Говьд тэмдэглэсэн төрсөн өдөр

2010 оны 8 сарын 11

 

Говь шанхын домог төрөхөөс яах билээ, энэ нутагт. Үзүүр хязгааргүй говь нутаг энгийн бус. Ёох, нүд амарлаа. Таана хөмүүл зүгээр нэг ханхийсэнгүй, махбодийг сэргээн тэнхрүүлэх мэт. Өрмөн хүрмэн уулс хэзээний танил лугаа сундалдаж үзэгдэнэ. За сайн уу, би дахиад ирлээ дээ.
Өнгөрсөн зун бор хүрэн “Ниссан”-тай хөндлөн гулд давхиж явсан тал намайг тосон угтав аа. Шарга гандуу өнгө нь сэргэжээ, сайхан зуншлагатай байна аа, янз нь. Барааны газраас бүр чанадад, хязгааргүй алсад, зөвхөн сэтгэл бүтнээр нь харж чадах тэртээд үрчгэр хүрэн уулс Та өтгөн дүнсгэр хөмсгөө өргөн намайг харав уу. Хараа шалгах гэж ирлээ. Нэг сайхан уужим амьсгалчихъя байз. Энд сэтгэл тогтоно гэдгээ сайн мэднэ. Ингээд бүр өмнийг зорин дахин давхилаа.

Даланзадгадын жолооч хурдтай жирийнэ. “Яарах юу байх вэ хө” хэмээн жолоочийн яарууг замын анд маань аядуулав. Цогтцэций сумын төв хүрэх 90 гаруй километрт миний гэдэс дотор хэзээний л сэгсчүүлчихсэн явах ба энүүхэн хооронд гаатай чихэр амнаасаа салгахгүй ядруу зорчигч мөн дөө. Тэглээ гээд өмнийн хязгааргүй эрх чөлөөт замыг хүсэмжилсэн хэвээр.
Нутгийн жолооч баримжаа алдав уу яав, сумын төвийг тойруудуу таамаг баримжаагаар олов. Их гэрлэн урсгалаар нь Цогтцэцийг танилаа. Нийслэл хот ч биш, том суурин гэх зүйлгүй атал Цэций алсаас гэрэлтэж байна. Говийн шөнө баримжаа болох мөнгөн цагаан тусгал тэртээгээс хань бараатай. Нутгийн зон маргааш өглөө наадмаа хийх юм. Улсын баяр наадмын талбай руу залхуураад хүрдэггүй хүн ингээд сумын бага наадмыг сонирхох хүсэлдээ автах чинь.
Азарга, их нас, дааганы уралдаан говийн бөмбөгөр өглөөтэй зэрэгцэн тоос татууллаа. Хур ахиутай зуны зураглал дунд морьдын тоос ч хамжааргатай. Сөөсгөр даага аахилах вий гэсэн юм болов уу, говийн тэнгэр жартгар нарыг жаал далдалж, өрөвгөр саарал үүлсээр сэрүүцүүлэв. Энэ жаргал ч их удахгүй дээ хэмээн бодов уу үгүй юу, үдээс хойхно наран авхай шанхын говийн хэмээр шарсан билээ. Говь шанхын уртын дуу тэрхэн мөчид шуранхайлж, айраг уух ямар сайхан байв аа. Нутгийн өвгөд дуу авахдаа амархан. Зэрэгцэн суунгаа хултай айраг барьчихсан, чи би гэх дохио зангаа үл хэрэглэн, бодол дундаа ая өргөдөг. Бодол дагасан борхон аялгууг говь шанхын шуранхай гэх агаад энэхэн нутгийн гайхамшиг, хоолойн чадал шалгасан жинхэнэ үзүүлбэр юм. Биднийг ирдэг өдөр шанхын шилдэг дуучийг шалгаруулжээ. Цэций нутгийнхан дунд 96 настай эмээ шуранхайлж, эдний үр ач нар даган түрж байсан аж. Тасалж хэзээ ч гээдэггүй ахуй гэж энэ. Ердөө гуравхан дуу байдаг, говь шанхын аялгуу хэмээх нь. Тэглээ гээд дуулаач болгон өөрийн ур нугалаа, унаган тамираар нутгийн гурвыг илэрхийлэх ба тэдгээр гайхамшгийн дундаас өрөм мэт дээж нь тодордог болой.
Хатуу өвлийг цэцийчүүд давсан юм. Нийт мал сүргийнхээ талаас илүүг цагийн бэрхэд алдсан нутгийнхан өнөөдөр хуртай зуны таана хөмүүлд сэтгэл жаал тайтгарчээ. “Байгаль дэлхий уучлалт гуйж байгаа юм аа” хэмээн танил маань говийн ногоон талыг хараад өгүүлэв. Шанхын ардууд дуутай, элдэвтэй. Үг хэл цэцэн. Хурдан удамтай. Хамгийн гол өөрчлөлт нь хөдөлмөрч, ирээдүйдээ итгэлтэй болсон харагдана. Энэ нутагт их гэрлийг дагаад том бүтээн байгуулалт өрнөж байна. Монголчууд өөрсдөө анхны Цахилгаан станц байгуулж эхэлжээ. Талын дунд гэнэт сүндэрлэсэн тэрхүү аварга байгууламжийн барилга дээр зөвхөн монголчууд ажилладаг. Тэдний дунд нутгийнхан олон. Цэцийн гэрэл эндээс эхлэх ба монголчуудын босгосон анхны станц гэдгээр түүхэнд үлдэх ажил юм. Улаанбаатарын дулааны IV станц 40 Мвт-ын хүчин чадалтай гэдэг ба Цэцийн станц 18 Мвт. Хүчин чадлыг нь цаашид нэмэгдүүлэх боломжтой.

