2010 оны 2 сарын 4
Тавантолгойн нүүрсний орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах тоглоомын дүрмээ Монголын Засгийн газар зарлаж эхэллээ. Уг төслийн Ажлын хэсгийнхэнтэй нээлттэй уулзсан нь олон түмэнд, хөрөнгө оруулагчдад хөзөр юугаа зах зухаас нь жаахан харуулаад орхисон бодлогын арга хэмжээ билээ.Монгол улсын Засгийн газар Тавантолгой орд дээр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж болзошгүй хэмээх дохио өгсөн хэрэг юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж юү вэ?
Ашигт малтмалын ордыг дэлхийн практикт ашигладаг гурван хэлбэрийн нэг. Бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар ам нээгээгүй байхад Тавантолгой орд дээрээ Монголын Засгийн газар хамтарсан үйлдвэрийн гэрээ байгуулах нь ээ гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад байсан юм. Төр 51 хувиа эзэмшиж, олон улсын тендерт ялагч нь 49 хувьд хөрөнгө оруулах маягийн тоглоомын дүрэм дэлгээтэй удсан. Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ нь яг ийм хамтарсан үйлдвэрийн зарчим агуулсан. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшлийн гэрээ ч ялгаагүй хамтарсан үйлдвэрийн зарчимд тулгуурладаг. Бүтээгдэхүүн хуваах, хамтарсан үйлдвэрийн гэрээ гэсэн хоёр хувилбараас гадна манай уул уурхайн салбарт “туршигдсан” өөр нэг гэрээний хэлбэр бий бөгөөд “Бороо Гоулд”-тай байгуулсан лицензийн гэрээ үүнд хамаарна. Уг лицензийн гэрээнээс Монгол улсад үлдсэн өгөөж муу, тиймээс ч олон нийтийн зүгээс байнга шүүмжилж иржээ. Ашигт малтмалын орд газар байгуулдаг гэрээний стандарт гурван хэлбэрээс ийнхүү бүтээгдэхүүн хуваах буюу шинэ хувилбарыг судалж үзэхийг Ажлын хэсэгт Ерөнхий сайд даалгалаа.
Газрын тосны салбартаа манай улс бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж үзсэн сайн, муу туршлага бий. Эдүгээ ашигт малтмалын орд газарт хамтран ажиллах хэлбэр болгон шинээр турших гэж байгаа юм. Газрын тосны ашгийг бүтээгдэхүүн хуваах зарчмаар авч байхдаа ч манай тал алдагдалтай наймаа хийж байсан гэсэн ойлголт түгээмэл. Яг тэр алдагдлын хэмжээ хэдий орчим бэ, ямар сургамж авсан бэ гэдгийг тодруулахад төвөгтэй байдаг. Учир нь газрын тосны салбарт байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд мониторинг хийх боломжгүй, хаалттай байдгаас үүдэлтэй. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах хувь хэмжээг манай улсад ашигтай нөхцөлтэй болгох талаар 2007 оны наймдугаар сараас Засгийн газар нэлээд эрчимтэй ажиллаж эхэлсэн, гэрээнүүдийг шинэчлэх санаачлага гаргасан санагдаж байна. Юутай ч Дорнодын сав газарт газрын тос олборлож буй Хятадын компаниудтай гэрээгээ шинэчлэн байгуулах ажлуудыг манай тал хийсэн хэмээн найдаж байна.
Монголын төрийн мэдлийн компани Тавантолгойн ордыг 100 хувь эзэмшиж, менежментийг нь гадаадын хөрөнгө оруулагчид тендерээр өгөх шинэ хувилбар ийнхүү олон нийтийн хэлэлцүүлэгт орж ирлээ. Хэн сайн менежмент хийнэ, тэр мөн хэмжээний ашиг авна гэсэн тоглоомын энгийн дүрэмтэй. Тиймээс хөрөнгө оруулагч тал чармайн ажиллах нөхцөл нээлттэй. Түүнчлэн, ашиг хуваах томъёо харьцангуй ил тод. Гагцхүү хамгийн сайн менежерийг шалгаруулах хариуцлагатай үүрэг төрд оногдоно. Тиймээс тендерийн шалгаруулалтад сайн технологтой, туршлагатай, хөрөнгөтэй компани гарч ирэх магадлал өндөр юм.
