2012 оны 11 сарын 12
Хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчдэд МИАТ-ийн 49 хувийг хувьчлах шийдвэр тун удахгүй Парламентаар хэлэлцэгдэж, ногоон гэрлээр батлагдах магадлалтай болжээ. “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого” нэртэй бодлогын баримт бичгийн хаялганд энэхүү шийдвэр төд мөдгүй гарах ажээ. УИХ дахь Байнгын хороодод асуудал хяналтгүй батлагдаж буй шуурган дундуур төрийн бодлогын бас нэг баримт гарах гэж байгаа нь энэ. 2013 онд хувьчлах объектийн жагсаалтад мэдээж МИАТ ороогүй. Харин Засгийн Мөрийн хөтөлбөрт хоёр өгүүлбэрээр багтсан.
Үндэсний агаарын тэээвэрлэгчийн 49 хувийн хувьчлалыг шийдэхдээ энэ салбарт өрсөлдөөн бий болгох, салбарын мэргэжилтнүүдийн эрх ашгийг хамгаалах, гадаадын аль нэг компани давамгайлах урьдач нөхцөл бэлдэж өгөхгүй байхаар уг хувьчлалын арга механизмыг олон нийтэд нээлттэй зарлаж гэмээнэ бодлогын баримт бичгийг Парламентаар батлуулах ёстой юм. Эс бөгөөс 2013 оны Төсвийн хууль баталсан жишээ давтагдах гэж байна.
Монгол улс Төсвийн эрхзүйн шинэтгэлийг хийж, хөтөлбөрөөр нь төлөвлөсөн төсөв баталдаг болсон. 2013 онд анхны ийм ухаалаг төлөвлөлт хэрэгжих ёстой байсан. Харин УИХ-ын өнгөрсөн долоо хоногт баталсан төсөв нь хуулийн шинэчлэлээ хэрэгжүүлж чадаагүй, нэр заасан хөтөлбөргүй, нэг ёсондоо бүхэл мах юм. Дараагийн бүхэл мах нь таван тэрбум ам. долларын бонд. Хөгжлийн банк буюу Засгийн газар өөрөө энэ бондод баталгаа гаргана гэдэг нь Монголын баялгийг, монголчуудын төсвийг барьцаалсан зээл. Тиймээс энэ их хөрөнгийг үр ашигтай төсөл хөтөлбөрт өгч байгаа эсэхийг татвар төлөгчид хянаж байх учиртай. Таван тэрбум ам. долларыг 1800 километр төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулах бас нэг авангард тооцоог давхар сурталчилсаар байна. Чойбалсан-Находкаг дамжуулан, хөлдүү Сибириэр Монголын нүүрс ачсан галт тэрэг суналзан одох зураглал бий. Холдон одох тэрхүү тогоруун цувааны зэрэглээн дунд “Эрдэнэс Тавантолгой” компанийг эдийн засгийн эргэлтэд оруулах мөрөөдөл хамт замхарч буй юм. Дэд бүтэцгүй “Эрдэнэс Тавантолгой”-д хөрөнгө оруулах баячууд олдохгүй. Лав 1800 километр төмөр замыг тавьж дуустал 3 жил хүлээх командыг ноён Я. Батсуурь авсан бөгөөд одоохондоо тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” –н хэдэн дарга цэргийг ээлж дараалан халж солих ажилтай суугаа аж.
2013 оны төсөвт хөрөнгийн захаас болон концессийн гэрээгээр орж ирэх хөрөнгө оруулалт огт тусгагдаагүйг харвал Засаг бондоороо болгоно, баяжна гэж шийдсэн бололтой. Дэлхийн эдийн засаг таагүй үед Засгийн бонд эрэлт муутай байх вий, тооцсон дөрвөн хувиасаа өндөр хүүтэй гарав зэ гэсэн болгоомжлол ноён Алтанхуягт үгүй байх шиг. Хөрвөх бонд байвал зүгээр гэх мэт хувилбар ч ярьсангүй. Нөөц буудалгүйгээр нисээд үзэхээр шийджээ. Шинэ оны төсвийн том онцлог нь эдийн засаг дахь төрийн оролцоо эрс нэмэгдэхээр байна. Уг Чавесын замаар явна уу гэлтэй, хаана, торгоно, лицензийг нь хураана гэх дарамт ил цагаан болжээ. Зөвхөн төсвийн хөрөнгө оруулалт, төрийн баталгаат бондын мөнгөнд дулдуйдсан, хувийн хэвшлийн идэвхтэй үйл ажиллагааг боомилсон бодлого батлагдсаар байна. Сүүлдээ гурилын үнийг барина, нефтийн дэлхийн зах зээлийн үнийг Монголын Засгийн газар тодорхойлно гэж томорч эхэллээ. 2008 онд Ерөнхий сайд С. Баяр яг нэг ийм дарангуй ааш аягтай байж, бөөрөнхий талхны үнийг даруй 60 төгрөгөөр хямдруул, архины үйлдвэрийн дэргэд улсын байцаагч гурвыг суулга хэмээн сүржигнэж байж билээ.
