Ц. Норовдондог: Судалгаа, шинжилгээний ач холбогдлыг ойлгож, үнэлж байгаад урамшдаг

2010 оны 3 сарын 26

УИХ-ын Тамгын газрын бүтцэд Судалгаа, Шинжилгээ, Олон нийттэй харилцах төв байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Хууль тогтоох засаглалд хамгийн ойр ажиллаж судалгаа, мэдээллээр хангадаг дэлхийн Парламентуудтай жишиг ойртсон ийм бүтэц нь манай УИХ-ын хорин жилийн түүхэн дэх шинэлэг зүйл билээ. Ард олондоо нээлттэй ойрхон ажилладаг, асуудалд судалгаа шинжилгээтэй, ул суурьтай ханддаг мэргэжлийн Парламенттай болох суурь бүтэц ч гэж энэхүү төвийг бас харж болно. Тус төвийн дарга Ц. Норовдондогтой хийсэн ярилцлагаас уншигч Та илүү тодорхой ойлголт авах буй за.

 

Судалгаа, Шинжилгээ, Олон нийттэй харилцах төв байгуулагдаад жил илүү боллоо. Ажлынхаа үр дүнг хэрхэн харж байна вэ?

Өнгөрсөн хугацаанд бидний хийсэн судалгааны өгөөжийг хэрэглэгчид буюу УИХ-ын гишүүд маань л дүгнэнэ шүү дээ. Миний ойлгож байгаагаар судалгааны бүтээгдэхүүнийг маань УИХ-ын гишүүдийн ихэнх нь аваад хэрэглээд сурчихсан, тодорхой хэмжээнд манай ажлыг үнэлж, хүлээн зөвшөөрч байна гэдгийг бид өдөр тутмын ажлынхаа явцад мэдэрч байна. Хэрэгтэй бүтээгдэхүүн эндээс гараад байна аа, ажилд өгөөжөө өгөх юм байна шүү гэдгийг хаа хаанаа ойлгосон нь гол үр дүн биз ээ. Ялангуяа гадна дотны байгууллагууд, мэргэжлийн судлаачид манай хийсэн судалгааг үнэлэх үнэлэмж, хандлага нэмэгдэж байгаа нь мэдрэгддэг учраас бид ямар ч байсан үр өгөөжтэй ажиллаж байна гэж үзэж байгаа. Манай судалгааны эмхэтгэлийг авъя, хамтран ажиллая гэсэн эрэлт их болж байна. Үүний зэрэгцээ олон улсын байгууллагуудын зүгээс манай төвийн ажлыг их дэмждэг. Дэлхийн банк, Азийн сан, Бүгд найрамдахчуудын хүрээлэн болон бусад улсын Парламентын судалгааны байгууллагууд гэх мэт олон газар нааштайгаар хүлээн авч хамтран ажиллаж байна.

Өндөр хөгжилтэй орнуудын хууль тогтоох байгууллагад ийм судалгааны алба зайлшгүй байдаг. Тухайлбал, АНУ-ын Конгрессийн Судалгааны алба нь 100 жилийн түүхтэй. 700 судлаачтай. Үүний дээр зөвхөн төсвийн судалгаа тогтмол хийдэг 300 ажилтантай, нийтдээ 1000-гаад хүн ажилладаг юм билээ. Одоо хөгжиж байгаа орнуудын Парламентад ийм судалгаа шинжилгээний алба үгүйлэгдээд байна гэдэг нь дэлхийн практикт тодорхой болчихсон. Тиймээс хөгжиж буй улсуудад ихэвчлэн гадны байгууллагын дэмжлэгтэйгээр ийм бүтэц бий болгож байна. Харин манайх энэ бүтцээ өөрсдөө байгуулсан. Бусдын дэмжлэггүйгээр, өөрсдийн нөөц боломжоо шавхаад, яг гадаадын өндөр хөгжилтэй улсуудын туршлагаар зохих хэмжээнд ажлаа эхлүүлж чадсаныг л их үнэлдэг юм. Өөрсдийгөө магтаж байна гэж сайн ойлгохгүй хүн бол хэлэх л байх. Гэхдээ бид үүнийг яагаад ингэж зоригтой хэлж байна вэ гэхээр гадаадын байгууллагууд, дотоодын судлаач шинжээчид ингэж хоёр талаасаа үнэлээд байгаа болохоор л их урамшдаг. УИХ-ын гишүүдээс ч бас сүүлийн үед талархлын бичиг их ирж байгаа. Захиалсан ажлыг богино хугацаанд, чанартай хийж өгсөнд баярлалаа, танай тийм тийм судлаачдад баяр хүргэе гэх мэт их сайхан үгтэй талархлын бичгүүд ирдэг болохоор манай төвийнхөн ажлаа зөв эхлээд явж байна даа гэж урам ордог.

Асуудлыг шийдэх бодлогын хувилбарууд гаргадаг

Танай ажлыг ойлгохгүй тал эхлээд байсан уу?