Одоогоор Тавантолгойн шалгаруулалтад орохоор өрсөлдөж буй 11 компани, консорциум дундаас АНУ-ын “Пибоди Энержи” магадлал тун өндөр гэсэн урьдчилсан таамаг хэлэх байна. Тус компани Тавантолгойн тендерт 2 тэрбум орчим ам. доллар санал болгох боломжтой гэж Оросын хэвлэлүүд бичиж байлаа. Харин Оросын өөрсдийнх нь консорциумын тухайд орд газрын ашиглалтад оролцоно гэсэн хатуу төлөвлөгөөтэй тэрбумтнууд байсан. “Байсан” гэдгийн учир нь эдийн засгийн хямралын цохилтод Оросын хөнгөн цагааны магнатууд ташраараа өртсөн юм. Түүнчлэн ОХУ-ын төрийн мэдлийн томоохон компаниуд хэдийгээр баян тарган гэсэн имижтэй боловч гадаадын хөрөнгийн биржүүдэд үнэт цаас маш ихээр байршуулсан агаад мөн л хямралын сургаар тэдний хувьцаа үнэгүйдсэн билээ. Тиймээс Оросын тал Тавантолгойн ордод төмөр замын шинэ шугамын хувилбараа хүчтэй зүтгүүлж байна. Энэ бол их хэмжээний транзит ачаа тээвэрлэж, ашиг орлогоор нь “Оросын төмөр зам” хэмээх хоцрогдсон аж ахуйг сэргээн засварлах гэсэн В. Путиний төлөвлөгөө. Нэгэнт Оросын компаниуд консорциумын нэгдлээр хамтран оролцох учраас хөнгөн цагааны магнатууд ч бас хямралын шархаа нөхөх санаатай, Монгол дахь шинэ төслийн үнэр авсан явдал юм. Оросын Засгийн газар Тавантолгойгоос татах төмөр замын төсөлд зориулан төсвөөсөө 1.5 тэрбум ам. доллар гаргах хэрэгтэй гэж “Оросын төмөр зам” нийгэмлэгийн удирдлагууд оны өмнөхөн хэвлэлд яриа өгч байлаа. Юутай ч Америкийн компанитай зэргэцэн Оросын баячууд идэвхийлж байна. Давост Эдийн засгийн чуулга уулзалт оролцож байсан Монгол улсын Ерөнхийлөгчийг “олоод уулзчихаа” Олег Дерипаска мэдэлгүй яахав, уулын цасан дунд уужуу тайван бараалхаад ч авчээ.
