, өгүүлэл, сурвалжлага мэдээ хадгалагддаг.
Биднийг үдийн 12 цагтай уралдан Блүүмбергийн Сингапур дахь төвд очих үед дэлхийн уул уурхайн салбарт шинэ шуугиан дэгдсэн байлаа. Дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 11.51 цагт Блүүмбергийн Азийн салбар ээлжит сенсаацыг цацсан юм. Хятад уул уурхайн салбарт рекорд эвдэх шинэ наймаа хийснийг удахгүй Хаслинда тодруулан зарлах гэж байна. Зэсийн үнэ энэ оны турш “сансрын” өндөр ханшид дүүжлэгдсээр байгаа, ийм цаг үед Хятад улс нь стратегийн түүхий эдээ Африкаас арай хямд олж авах алсын хараатай ажилласаар байгаа юм. Тэд Африкийн Замби улсын удирдагчидтай сүүлийн хэдэн жил зүгээр нэг дотносоод, үе үе айлчилсан бус, уул уурхайн томоохон түнш болох  алхмаа хийжээ. Хятадын төрийн мэдлийн Minmetals Resources компани Африк тив дэх зэсийн том уурхайн хяналтын багцыг Австралийн Equinox  компаниас худалдан авснаа зарлажээ. Энэхүү  арилжааны дүн 6.5 тэрбум америк доллар болсон ба Хонконг, Сидней, Торонтогийн биржүүд дээр  дөрөвдүгээр сарын 4-ний өдөр дээрх компанийн хувьцаа өндөр өсөлттэй байлаа. Equinoxе-ийн хувьцаа өчигдөр Сиднейн бирж дээр 28 хувийн  өсөлттэй гарсан бол Хонконгийн бирж дээр өчигдөр 11. 25 цаг гэхэд 0.5 хувиар өсч, зах зээлийн үнэлгээ нь 2.5 тэрбум америк долларт хүрсэн байна.

 

Дэлхийн уул уурхайн салбарт сүүлийн жилүүдэд гарч буй өөрчлөлт бол компаниуд шинэ ордын лиценз худалдан авах, дэд бүтэц  шинээр байгуулах зардал гаргахаас татгалзаж буй явдал юм. Түүхий эдийн нөөц дэлхий дахинаа хомсдох тусам компаниуд цаг хугацаа  их шаардсан ордуудаас татгалзан,  үйл ажиллагаа явуулж байгаа уурхайг өндөр үнээр худалдан авах жишгийг сонирхох болжээ. Ялангуяа Хятад улс нь ийм чиглэлээр туйлын бодлоготой хөдөлж, уул уурхайн бүхий л ашигтай төслүүдийг мөнгөөр зодож авсаар байна. Хятадын компаниуд зөвхөн өнгөрсөн жил гэхэд 30 тэрбум долларыг уул уурхай ба газрын тосны төсөл худалдан авахад зориулжээ. Энэ оны нэгдүгээр сард мөнөөх  Minmetals компанийн Гүйцэтгэх захирал “ Бид одоо зэс, цинкийн уурхайнуудад анхаарал хандуулж эхэлсэн” хэмээн мэдэгдсэн. Хятадын эрэлт металлын зах зээлийн ханшийг тодорхойлж буй үед тус улсын төрийн мэдлийн аварга компаниуд итгэмээргүй өндөр үнээр уурхайнуудыг ийнхүү худалдан авах супер арилжаа хийсээр байна. Өчигдрийн наймааны талаар Блүүмбергийн шинжээчид “Түүхий эдийн нөөц ховордон, шинээр нээгдэх ордуудын агуулга ядмаг болсон энэ цагт Хятадын бодлого сонирхол татаж байна” хэмээн тэмдэглэжээ.