Сайн ойлгохгүй тал эхэндээ гарч байсаан. Жишээ нь, Их хурлын бүтцэд ажилладаг судалгааны нэгж гэдэг ямар үүрэгтэй, ямар чиглэлийн судалгаа хийдэг, түүнийгээ хэнд зориулдаг, судалгааны арга зүй нь юу юм, академик суурь судалгаанаасаа юугаараа ялгардаг вэ гэдгийг тэр болгон хүмүүс сайн мэдэхгүй байна. Суурь судалгаа, хавсарга судалгаа гэсэн үндсэн хоёр чиглэл бий. Онолын болон суурь судалгааг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их, дээд сургуулиуд дээр гол төлөв хийдэг. Их цаг хугацаа шаарддаг, онолын түвшинд гүнзгий хийдэг судалгаанууд л даа. Харин манай ажлын онцлог нь хэрэглээний судалгаа буюу бодлогын судалгаа. Хавсрага судалгааны төрөл гэсэн үг. Энэ судалгааны төрөл маань Монголд шинэ тутам, дөнгөж л эрч хүчтэй хөгжлийнхөө идэвхтэй үеийг эхлүүлж байгаа гэж би боддог. Бодлогын судалгааны чиглэлээр Монголд мэргэшсэн судлаачдыг бэлтгэх шаардлага байна уу гэвэл байна. Энэ бол төрийн байгууллагын бүтцэд засаглалын дээд түвшинд хийгддэг судалгаа. Засаглалын дээд түвшинд буюу шийдвэр гаргах, хууль тогтооход тэрхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлогын хувилбаруудыг гаргаж ирдэг, хувилбаруудын эерэг сөрөг талыг үнэлдэг, аль болох өргөн хүрээтэй мэдээлэл судалгаагаар маш богино хугацаанд шийдвэр гаргагчдыг хангадаг ажил. Шуурхай хийгдэх учиртай. Асуудлын мөн чанарыг нарийвчлан судлахаасаа илүүтэй, энэ асуудлыг шийдэх ийм хувилбарууд байна аа гэдгийг гаргаж өгөх нь хамгийн чухал байдаг. Бодлогын хувилбарууд дэвшүүлдэг ч гэж ойлгож болно. Тийм учраас өндөр хөгжилтэй орнуудад тухайн асуудлаар нэг цагийн дотор ч юм уу, эсвэл шууд хариулт хэлэх хэмжээнд судлаачид нь бэлтгэгдсэн байдаг. Олон жилийн туршлагатай, тухайн салбараа судлаад гартаа оруулчихсан шинжээч, судлаачид байдаг учраас ямар нэг яаралтай асуудал гарахад хэлэх мэдээлэл, хувилбарууд нь бараг бэлэн байдаг. Алив нэг асуудал дээр шууд хариулт өгөх хэмжээнд мэдээллийн бааз нь ч хангалттай, судлаачид нь ч өндөр мэдлэг, чадвартай байдаг юм билээ.

Судлаачид мэргэших ёстой гэсэн үг үү?

Маш тогтвортой ажиллах, бас мэргэших ёстой. Мэргэшсэн судалгааны алба байж гэмээнэ шуурхай ажиллах боломж бүрдэх юм. Ирээдүйд манай төвийн ажилтнууд ч ийм болно гэж харж байгаа. Хоёрдугаарт, маш баялаг мэдээллийн бааз байх ёстой. Бидний ажлын үндсэн хэрэгсэл нь мэдээллийн сан шүү дээ. Монгол улсад маань одоо мэдээллийн бааз ямар байгааг гадарлаж байгаа биз ээ. Төрийн байгууллага хооронд, төрийн байгууллага болон төрийн бус байгууллагууд, судалгаа шинжилгээний байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох үйл ажиллагаа их хүндрэлтэй. Жишээ нь, УИХ-ын гишүүд бидэнд аль нэг сэдвээр судалгаа хийх захиалга өгөхөд төрийн байгууллагуудаас бид албан бичгээр мэдээлэл хүсдэг. Тэр албан бичигт хариу өгөх, мэдээлэл ирүүлэх хүртэл хугацаа их шаарддаг, хүнд суртал гардаг. Бид тухайн албан газраас мэдээлэл шаардах эрх нь байна уу, үгүй юү гэдгийг ч бас тодорхой хуульчилмаар байна.Төрийн байгууллагуудаас мэдээлэл авахад ялангуяа цаг хугацааны хувьд хүндрэл их гарч байна.

Нөгөө талаар, номын сангийн мэдээлэл, интернэтийн эх сурвалж дээр бид түшиглэн судалгаа хийдэг. Хэдийгээр интернэтээс хангалттай мэдээ материал олж авдаг ч гэсэн зарим нэг асуудлаар зайлшгүй албан ёсны мэдээллийн эх сурвалжид хандахаас аргагүй болдог л доо. Өөр нэг асуудал бол суурь судалгааны ажил Монголд зогсонги байдалтай болчихож. Академик сургалт, судалгааны байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, ШУА-ийн харъяа хүрээлэнгүүд идэвхтэй судалгаа хийхгүй байна. Суурь судалгааны ажил буюу мэдээллийн гурав дахь эх сурвалжаа бид авч чадахгүй байна гэсэн үг. Тиймээс энэ оноос судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах тал дээр нэлээн анхаарч ажиллах болно. УИХ-ын Тамгын газар ШУА, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Ажил олгогч эздийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр санамж бичигт гарын үсэг зурснаар бид мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээ, онол практикийн хурал хийх, хамтарсан сургалт, судалгаа хийх ажлуудыг зохион байгуулж эхлээд байна.

Ингэж түншлэлийн холбоо байгуулаад, тухайн чиглэлийн байгууллагууд суурь судалгаагаа нэлээн сайн хийдэг болоод, Их хуралд түүнийгээ ирүүлдэг байх юм бол мэдээллийн эх сурвалж нэмэгдэнэ. Бусад улс оронд Бодлогын судалгааны төвүүд нь суурь судалгаагаа хүлээн авах эрх нь нээлттэй байдаг юм билээ. Тэд бүх судалгааныхаа нэг хувийг Парламентын номын санд өгдөг. Гэтэл манай судалгааны байгууллагууд хийсэн ажлаа Парламентын номын санд ирүүлдэггүй. Тэгэхээр бид хамтын ажиллагааныхаа шугамаар тухайн судалгааг авч болох юм.