Тавантолгой тойрсон гадаадын улс орнуудын сонирхол, үйл хөдлөлийн талаар өмнө нь цөөнгүй бичиж байсан тул энэ удаа сүүлд өрнөсөн цөөн үйл явдлаар ийнхүү хязгаарлав. Засгийн газрын Ажлын хэсэг өнгөрсөн оны хоёрдугаар сард Тавантолгойн тендерийг сонирхогчдыг цувруулан хүлээн авч уулзахдаа тэдний саналыг сонссон бол намар дахин цуврал уулзалт хийж, сонирхогч хэвээр байгаа эсэхийг эргэн баталгаажуулсан билээ. Өдгөө Монгол улсын Засгийн газар шалгаруулалтын дүрмээ арай тодруулах ажлууд хийж байна. Ажлын хэсэг ойрын хоёр сарын хугацаанд бүтээгдэхүүн хуваах гэрээний бүх тооцоо судалгааг хийх үүрэг авлаа.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар ид маргалдаж байх үед Э. Бат -Үүл тэргүүтэй Их хурлын дөрвөн гишүүн энэхүү бүтээгдэхүүн хуваах гэрээний хувилбарыг Оюутолгой орд дээр хэрэгжүүлэх санал гаргасан удаатай. Тухайн үед Монголын төр 34 хувиа авна гэдэг туйлын чамлалттай гэсэн маргаан нийгэмд ид өрнөж, УИХ-ын сонгуулийн синдром дээд цэгтээ хүрсэн цаг. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг гарчихсан үе байсныг ч хэлэх үү. 2008 оны дөрөвдүгээр сарын халуун салхин дунд сонсогдоод өнгөрсөн Оюутолгой дээр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах тухай яриа долдугаар сарын 1-ний үймээн шуугиан дунд замхарсан билээ. Улмаар хамтарсан Засгийн газар эмхлэн байгуулагдсаны дараа төдөлгүй бүтээдэхүүн хуваах гэрээний төсөл оруулж байсан гишүүд ч саналаа татаж авсан санагдана. Б.Батбаатар зэрэг хуулийн төсөл санаачлагч парламентад дахин сонгогдсонгүй, тэгсгээд шинэ хувилбар сураг алдарсан юм.
Тухайн үед бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмыг Оюутолгой орд дээр санал болгож байхдаа УИХ-ын гишүүд “Ашигт малтмалд шунасан гадны сонирхол асар их, нөхцөл байдал төвөгтэй учир” гэсэн үндэслэл хэлж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр гишүүдийн дээрх үг Тавантолгойг тойрсон түмэн янзын сонирхол, хүч түрэлт дунд ач холбогдолтой хэвээр сонсогдож байна. Ялангуяа хөрш хоёр улс Тавантолгойн нүүрсийг газар нутгаар нь транзит тээвэрлэнэ, үгүй гэхэд өөрийн улсдаа экспорт болон орж ирнэ гэсэн хүлээлттэй, бидний өмнөөс гаргаад тавих хөзөртэй суугаа ийм нөхцөлд Ерөнхий сайд С. Батболдын бүтээгдэхүүн хуваах гэрээний хувилбар цаг үе, нөхцөл байдалдаа магадгүй хамгийн зохицсон арга байж мэднэ. Энэ асуудлаар мэргэжлийн судлаачид, шинжээчид үгээ сайн хэлэг. Тооцоо судалгаа сайтар хийг. Ямар ч байсан ордын 51 биш, 100 хувь төрд үлдэх нь. Ийм тохиолдолд элдвийн ашиг сонирхлуудтай эн тэнцүү ярихад их амар байх болно.
Ерөнхий сайд С. Батболдын нээлттэй мэдээллээс анзаарагдсан өөр нэг зүйл нь, манай Засгийн газар Оюутолгой орд дахь хөрөнгө оруулалтын гэрээний дараа сургамж авч чадсан байна. “Өндрөөс буух” тактикт суралцаж эхэлжээ хэмээн харж байлаа. Монголын ард түмний баялгийг ашиглуулах гэж байгаа бол яагаад заавал 51 хувь гэж гэсэн энгийн томъёолол дор, хөрөнгө оруулагчтай ашгаа ил тод, харьцангуй амар хуваах бүтээгдэхүүн хуваах зарчмыг ийнхүү давхцуулан судлахаар боллоо. Тавантолгойн тендерийн наана цогцоор нь судлах, улмаар шалгаруулалтын нөхцөл болгон оруулах бусад олон асуудал бий. Тэдгээрийг Ерөнхий сайд мэдээлэл хийх үедээ таван чиглэлд хуваан зангидаж, үүрэг даалгавар тус бүрд нь өглөө. Чиглэл бүрийн талаар дараагийн нийтлэлүүддээ дэлгэрэнгүй хөндөн бичих болно.