Сингапурт дөрөвдүгээр  сарын 4-8 өдрүүдэд зохион байгуулагдаж буй Asia Mining Congress-ийн үеэр  ч  асуудлыг хөндөн ярилцах ба өчигдөр Африк дахь уул уурхайн шинэ төслүүдийн танилцуулга болж өнгөрсөн нь уул уурхайн салбар дахь үйл явдал, хандлагын сонирхолтой огтлолцол гэлтэй. Asia Mining Congress-ийн өнөөдрийн хуралдаан төмрийн хүдрийн олборлолт, эрэлт нийлүүлэлт, шинэ төслүүд, үйлдвэрлэлийн сэдвээр өрнөх бол лхагва, пүрэв гаригийн хуралданууд дээр зэсийн ирээдүй, нүүрсний тээвэрлэлт зэрэг сонирхолтой сэдвээр уул уурхайн  дэлхийн тэргүүлэгч компанийн Захирлууд танилцуулга илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнөнө. Азийн уул уурхайн салбарын томоохон энэхүү хурлын сүүлийн өдөр Монголд хөрөнгө оруулах нь сэдвээр ярилцах юм. Asia Mining  Congress-оос Mongolian Mining Journal сэтгүүлийн баг дэлгэрэнгүй сурвалжлага бэлтгэн цацах ба телевизийн нэвтрүүлгээ мөн үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна.

Блүүмбергийн Азийн салбар  уул уурхайн чуулга уулзалтын талаарх мэдээллийг өчигдрөөс эхлэн цацжээ. Тухайлбал Блүүмбергийн Сингапур  салбарын студиэс Asia Mining Congress-ийн төлөөлөгчид ярьсан бол өнөөдөр Хонконгийн  салбарын сэтгүүлч-хөтлөгч Сюзан Лее уг хурлын тухай мэдээллийг цацахаар төлөвлөгдсөн аж. Эдний Хонконгийн салбарын телевизийн хэсэг 40 хүнтэй. Ер нь Азийн санхүүгийн төв Сингапураас Хонконг руу  шилжсээр байгаа хөдөлгөөн идэвхжжээ. Блүүмбергийн 24 цагийн хөтөлбөрийг дэлхийн есөн том хот дахь салбарууд нь бие даан хийдэг ба Европ, Азийн хөтөлбөрийг Лондонгоос шууд удирдаж, зохион байгуулдаг.
Блүүмбергийн өдөр тутмын хөтөлбөрийн хуудас өнгө өнгөөр ялгасан тэмдэглэгээтэй байх ба цаг, сегментүүдийг эхний хоёр баганад зоодог. Lives, Touch, Guest гэхчлэн нэвтрүүлгийг Та бидний үзэж дассан төрлүүдээр нь ангилж тэмдэглэдэг. News болон Lives хэсгүүдэд Хаслинда Амин  ажилладаг. Блүүмбергийн мэдээний цагаар дайчин цогтой Хаслинда Сингапурын биржийн мэдээ, бусад үйл явдлыг тайлбарлахад үзэгчид түүний татах ховсонд өөрийн эрхгүй ордог биз ээ. Хонконгийн Сюзан Лее гоёмсог төрхөөрөө илүү танигддаг бол Хаслинда ямагт дайчин, зогсолтгүй урсгах түүний мэдээлэл нь зах зээлийн өөрийнх нь хэмнэлтэй нэн адил.
Хаслинда хэдийгээр завгүй, хэдхэн минутын дараа эфирт гарах байсан ч бидэнтэй зургаа татуулж, хэдэн үг сольсон билээ. Блүүмбергийн нэртэй сэтгүүлч-хөтлөгч түүнтэй Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Б. Халиун тун удахгүй сонирхолтой ярилцлага хийн, Монголын үзэгчдэд хүргэнэ. Эдийн засгийн мэдээллийг хэрхэн мэргэжлийн түвшинд бэлтгэн, шуурхай цацаж байгаатай бид газар дээр нь танилцах зорилго өвөрлөсөн билээ. Дэлхийн мэдээлэл үйлдвэрлэгчид агуулгаараа өрсөлдөж байна. Энэ бол Монголын мэдээллийн зах зээлээс ялгаатай, чанарын өрсөлдөөн юм. Майкл Блүүмберг 1981 онд мэдээллийн үйлчилгээний бизнесээ эхлүүлсэн бөгөөд эдийн засаг, бизнесийн шилдэг мэдээний сонголтыг хэрэглэгчдэдээ хүргэх түүний зорилго ийнхүү тэлсээр Блүүмбергийн мэргэжлийн сервис болтлоо хүрээгээ тэлжээ. Өдгөө Блүүмбергийн зах зээл, санхүүгийн мэдээлэл- судалгаа- лавлагаа- архивын хязгааргүй сангийн үйлчилгээг дэлхий авч байна. Монголын банк, санхүүгийн, судалгааны байгууллагууд, ялангуяа бизнесийнхэн Блүүмбергийн терминалыг сүүлийн үед идэвхтэй ашиглах болжээ.  Сард 2000 ам.доллар, жилийн 24000 долларын төлбөртэй үйлчилгээ үнэ өндөр мэт сонсогдовч зах зээлийн шинэ мэдээлэл, хандлагыг мөнгө болгон өөртөө ашиглах чадвартай хэнд ч болов хязгааргүй боломж юм.