 
Олон улсын томоохон судалгааны баазуудад нэвтрэх боломжтой боллоо

Судлаачид гэдэг чинь номон далай дунд ажиллах ёстой хүмүүс. Би өнгөрсөн онд Австрали, АНУ-д очиж Парламентын судалгааны төвүүдийнх нь ажилтай танилцсан. Парламентын судалгааны төв нь номын сантайгаа хамт байдаг юм байна. Яаралтай лавлагаа мэдээллийг жишээ нь Австрали, Америкт номын сангийн ажилтнууд нь шуурхай гаргаад өгч байх юм. Энэ бол бас л нэг төрлийн мэргэшсэн үйлчилгээ. Лавлагаа мэдээлэл дээр боловсруулалт хийх ажлыг нь мэргэшсэн судлаачид хийдэг. Тэгэхээр номын сан, судалгаа хоёр нэг юмны хоёр тал байгаа учраас Номын сангийнхаа баазыг их өргөжүүлэх шаардлагатай болоод байна. Энэ бүхэн чинь нөгөө л мөнгө төгрөг, цаг хугацааны асуудал шүү дээ. Манай хувьд одоохондоо яахав номын фондоо шинэчлээд, аль болохоор зах зээлийн эдийн засагтай, шинэ цаг үетэйгээ нийцсэн ном хэвлэл авч фондоо баяжуулах санаатай ажиллаж байгаа. Энэ ажлынхаа шугамаар бид Дэлхийн банкинд, мөн Туркийн Олон улсын хөгжлийн байгууллагад хүсэлт тавьсан. Парламентын номын сан маань юуны өмнө цахим хэлбэртэй болох ёстой. Эхний ээлжинд номын сангаа цахим баазтай болгочихъё. Тэгвэл судлаачид маань өрөөндөө сууж байгаад мэдээлэл авч чадна. Одоо бол ажлынхаа бараг 50-60 хувийг номын санд гүйж очиж өнгөрөөж байна. Энэ чинь номын сан, судалгааны ажил хоёр их ойр байх ёстой гэдгийг харуулаад байгаа юм. Парламентын номын санг цахим болгочихвол Их хурлын гишүүдэд ч гэсэн түүнийг ашиглахад ихээхэн дөхөм, зөвлөх, туслахууд ч гэсэн өрөөндөө сууж байгаад номын сангийн фондоос мэдээлэл авдаг болох ач холбогдолтой.

Ийм эх сурвалжуудаас гадна олон улсын хэмжээний судалгаа, мэдээллийн их том баазууд бий. Дэлхийн хэмжээний судлаачдын хийсэн ажлуудыг нэгтгэсэн, олон улсад танигдчихсан мэдээллийн баазад нэвтэрч мэдээлэл авахад төлбөртэй. Тиймээс бид Олон улсын номын сангуудын холбоонд гишүүнчлэлтэй боллоо. Өмнө нь манай улс гишүүнчлэлтэй байсан боловч идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадалгүй хасагдсан юм байна. Энэ оноос гишүүнчлэлээ сэргээгээд идэвхтэй ажиллаж байгаа. Олон улсын номын сангийн мэдээллийн сайтууд руу орох эрхээ авчихаж байна гэсэн үг. Номын сангийн холбоонд элссэнээр олон улсын судалгааны төвүүдтэй харилцах боломж нээгдэнэ. Манай төв бас Ази-Номхон далайн бүс нутгийн Парламентын судалгааны албадын хамтын ажиллагааны сүлжээнд гишүүнчлэлтэй болж байгаа. Бусад улсын зүгээс манайтай харилцахад улам бүр нээлттэй болж байна аа л гэсэн үг. Тиймээс Дэлхийн банкнаас манай судалгааны төвийг түшиглээд Олон нийтийн мэдээллийн төв байгуулах төсөл хэрэгжүүлэх гэж байна. Монголд ийм төв Нээлттэй нийгэм хүрээлэн, МУИС дээр, Өмнөговь, Дарханд байгаа. Тав дахийг нь манай Их хурлын Номын сангийн дэргэд байгуулъя гэж байгаа юм. Дэлхийн банк өмнө нь Филиппинд ийм Олон нийтийн мэдээллийн төв байгуулсан туршлагатай, бид саяхан очиж газар дээр нь туршлага судлаад ирсэн. Одоо хоёр дахийг нь Монголд хэрэгжүүлье гэж байгаа нь Дэлхийн банкнаас бидэнд үзүүлж буй маш том дэмжлэг туслалцаа гэж бид ойлгож байна. Тухайн улсын Парламентыг түшиглэн мэдээллийн төв байгуулж буй хоёр дахь тохиолдол гэсэн үг. Бид энэ төвийг түшиглэн Дэлхийн банкны Хөгжлийн мэдээлэл, сургалтын сүлжээнд холбогдож бусад улстай мэдээлэл солилцох, зайн сургалт явуулах, Дэлхийн банкнаас гаргасан мэдээлэл судалгаануудыг онлайн болон хэвлэмэл байдлаар авах боломжтой болж байгаа юм.

Энэ төв нь зөвхөн Төрийн ордон дотор Парламентын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Ажлын албанд үйлчлэх төдийгүй олон нийт рүүгээ хандан ажиллана. Ийм төв байгуулснаар Дэлхийн банкны группийн орнуудын сайт руу үнэ төлбөргүй нэвтрэх эрхтэй болно. Дэлхийн банкны мэргэжилтнүүд маш их судалгаа хийдэг. Тэр их судалгааны бааз руу үнэ төлбөргүй орох эрх нээгдэх юм. Мөнгө төлж мэдээлэл авна гэвэл ихээхэн зардал гарах нь ойлгомжтой шүү дээ.