 

Наймантын хөндий хэмээх шавар пургисан талаас хоолой татан, их усан сан байгуулж байна гэвэл үнэмших хүн ховор. Асар том сан юм. Ёроолдоо гялгар уутан хучлагатай гэж бичилтэй нь биш, ерөөс Цэцийд өрнөж буй бүхнийг зүгээр л нүдээр харах ёстой юм. Хачирхалтай нь зөвхөн монгол инженерүүдийн толгойгоор “гялгар уутан хучлага” гэх мэт санаанд багтамгүй зүйлсийг хийж байна. Мундаг л бол гадаадынх биш болжээ. Чаддаг хүмүүс нь монголчууд өөрсдөө байх аж.

Цэций нутгийнхан итгэлтэй амьдрах болсны учиг энд орших биз ээ. Сумын төв хажуудаа нисэх буудалтай. Нэгэн цагт мартагдсан говь нутгийнхан ингээд дэлхийн стандартын зах зухаас дэрлэж амьдрах болов. Унаган зан төрх эвдрээгүй байгаа нь сайшаалтай. Хажуугийн Ханбогд суманд “Оюутолгой “төслийг дагаад мөнгө нэхдэг хачин уур амьсгал нэг хэсэг газар авсан санагдана. Орон нутгийнхны хөлд “Оюутолгой” төслийнхөн суусаар байгаад авир занг нь бэлэнчлэх, нөхөн төлбөр нэхэх санаа суулгасан. Харин хажуугийн Цогтцэцийд ардууд ажил хийвэл ам тосдоно хэмээсэн ерөнхий уур амьсгалтай болжээ. Ирээдүйдээ итгэлтэй ч болоо биз. Нэг өдөр яваад өгөх гадны хөрөнгө оруулагч бус, монголчууд бүтээн байгуулалтаа өөрсдөө хийж, говийн түнэр шөнийг гэрэлтэй, нутгийн ажилгүй залуусыг зорилготой, хилийн цаадах хятад наймаачдыг дандаа царайчлах явдалгүй, өөрийн гэх бизнес орлоготой болгож байна. Энд дусаасан хөлсний амт унаган нутагтаа шингэнэ. Жолооч, үйлчлэгч гээд хөрслөг бор залуус гололгүй ажлын гараагаа эхэлжээ. Чадвартай зарим нь цааш мэргэшин ажиллаж байна.
Одод бүчсэн хилэн хар тэнгэрийн дор аялгуу түглээ.
Сар шиг холын газраа дасахгүй гээд яах вэ

Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ

Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ

Зоргоороо орхисон нутгаа санахгүй гээд яах вэ… “Харанга” бодлын тэнгис цалигиулж, Монголын буйдхан сум газар, энд амьд хөгжмийн сайхан үдэш эхэллээ. Цэцийн залуус нэг хором ам хамхисангүй ээ, шанхын дууч удмынхны хэрэг юусан билээ, нутгаа гэсэн аялгуу болгоныг хүчлэн түрж байлаа. Лав энэ сумынхан хот хүрээ бараадаж хэзээ ч дайжиж явахгүй болж дээ гэсэн бодол тэр зуурт төрсөн юм.
Өглөө ээжийнхээ мөөмийг хөхөж байгаад уралдааны замд гарсан хэдэн сөөсгөр даага шиг эргэж буцах зүйлтэй ард олон ийн дуулж зогсоно. Дараа нь таанцаллаа. Шогшоо, хип хоп янз бүрийн “стийл жаанраар” үзэж байна аа. Амралтын өдөр алжаал нэг тайлах шиг болов. “Уулан дээрээ унагалсан ухаагч гүүний унага юм аа хө…” хэмээн хийлч Дээгий үлгэрийн бүсгүй шиг намирсан торгон аялгуу түгээлээ. Төдөлгүй Жанцанноровын “Сэтгэлд шингэсэн говь” дуурсч, бүлээн элсэнд уусан, эх орон таныг зүрхэнд мэдрүүлэх аж. Яаж тэсэх билээ, Гүрбазар гавьяат гүйхээрээ гарч ирээд “Монголоороо би гоёдог оо…” гээд дуржигнуулав.
Дааганд зориулсан 15 километрийн уралдааны зам ахадсан юм шиг надад санагдсаар байлаа. Анх удаа морь дагаж үзсэнээс тэрүү азарга, их нас бүгдийг нь л өрөвдөв. Яасан ч холын замд хүчийг нь сорьдог юм. Нас бие гүйцэгсэд нь бүр 25 километрт суналзтал давхих юм. Өглөө төрсөн тэр сэтгэгдэл үдэш бүр оргилж, уралдааны замаас ирүүт ээжийгээ дахиад хөхсөн хоёр настай хонгор даага нүдэнд харагдлаа. Говьд тарьсан суулгацууд бас л хоёр настай гэнэ.Тогдгор суулгацуудтай ногоон талбай энд нэмэгдсээр байна. Шанхын говь шарга бус, алаг цоог ногоон зүстэй болох биз ээ. Хамт нэг өрөөнд орсон бүсгүйчүүдийг урлагийнхан гэж сонссоноос л цаашгүй. Харин одот тэнгэрийн дор нөгөө ердийн хүүхнүүд ер бусын гоёмсог даашинзтай гарч ирээд тэнгэрийн гэмээр хоолойгоор,

 

Үлэмжийн чанар төгөлдөр

Өнгө тунамал толь шиг

Үзэсгэлэнт царайг чинь

Үзвэл лагшин төгс маань

Үнэхээр сэтгэлийг булаанам, зээ хэмээлээ.

 

Энэ дуу говийнхонд их таалагджээ. За, ёстой сайхан хэмээцгээнэ. Тэгсэн атлаа дахиулна гэж мэдэхгүй, цагаан даашинзтай үлгэрийн бүсгүйчүүдийг алдаж орхино.

 

Найраг эгшгийн тэнгэр болоод

Намайг дандаа агуулаад байхаараа гэх үест маангаа эхлэв ээ. Зулай нимгэн говийн хөрс маангааны хөл доор жаал шороо бужигнуулсан боловч дажгүй ээ. Харанхуйд тоос шороо харагдах ч биш. Хотоос ирсэн сурвалжлагч хойно бүжиглэдэг л биз гэж Мөнхбат ах намайг төсөөлөө л дөө. Өглөө морь тайлбарлаж, өөрөө их нас уядаг, дуулдаг хуурддаг, бэлэн цэцэн үгтэй Мөнхбат ахтай өнгөрсөн зуны урт аялал дунд анх танилцсан билээ. Авьяасаар дүүрэн нутгийн ах толгой сэгсэрч эхэллээ. “Ишшш, үгүй мөн муу бүжиглэдэг хүн ээ” гээд намайг эрс голж байна. Товшоо гэнэ үү, шогшоо гэлүү тэр туулай шиг дэвхэрдэг бүжиг хэцүү еэ. За зүгээр ээ, миний сэтгэл өндөр байхад шогшоогийн шүүмжлэл дороо мартагдав. Heу, өнөөдөр миний төрсөн өдөр шүү дээ. Өглөөнөөс үдэш буутлаа хэдэн километр давхисныг бүү мэд. 260 километр замыг мөн л монголчууд өөрсдөө байгуулж байлаа. Түүнийг үзчихээд нүүрс угаах үйлдвэрийн аварга бүтээн байгуулалт харсан. Монгол улсын хувьд ийм төрлийн үйлдвэрийн бас л эхний шанг татаж байна. Бүгд ондоо багтан ашиглалтад орох төлөвлөлттэй. Цэцийд ажил буцалж, нутгийн залууст залхуурах зав алга. Ер нь Тавантолгой орчмын бүтээн байгуулалтад монголчууд өөрсдөө тэргүүлэн оролцож байгаа нь ард олны сэтгэлгээ болоод амьдралыг болгож бүтээх эрмэлзэлд дууджээ.