-Улсын гурван байцаагч архины үйлдвэр болгоны дэргэд суух хэрэг үү хэмээн асуухад , өмнөөс
-Тоог нь нэмэх ч боломжтой гэж их л сүртэй хариулсан юм даг. Одоо энэ шоглоомыг Ардчилсан намын Засгийн газар давтаж, бизнесийнхнийг далласан газар гараад ир, далайсан дор алга бол хэмээн дарамталж эхэлсэнд туйлаас харамсч байна. Эдийн засагт хэрвээ төрийн оролцоо нэмэгдэж буй бол түүний үр дүнг “хүртээмжтэй байдал” хэмээх үзүүлэлтээр хэмждэг. Иргэдэд эдийн засгийн өгөөж хүртээмжтэй болсон эсэхээр Засагт дүн тавьдаг гэсэн үг. Тэгвэл Монгол улсын эдийн засаг дахь төрийн оролцоо жил ирэх тусам нэмэгдсэн атлаа иргэнд улам бүр хүртээмжгүй болсоор байгааг амьжиргааны түвшний үзүүлэлтүүд хэлээд өгнө. Ардчилсан намын Засгийн газар ажил орлогоор нь дамжуулан иргэддээ хүртээмж өгөхөөр төлөвлөж буй гэх боловч ажлын байр бий болгодог компаниудаа нэг нэгээр нь намнах аян өрнүүлж, үнэ ханшийг өөрөө хөөргөдөж өвчигнөх нь гунигтай яа.
Сүүлийн жишээ нь НИК, Петровис компаниудыг онилсон дайралт. ОХУ-аас манай улс ирэх сард ямар хэмжээний шатах тослох материал импортлох квотыг Газрын тосны газрын дарга нар хойно очиж тохиролцдог. Тэр дүнд нь таарсан шатахууныг хилээр оруулах, жижиглэнгээр хүргэх сервисийг үндэсний хэдэн импортлогч эрхэлдэг. Харин дэлхийн зах дээр нефтийн үнэ өсвөл, ОХУ-ын хилийн үнэ нэмэгдвэл хуучнаар Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд, одоо Уул уурхайн яаман дээр импортлогчид цуглаж яамны түшмэдийн амыг харан харилцан санал солилцдог уламжлалтай. Одоо ч ийм байгаа, хэдэн жилийн өмнө ч тийм л байсан. Тэгэхээр үгсэн хуйвалдагчдын тоонд Уул уурхайн яам өөрөө, эсвэл мөнөөх үнийн хурал өрөөнд нь болсон дарга оролцож байна гэсэн үг. Ийм бэрхшээлийг ойлгох газартаа ойлгож, хамгаалах хамтарсан арга хэмжээ авахыг боддог. Тухайлбал Монголбанкны удирдлага санаачлан “Стратегийн бүтээгдэхүүний санхүүжилтийн схем” гаргасан. Ядаад нэг улиралд шатахуун импортлогчид тогтвортой үнээр худалдан авалт хийх боломжийг тэрхүү схем нээж өгч буй юм. Энэ бол импортлогчдод тал зассан явдал биш, харин төрийн аль ч байгууллага бодож сэтгэх ёстой наад захын нааштай алхам билээ.
Засгийн газрууд бизнест тогтвортой орчин бий болгохыг эрмэлздэг. Харин Монголын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан Тогтвортой байдлын, Хөрөнгө оруулалтын, Бүтээгдэхүүн хуваах зэрэг нийт 16 гэрээг найр тавин хийсэн байдаг бөгөөд үндэсний бизнесийнхэндээ ийм боломж олгосон тохиолдол нэгээхэн ч үгүй.
Монголын бизнесмэнүүд гадаадын хөрөнгө оруулагчид шиг татварын хөнгөлөлт чөлөөлөлт нэхдэггүй, тэд хөрөнгө оруулалтаа үр ашигтай байлгах савлагаагүй тогтвортой бодлогыг л төрөөс хүсэмжилдэг. Үндэсний компаниудын бүтээсэн болгон эх орондоо үлдэж, ажлын байр нэмэгдүүлдэг. Гэвч Монголын бизнесмэнүүд алхам тутамдаа улс төрийн дарамт шахалтад өртдөг болоод удаж байна.
НИК ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Халиунбат нефть бүтээгдэхүүний үнэ өсч болзошгүй гэдгийг сануулж ярилцлага өгсөн нь одоо гэмт хэрэгтэн болтлоо буруутгагдаж буйг хараад Монголын төрийн өмнөөс ичиж байна. Зүй нь Засаг өөрөө хажуудаа судалгаа мудалгааны хэсэг байдаг бол ОХУ-ын үнийн хандлага, дэлхийн зах зээлийн урьдач үнийн таамгийг авч Халиунбат захиралтай захиралгүй өөрөө яаралтай арга хэмжээ авч суух ёстой юм. Зах зээлийн бодит байдлыг, эрүүл бизнес ийм зарчмаар явдаг гэдгийг олон нийтэд харин ч ил гарч хэлээд өгсөн Халиунбат захиралд баяр хүргэе. Өмнө нь “Алтан тариа” ХХК-ийн П. Цэнгүүн захирал ингэж зоригтой ярьчихдаг байсан санагдана. НИК, Петровис, ер нь шатахуун импортлогч бусад компанийн удирдлагууд аль ч нам засгийн үед үнэ барих даалгавар аваад нурмайж явсныг мэдэх юм. Жамаараа яваа зах зээлд бүү оролц гээд хэлчих зоригтой захирал цаашдаа олон болог.