Парламент өөрөө ард олондоо нээлттэй бол олон улсад тийм хууль тогтоох байгууллагыг маш их дэмждэг

Мэдээллийн өөр нэг том эх сурвалж бий. АНУ-ын Конгрессийн Дэлхийн хуулийн мэдээллийн сүлжээ гэж байгууллага байдаг. Сүлжээндээ 50-иад улсыг нэгтгэсэн, хуулиудаа солилцдог, олон хэл дээр хуулийн албан ёсны орчуулгууд нь тавигддаг. Уг байгууллагад гишүүнчлэлтэй болчихвол ажилд маань их хэрэгтэй. Бид чинь гол төлөв хуулиудын харьцуулсан судалгаа хийж байгаа шүү дээ. Их хурлын гишүүдээс ирж буй захиалгын дийлэнх нь бусад улсад энэ харилцааг хэрхэн хуульчилж вэ, яаж зохицуулсан бэ гэсэн туршлагыг их сонирхдог. Хэдэн ч улсын хуулийг харьцуулах шаардлага гарч болно, ядаж л 4-5 орны хуулийг харьцуулах жишээтэй. Тиймээс бид энэхүү хуулийн мэдээллийн сүлжээнд гишүүнчлэлтэй болчихвол найдвартай, бас их чухал эх сурвалж болох төдийгүй, Монгол Улсын Их хурлаар батлагдсан бүх хуулийг уг санд багтаах боломжтой болно.

Энэ мэтчилэн УИХ-ын Тамгын газар гаднын мэдээллийн баазуудад нэвтрэх боломжийг аль болох ашиглаж, өөрсдөөс шалтгаалах бүх зүйлийг хийж байна. Гадаадын байгууллагууд ч ийм чармайлтыг их дэмждэг юм байна. Ер нь тухайн улсын Парламент өөрөө нээлттэй байгаад, дэргэдэх Судалгааны төв нь идэвхтэй сайн ажиллаад ирэх юм бол олон улсын түвшинд өндөр үнэлгээ өгдөг. Монгол улсын Парламент нээлттэй, олон нийтийнхээ санаа бодолд үндэслэсэн эрх зүйн актууд гаргах чадавхитай болж байна гэж ханддаг. Олон улсын зарим байгууллагын зүгээс бидэнд онцлон хэлж буй зүйл бол Улсын Их Хурал өөрийн бүтэцдээ Судалгааны төв байгуулсан нь танай Парламентын хувьд том дэвшил болжээ гэдэг. АНУ-ын Конгрессийн гишүүд манай Их хурлын гишүүдтэй уулзахдаа “Танайх ийм Судалгааны төвтэй болсон нь эр зоригтой, дэвшилттэй алхам болжээ” гэж хэлж байсан.

Богино хугацаанд маш чанартай 100 орчим бүтээгдэхүүн гаргажээ

Хямралын жил Судалгааны алба хэмээх нүсэр бүтэц байгууллаа гэсэн шүүмжлэл гарч байсан санагдах юм?

Бид маш бага зардалтай ажиллаж байгаа шүү дээ. 1990 оноос хойш ямар нэг байдлаар судалгааны нэгжүүд Парламентад үйлчилж байжээ. Манайх зургаа дахь нь болж байна. Хэрэгтэй байсан учраас ядаж лавлагаа мэдээлэл хариуцсан нэгж Тамгын газрын бүтцэд байж л байсан. Хамгийн сүүлд УИХ-ын дэргэд Бодлогын шинжилгээний төв бие даасан байдлаар ажиллаж байгаад татан буугдсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд янз бүрийн хэлбэр, бүтцээр ийм нэгж ажиллуулаад үзэхэд УИХ-аасаа хол, тусдаа бие даасан статустай байхаар уг судалгааны нэгж ажиллах боломжгүй гэдэг нь олон зүйлээс харагдсан. Бие даасан байгууллагад тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Нөгөө талдаа УИХ-д шуурхай үйлчлэх, чуулганаар асуудал хэлэлцэх үед мэдээлэл, судалгаа, лавлагааг шуурхай гаргаж өгч чаддагүй байлаа. Жишээ нь, Бодлогын шинжилгээний төв Байнгын хороодын захиалгаар урьд нь судалгаа хийж байсан боловч судалгаагаа төлбөртэй хийнэ. Хамгийн багаар бодоход сар, түүнээс дээш хугацаанд хийдэг байв. Гэтэл Их хуралд өргөн баригдсан асуудлууд богино хугацаанд шийдэгдчихдэг учраас судалгаа гарч ирэх үед хууль нь хэдийнэ батлагдчихсан байх жишээтэй. Тэгэхээр судалгаа хийлгэсний ач холбогдол үгүй болж байгаа юм. УИХ-ын Тамгын газрын бүтцэд ажиллана гэдэг их чухал гэдэг нь эндээс харагдана.

Нөгөө талаар, бид зөвхөн цалингаа аваад л судалгаа хийж байгаа гэдэг нь маш их зардал хэмнэнэ гэсэн үг. Гишүүд өмнө нь судалгааг төлбөртэй хийлгэж байсан бол одоо тийм зардал гарахгүй байна, хүссэн бүх асуудлаараа хандаж байна. Зөвхөн 2009 онд манай судалгааны төв 80 гаруй бүтээгдэхүүн хийчихсэн байна.

Гол бэрхшээл юу байна вэ?