Монголын сэтгүүлчдэд Блүүмбергийн мэдээллийг хэрхэн ойлгох, унших талаарх цуврал сургалтыг бид давхар хийж эхэлсэн билээ. Өөрсдөө гүнзгийрүүлэн суралцах шаардлага байгаагийн улмаас энд, Сингапурт хурал сурвалжлах үндсэн ажлынхаа хажуугаар Блүүмбергийн салбартай танилцан, мэргэжлийн хүмүүстэй уулзсаар явна. Манай сэтгүүлчдийн баг түүнчлэн Fox News, Dow Jones-ийн салбаруудтай танилцах төлөвлөгөөтэй.
Хаслинда бол бидний ижил сэтгүүлч. Ялгаатай нь тэрбээр өндөр мэргэшсэн шинжээч-сэтгүүлч, бас авьяаслаг хөтлөгч. Хар өнгийн хослолоор гоёсон Хаслинда хэдхэн минутын дараа эфирт гарахаар зэхэж байна. Түүний өмнө ногоон, шар, улбар шар, улаан, цагаан өнгөөр ялгасан товчлуур бүхий кееборд байна. Энэ бол Блүүмбергийн “хамаатан” бүх хүний ашигладаг кееборд. Улаан өнгөтэй нь зогсоох, болгоомжлуулсан товчлуур бол шар нь зах зээлийн гол мэдээллийг авах үндсэн хөтлөгчид. Харин ногоон товчлуурууд Таныг хэвлэх, цэс рүү орох, туслалцаа хүсэх гэхчлэн гол үйл хөдлөлд удирддаг. Ойлгохгүй зүйл мэдээж зөндөө гарна. Тэгвэл ногоон өнгийн  Help товч Танд 24 цагийн турш шуурхай үйлчилдэг. Ямар мэдээлэл хүсч байгаагаа бичлээ, илгээлээ, хэдхэн секундын дараа хариу  ирнэ, цаг хугацаа шаардсан хайлт хийх хэрэгтэй бол “түр хүлээнэ үү, төдөн минутын дараа хэлээд өгье ” гэх мэтээр жинхэнэ найз шиг тусална шүү дээ. Блүүмбергийн арвин сангаас хүссэнээ авч, арилжаанд мэдлэгтэй орохын тулд зайлшгүй суралцах олон зүйл  бий. Хамгийн эхнийх нь таних тэмдэглэгээнүүдийг тогтоох хэрэг гарна. Бидний бичдэг шиг “ингээд, тэгээд” хэмээн шал шалхийх шаардлага санхүүгийн ертөнцөд үгүй болохоор энгийн товчлолуудыг өргөн ашигладаг. Тухайлбал, үнэ ханшийн графикуудыгдэлгэц дээр хармаар байгаа бол GP гэсэн хоёр үсгийг сонго. Шинжээчдийн дүгнэлтийг сонсъё гэвэл PEOP хэсэг рүү орно. За бүр сайн ресторанд хоол идмээр  санагдвал DINE гээд хайгаарай. Blackberry утасны хэрэглэгчид BERRY хэмээх товчлуураар  өөрсдийн замыг олдог.
Блүүмбергийн Сингапурын салбарынхан өдрийн хоолондоо орох цаг болжээ. Олонх нь гадагшаа гарсангүй. Ажилтнуудад зориулсан цайны хэсэгтээ тухалж, ойр зуурын хөнгөн хоол идэх аж. Capital Square-ийн 11 ба 12 дугаар давхруудад “ухаантай” мэдээллүүд ийнхүү бэлтгэгдэж байна. Хаслиндагийн эфирийн цагаар ард нь Сингапурын гудамж талбай, өндөр байшингууд Танд харагдана уу. Хаслинда Амин зүгээр л жижигхэн цонхныхоо  наана суучихсан байгаа нь тэр. Жижигхээн өрөөнөөс нэвтрүүлгээ эвтэйхэн цацчихдаг. Энд их ухаантай зүйлсийг энгийн шийдлээр хийж байна.