Монголын бизнесийнхэн арав, хорин жил босгосон бүтээн байгуулалттай, ачааны хүндийг үүрч явдаг улсууд атлаа төрөөс айж хулчийсан хүмүүс байдаг. 2013 оны төсвийн орлогын 91 хувийг татвараар бүрдүүлнэ. Татвар төлөгч бизнесмэнүүд төсвийн 91 хувийг өгнө гэсэн үг. Тэгсэн атлаа эрх ашгаа илэрхийлчих зориггүй, аль нам сонгуульд ялахыг айж хүлээсэн хөөрхийлөлтэй хүмүүс болж дээ. Саяын сонгуулийн дараа бизнесийн дахин хуваарилалт хийгдэж буй нь илэрхий анзаарагдах болжээ.
Европын хөгжингүй орнуудад татварын ачаалал 40 орчим хувьтай байдаг бол Монголд энэ үзүүлэлт ойрхон гардаг. Европын эдийн засаг бизнесийн таатай орчинд, тухайлбал арилжааны зээл нь 4-5 хувийн хүүтэй газартай ижил хэмжээний татварын ачааг Монголын бизнесийнхэн үүрч явна. Манай улсын татварын бодлого цөөн хэдэн компанийг тал талаас нь мэрэх зарчмаар явдаг, татвар төлөгчдийн эгнээг тэлэх урамшууллын бодлого үгүй. 2012 оны татварын орлого бараг 600 тэрбум төгрөгөөр тасарч буй бөгөөд түүнийг нөхөх даалгаврыг эрхэм байцаагчид авсан, одоо нөгөө л хэдэн компани руугаа мэргэн буугаа чиглүүлсэн сууж байгаа.
Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ унасан, багассан энээ тэрээг тоож байгаа түшмэл үгүй. Нүүрсний экспортын татварыг эвийг нь олдвол нэмэхээр зэхээстэй. Дизель түлшний онцгой татвар огцом нэмэгдэж, байгалийн нөөцийн буюу ус ашигласны татвар шинэ хуулиар нэлээдгүй өсч, нөөц ашигласны татвар нэмэгдсэн, харин нөгөө талд металын үнэ унаж байгааг харьцуулж тооцсон түшмэл үгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн эдийн засгийн үр ашиг холдсоор байх атал ирэх жилийн төсөвт нүүрсний орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тусгасан нь марзан. Нүүрс тээвэрлэх төмөр замыг гурван жилийн дараа хойшоо зүглүүлж нээж өгнө гэсэн атлаа нүүрсний экспортын орлогыг ирэх жил нэмэгдүүлж тооцоолж байгаа нь урагшаа ачааны машинтай зэрэгцүүлээд онгоцоор зөөнө гэсэн санаа юм болов уу. Дэлхийн гангийн үйлдвэрүүд дэргэдээ өөрийн технологиор кокс бэлддэг атал Монголын Тавантолгойн нүүрсийг Сайншандад кокс болгоод Сибирь дамнуулан, арлын орнууд руу ачаална гэвэл замдаа үйрмэг болох биз. Технологи сайн мэддэг манай дарга нар Австрали улс яагаад өдийг хүртэл зөвхөн угаасан нүүрсээ экспортолж баяжсан, гангийн галзуу цогцолбор байгуулж нэрд гараагүй юм бол гэдгийг эрхбиш бодож үзсэн байлгүй дээ.
Монголын татвар төлөгчид шахуу төлөвлөгөө дор орлогоо хураалгаж суугаа бол тэрхүү мөнгөөр цалинждаг төрийн албаныхны урсгал зардал 2013 оны төсөвт өмнөх жилийнхээсээ өссөн дүнтэй байна. Үлдсэнээр нь нийгмийн халамжийн санхүүжилтүүдийг хийх гэнэ. Төр данхайж, бизнесийн бүхий л санаачлагыг өөр дээрээ аван, илүү гарснаараа Ордны гадна жагссан болгоныг тэжээх юм гэнэ. Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид гэх хувийн хохирлоо татвар төлөгчдөөс татаж авдаг хүмүүс Төрийн ордны гадна чангахан дуугарахад Ерөнхий сайд гүйж гарч ирээд асуудлыг нь шийддэг болсон байна.
Баялаг бүтээгчид дуугаа хураажээ. Харин Ордны дотор ба гадна жагсдаг хүмүүс аль аль нь дуу чанга. Мөнгө нь дуусвал татвар төлөгчдийг дахин дарамтлахад бэлэн. Тусгай зөвшөөрлийг нь хураана гээд айлгачихад л гүйцээ…Төрийн мэдэлд хурааж авна аа, чамайг!