Шуурхай ажиллахын тулд тодорхой нөхцөл шаардлагатай болдог. Жишээ авъя л даа. Манай ажилтнууд зарим тохиолдолд өдөр тутмын сонинууд дээр тодорхой сэдвээр агуулгын контент анализ хийдэг. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар жишээ нь УИХ-ын даргын захиалгат судалгааны ажил орж ирсэн юм. Тэгээд өдөр тутмын долоон сонины 2000-2009 оны бүх дугаараас мэдээлэл хайж, түүн дээрээ анализ хийнэ гээд бодоод үз дээ. Өдөр бүр гардаг сонины дугаар болгоныг эргүүлж үзнэ шүү дээ. Амны хаалт зүүгээд л манай хэд чинь бүтэн хоёр сараар ажиллахаар сульдаж унах шахдаг. Ийм хүнд нөхцөлд ажилладаг гэдгийг тэр бүр хүн мэдэхгүй л дээ. Гэхдээ үр дүнд нь гарч буй маш чухал мэдээлэл зөвхөн манай Их хурлын номын санд л байдаг. Бас нэг жишээ авъя. Х. Тэмүүжин гишүүн Парламент байгуулагдсанаас хойш Байнгын хороод, Их хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгүүдтэй холбоотой бүрэн хэмжээний мэдээллийг гаргаад өгөөч гэсэн. Нийтдээ 250 Ажлын хэсгийг байгуулсан захирамж, Байнгын хороод дээр асуудал хэлэлцсэн протокол, гаргасан шийдвэр, шийдвэрийн хэрэгжилт гээд архивын маш их мэдээлэл дээр ажиллана гэдэг үнэхээр хүнд хөдөлмөр. Энэ нь тэгээд тодорхой цаг хугацааны дотор хийгдэх ёстой. Энэ мэтээр одоо байгаа мэдээллийн бааз дээрээ бид байгаа боломжоороо ажиллаж л байна. Тиймээс цаашид мэдээллийн баазаа шинэчлэнэ, цахим хэлбэрт оруулна гэдэг их чухал ажил юм аа.
Бас нэг хүндрэл гардаг зүйл нь, УИХ-д хууль өргөн баригдаад, намын бүлгүүд, Байнгын хорооны хурал, тэгээд нэг, хоёрдугаар хэлэлцүүлгээр ороод, заримдаа эхний хэлэлцүүлгээр л батлагдчихдаг. Тэр богино хугацаанд бид бас ажлаа зохицуулах шаардлага гардаг. Бид чуулганы завсарлагаар дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлаар хийх судалгааны ажлуудаа судалгааны хэсгүүдэд хуваарилдаг. Тэгээд гишүүдээс судалгааны захиалга ирсэн ч бай, үгүй ч бай манай судлаачид тухайн асуудлуудыг бэлдээд, мэдээллийн баазаа бүрдүүлээд ажиллаж л байдаг. Захиалга ороод ирвэл шууд багийн зохион байгуулалтад ороод богино хугацаанд гүйцэтгэх нь чухал. Бидний ажлын хамгийн гол хэлбэр нь багийн судалгаа. Манай судлаачид одоо багаар ажиллаж сурч байна. Өөрөөр хэлбэл хөрвөх чадвар сайтай болж байна гэсэн үг. Ажилтай ч байсан өөр шинэ сэдвээр захиалга ороод ирвэл “би тийм юм хийхгүй” гэж хэлэх хүн байхгүй ээ. Бүгдээрээ уг асуудал руу ороод л, тал талаасаа хамжаад хийдэг. Тийм учраас манай судлаачид цаг хугацааг бүрэн ашиглаж, маш богино хугацаанд үр дүн гаргадаг аа. Бодлогын судлаач байна гэдэг нь бодлогын түвшинд анализ хийх, тухайн салбарын асуудлаа сайн мэдэх, логик дүгнэлт гаргах зэрэг олон янзын ур чадвар шаардсан ажил. Бид бие биенээ сайн нөхөж ажиллаж чадаж байгаа гэж боддог.

Гишүүдийн туслах, зөвлөхүүдтэй хэр ойр ажилладаг вэ?

УИХ-ын Судалгааны төвд ихээхэн ажлууд хийгдчихээд байгааг гишүүд тэр бүр сайн мэдэхгүй байна. Магадгүй хэрэглээнд ороогүй, дасаагүй байж болно. Тиймээс манай төвийнхний энэ жил өмнөө тавьж буй нэг зорилт бол судалгааны бүтээгдэхүүнийг хэрэглээнд оруулах, хэрэглээг төлөвшүүлэх явдал. Энэ зорилт маань Их хурлын гишүүдээс бас өөрсдөөс нь шалтгаална. УИХ-ын гишүүн гэхээр бүх салбарыг нарийн мэдэж байх албагүй шүү дээ. Харин мэргэшсэн судлаачдын хийсэн энэ ажлуудыг уншаад, тухайн салбарыг ойлгох хэрэгцээ бол их бий.

Бидний хийсэн ажлыг бусад улсын Парламентын Судалгааны албанаас хийдэг бүтээгдэхүүнтэй харьцуулахад зарим талаараа нүсэр гэж хэлж болно. Яагаад гэхээр бидэнд тэгэх шаардлага байна. Ялангуяа Парламент шинээр байгуулагдсаны дараа нэлээд өргөн хүрээнд судалгаа, мэдээлэл гаргаж өгөх шаардлага байна. Манай судалгааны агуулгыг бүхэлд нь харахад онол, практик, бусад орны туршлага, хууль тогтоомжийн хэрэгжилтээс үүдэн гарч байгаа үр дагавар, олон нийтийн саналыг хамарсан байхаас гадна өндөр түвшний математик боловсруулалт хийх ч асуудал байдаг. Захиалагчид бусад улсад яадаг вэ, олон улсын хэмжээнд энэ асуудлыг зохицуулдаг дагаж мөрдөх стандарт юу байна, бусад улсад яаж зохицуулаад хэрхэн хуульчилсан бэ, манайд ямар нөхцөл байгаа вэ, хуулийн хэрэгжилтээс үүдээд ямар үр дагавар гарч байна, олон нийт юу гэж бодож байна, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр энэ асуудлыг юу гэж бичиж байна, шийдэх ямар арга байж болох вэ гэх мэтээр асуудаг. Тийм учраас манай судалгааны онцлог нь их өргөн хүрээтэй. Магадгүй Парламентын бүрэн эрхийн хугацааны эхний хоёр жилд ямар ч байсан ингэж судлах хэрэгтэй юм байна. Түүний зэрэгцээ манай төв ийм бүтцээр ажиллаад удаагүй болохоор судлаачдад өөрсдөд нь аль нэг асуудлаар эхнээсээ ултай суурьтай судалгаа хийгээд авах нь ч чухал юм. Ялангуяа өнгөрсөн оны судалгаануудаа бид нэлээн суурь тал руу нь хандаж хийсэн. Тийм учраас гишүүд манай судалгааг хэрэглэх тал дээр нэлээн анхаарч хэвшүүлмээр байгаа юм. Гишүүд цаг зав багатай, тэр бүхнийг уншиж судлах боломжгүй бол туслах, зөвлөхүүд нь судалгааг ашиглаасай, хэрэгцээтэй үед нь хэрэгтэй мэдээллийг нь гишүүндээ хэлж өгч байгаасай гэж боддог. Одоо УИХ-ын гишүүд зөвлөхтэй болно гэж байгаа. Гэхдээ нэг хүн ажил хийх, мэргэшсэн судалгааны баг энэ ажлыг гүйцэтгэх хоёр огт өөр. Бидний гаргаж өгсөн үндсэн материал дээр зөвлөхүүд сайн ажиллаад, энгийн үгээр гол мэдээлэл, дүгнэлтээ гаргаад өгөх чадвартай байвал зүгээр. Цаашдаа бид хангалттай мэдэллийн баазтай болохын хэрээр судалгааны бүтээгдэхүүний хэлбэр, стандартыг тогтоож, аль болох товч хураангуй байдлаар гаргаж өгөх боломжтой. Ер нь манай үйл ажиллагаа Парламентын судалгаа, мэдээллийн үйлчилгээний стандартад аажмаар нийцэж улам боловсронгуй болох учиртай.

Захиалга тодорхой байх ёстой

Танай судлаачид их ачаалалтай ажиллаж байх шиг санагдлаа?

Үнэхээр ачаалал ихтэй байдаг. Сүүлийн үед ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Бусад улсын Парламентын гишүүд судлаачидтайгаа ч их ойр ажилладаг юм билээ. Харин манай гишүүдийн онцлог юм болов уу нэг том асуудлын хүрээнд судалгаа хий гэдэг. Тэр том асуудлын яг юуг нь анхаарч, аль өнцгөөс нь судлах ёстойг тэр бүр тодорхой болгож өгөхгүй явдал байна. Гишүүдээс ирэх захиалга сүүлийн үед нэмэгдэж байна, судлах асуудал нь ч өргөн. Арга ч үгүй биз дээ. УИХ-ын хавар, намрын чуулганы хугацаанд улс орны хувьд амин чухал олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ бүхэнд Тамгын газраас туслах, мэдээлэл судалгааны үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй учраас бид хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байдаг аа. Гэхдээ үнэнийг хэлэхэд одоогийн байгаа нөөц, боломжийн хэмжээнд бүх асуудлыг зохицуулна гэдэг хүндрэлтэй. Сүүлийн үед хуулийн Ажлын хэсгүүд, Тамгын газрын бусад алба, хэлтсийн захиалгаар ч судалгаа хийж байна. Цаашдаа УИХ-ын гишүүдийн зөвлөхүүд захиалга өгөөд эхлэх юм бол бид энэ бүрэлдэхүүнээрээ үнэхээр дийлэхгүй л дээ. Манай судлаачид орой 19, 20 цагаас нааш гэрийн бараа хардаггүй. Хагас, бүтэн сайнд ч суух нь бараг ердийн үзэгдэл. Захиалга энэ янзаараа нэмэгдэх юм бол нэг бол орон тоо нэмэх, эсвэл захиалгыг журамлах асуудал гарах байх.

Хэдэн судлаачтай вэ?

Судлаач 18, шинжээч 4, ахлах шинжээч 5 бий. Номын санд 4 ажилтан, нийтдээ 32 хүн байгаа. Манай судлаачдын 60 орчим хувь нь 30 хүртэлх насны залуус. Ахмад туршлагатай судлаачид ч бий, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад ажилласан туршлагатай залуучууд ч бий. Эрдмийн зэрэг, цолтой 6 хүн байна. Ахмад судлаачид маань туршлагатай, харин залуучууд маань орчин үеийн мэдлэг чадвартай, мэдээллийн бааз ашиглах, хурдтай, ачаалалтай ажиллах чадвар эзэмшсэн хүмүүс. Манай хамт олон одоо ажлынхаа арга барилыг олоод багаар маш сайн ажиллаж байна.

Тогтвортой ажиллах нөхцөл нь ямар байна вэ?

Тангараг өргөсөн төрийн албан хаагч болохоор харьцангуй тогтвортой ажиллах ёстой. Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн статустай, референтийн зэрэглэлээр цалинждаг. Цалин харьцангуй бага. Манай судлаачид үнэхээр сэтгэлээрээ ажиллаж байгаа. Ачаалал их хэдий ч ажилдаа, судалгааны орчиндоо бүр орчихсон, хамтын олны уур амьсгал их сайхан, нэг тийм л хүмүүс байдаг юм. Гэхдээ цаашдаа өндөр мэргэжлийн мэргэшсэн судлаачдыг тогтвор суурьшилтай ажиллуулъя гэвэл цалин хангамж, ажлын нөхцөлийг нь бодолцох л учиртай.

Ажилтнуудаа чадавхжуулах чиглэлээр юу хийж байна вэ?

Судлаачдаа чадавхжуулах тал дээр өнгөрсөн хугацаанд нэлээд зүйл хийсэн. Бүх судлаачаа гадна, дотны байгууллагуудаас зохион байгуулж байгаа хурал семинар, хэлэлцүүлэгт оролцуулдаг. Аль болохоор л судлаачдаа өргөн мэдээлэлтэй болгохыг чармайдаг. Гадагшаа нэлээн явуулж туршлага судлууллаа. Аливаа судалгаа хийхэд хэлний мэдлэг их чухал. Тиймээс хэлний чадавхийг нь сайжруулахад нэлээн анхаарч байна. Бодлогын судалгааны арга зүйгээр, мөн тухайлсан салбараар хүмүүсээ мэргэшүүлэхийг зорьж, өөрсдөө бас бодлогын судалгааны арга зүйн зөвлөмжүүдийг гаргаж, сургалтууд зохион байгуулж байна, бусад орны Судалгааны албадын туршлагыг ч нэвтрүүлж байна.

АНУ-ын Конгресст гэхэд л зөвхөн төсвийн судалгааг бүтэн жил дагнаж хийдэг том баг ажилладаг юм билээ. Манайд хэдийгээр эдийн засгийн судалгааны баг байдаг боловч цаашдаа ялангуяа төсвийн болон макро эдийн засгийн шинжилгээний асуудалд илүү анхааръя гэсэн бодолтой байгаа. Парламент төсвийн асуудлаар өөрийн гэсэн судалгаа дүгнэлттэй байя гэвэл яг энэ чиглэлээр бид нэлээд өндөр түвшинд бодлогын чанартай судалгаа хийх, төсвийн болон макро эдийн засгийн шинжилгээгээр мэргэшсэн баг ажиллуулах шаардлага бий. Эконометрикс буюу эдийн засгийн математик загварчлалаар бэлтгэгдсэн сайн боловсон хүчин байлаа гэхэд өндөр цалин, хангамжтай газар л ажиллана шүү дээ. Мөн батлан хамгаалах, аюулгүй байдал хариуцсан мэргэшсэн судлаач ч хэрэгтэй. Парламентад зориулж зөвхөн нууцын зэрэглэлтэй материал дээр ажилладаг, судалгаа хийдэг ажилтан ч байдаг л юм байна. Шуурхай мэдээлэл, лавлагаан дээр ч орон тооны ажилтан дутагдалтай, номын сангийн дөрвөн хүн маань хаанаа ч хүрэхгүй л байна.

Шинжээчдийн хувьд арай илүү аналитик түвшний ажлууд хийх ёстой. Судлаачид бол ресурс тал руугаа хайлт хийх, мэдээлэл боловсруулах үүрэгтэй гэх мэтээр ялгаа заагтай л байх ёстой. Гадаадад эксперт гэхээрээ тухайн салбараараа маш сайн мэргэшчихсэн шууд л асуултад хариулдаг хүмүүсийг хэлдэг шүү дээ. Шинжээчид судлаачдаас илүү туршлага хуримтлуулсан, оюуны дүгнэлт хийх чадвартай байх ёстой.

Чиг үүргийн журам мөрдүүлэх нь чухал

УИХ-д өдөр тутмын үйлчилгээ үзүүлэх чиг үүргээ танай алба хэрэгжүүлж чадаж байна уу?

Ерөөсөө энэ Судалгааны төв л бүх судалгааг хийх ёстой, хийдэг гэвэл өрөөсгөл ойлголт. УИХ-ын Тамгын газрын бүх алба, хэлтсүүдэд судалгаа, мэдээлэл, лавлагааны чиг үүрэг бий. Гэхдээ өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Манайх хараат бус, өргөн хүрээтэй мэдээлэл судалгааг гаргаж өгч байхад, Байнгын хороодын зөвлөх, референтүүд нь түүн дээр нь ажиллаж ялангуяа хуулийн концепц боловсруулах, бодлого тодорхойлоход нь дэмжлэг үзүүлж зөвлөдөг бол хуулийн хэлтсийн зөвлөх, референтүүд судалгаан дээр үндэслэн хуулийн томьёоллыг бэлтгэж өгөх, хуулийн хэлбэрт оруулахад нь туслах гэх мэтээр ажилладаг.

Судалгааны алба бол илүү том асуудал руу гүнзгий орох, бодлогын хувилбар дэвшүүлэх, бодлогын шинжилгээ хийх зэргээр ажиллана. Тийм учраас ажил үүргийн заагийг тодорхой болгосон журам гаргаж байгаа. Өнгөрсөн оны хувьд бид захиалагч нь хэн ч байлаа гэсэн бүх захиалгыг биелүүлэхийн төлөө л хамаг хүчээ шавхсан. Бид яагаад тийм байдалд хүрсэн гэхээр эхний үед Судалгааны төвийн үйл ажиллааг нийтээрээ сайн ойлгохгүй байлаа шүү дээ. Гишүүд өөрсдөө ч сайн ойлгохгүй, бараг ийм нэгж байхын хэрэг бий юү гээд төсөв танаж хасах үед янз бүрээр ярьж байсан. Бас Тамгын газрын орон тоог хасах үед манай 10 гаруй ажилтныг цомхотгосон шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр ч бидний хийж байгаа ажлыг сайн ойлгоогүй хэрнээ шүүмжлээд л бичээд эхэлсэн. Тиймээс энэ ажлын асар их хэрэгцээ шаардлага байгааг ажлаараа л харуулъя гэсэн бодолтойгоор бид ажилласан.

Одоо бол судалгааны ажил чухал юм, хэрэгтэй юм байна гэдгийг хаа хаанаа ойлгож байх шиг байна. Гэхдээ дэмжье, томруулъя, хүрээлэн болгоод тусад нь гаргая гэсэн яриа гараад л ирж байх жишээтэй. Гэтэл Парламентын Судалгааны төв гэдэг чинь бие даасан хүрээлэн биш ээ, энэ бол Тамгын газраас Парламентад үзүүлдэг үйлчилгээ гэдгийг бусад улсын Парламентын судалгааны албадын жишээ хэлээд байхад өмнө нь янз бүрээр байгуулж амьдрал дээр туршиж үзсэн хэрнээ яриад байгаа нь ойлгомжгүй байдаг. Парламент хэр зэрэг чадавхитай байна, хэр зэрэг мэдээлэл дээр тулгуурлаж үндэслэл тооцоотой хууль баталж байна гэдгийг тодорхойлдог, зайлшгүй хэрэгцээтэй нэгжийг ингэж олон дахин нааш цааш болгох нь зохимжгүй гэдгийг ойлгох цаг болсон. Парламентын өөрийнх нь бүтцийн нэгж байж, шийдвэр гаргагчдад хамгийн ойр, хууль хэлэлцэх процесст үйлчилж тусалдаг шуурхай мэдээлэл, судалгааны ийм нэгж үр дүнтэй ажиллах ёстой гэдгийг мартаж болохгүй. Засаглалын дээд түвшинд бодлогын судалгаа хийдэг think thank байгууллагууд, бие даасан бодлогын судалгааны хүрээлэнгүүд байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ ийм байгууллага олноор, идэвхтэй ажиллаж байвал бидний ажилд их л тус болохсон. Сүүлийн үеийн хандлагаас харахад хөгжиж буй орнууд бараг бүгд ийм нэгжийг Тамгын газрынхаа бүтцэд байгуулж, үүнд нь донор орнууд дэмжиж туслах хандлага байна.

Конгрессийн Судалгааны албаны зохион байгуулалт ямар байдаг вэ?

Зөвхөн судалгааны захиалга авах, шуурхай лавлагаа, мэдээллээр үйлчлэх танхим нь манай судлаачдын сууж байгаа энэ танхимаас хэд дахин том юм билээ. Мэдээлэл хайлтын систем сайтай, цахим номын сан, номын фондтой, судлаачдын ойрын номын фонд дундаа суугаад ажлаа хийдэг байх жишээтэй. Манайх иймэрхүү зохион байгуулалттай ч гэсэн санасан хэмжээнд хүрч ажлын нөхцөл бүрдэж чадахгүй байна. Яваандаа улам сайжрах биз дээ. Манай хувьд Тамгын газрын зүгээс нөөц боломжийн хэмжээндээ сайн дэмжиж байна. Ажлын нөхцөл боломжийн, танхимын зохион байгуулалттай. Багаар ажиллах, хамтарч ажиллах, бие биедээ хяналт тавихад энэ зохион байгуулалт маань тохиромжтой, ажлын үр дүнд ч сайнаар нөлөөлдөг.

Чуулганы завсарлагаанаар та бүхэн ямар асуудлуудаар судалгаа хийж байна вэ?

Бид чуулганы завсарлагаанаар дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлуудаар төлөвлөгөөт судалгааны ажлаа амжуулж хийдэг. Одоогийн байдлаар хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдэд холбогдох судалгааны сэдвүүдээ гаргаж, хэсгүүдэд нь хуваарилан өгч мэдээллийн баазаа бүрдүүлж байна. Бидний нэлээн хүч тавьж байгаа нэг асуудал бол УИХ-ын дарга Д. Дэмбэрэлийн захиалгаар хийж байгаа Монгол улсын эдийн засаг, санхүү, бизнесийн харилцааг зохицуулж буй 100 хуульд концепцийн шинжилгээ хийх захиалгат ажил байгаа. Захиалгын дагуу бид төсөв, татвар, ашигт малтмал, банк санхүүгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгжийн тухай хууль, иргэдийн өмчлөл, өмчийн харилцаа, газрын харилцаа, болон бусад харилцааг зохицуулж буй бүх хууль тогтоомжийн концепцийг бодлогын түвшинд нэгдсэн байдлаар дүн шинжилгээ хийх, хууль хоорондын уялдаа, эдийн засгийн орчны эрх зүйн зохицуулалтын төлөв байдлыг тодорхойлох ёстой. Энэ судалгааны дүнг бид эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэн, бизнесийн хүрээнийхэнтэй хуваалцах, тэдний санаа бодлыг авах бодолтой. Өнгөрсөн үедээ дүн шинжилгээ хийж ирээдүйгээ зөв тодорхойлоход энэхүү судалгаа системтэй мэдээлэл болно байх аа. Мөн төмөр замын бодлогын асуудал, таваар түүхий эдийн бирж, хот тосгоны эрх зүйн байдал, агаарын бохирдлын асуудал зэрэг олон асуудлаар судалгаа хийж байна.